2017 онд бусдын гарт амиа алдсан хэргийн мөрдөн байцаагч нь авлига авснаас үүдэж өнөөг хүртэл шийдэгдсэнгүй гэв
2023/10/09
Барс зах дээр хүүгийнх нь аминд хүрсэн хэрэг илрэхгүй зургаан жил болж байгаа талаар хохирогчийн ээж, өмгөөлөгч нар “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийв.
Хүн амины хэргийг мөрдөж байсан байцаагч нь их хэмжээний хахууль авсан нь илэрсэн ч торгуулаад өнгөрсөн гэдгийг тэд онцолсон юм. Хэргийн талаар хохирогчийн ээж Х.Энхтуяа "Хүү маань 2017 оны гуравдугаар сард Барс зах дээр бусдын гарт хорлогдон амиа алдсан. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хэргийг шийдвэрлэж өгсөнгүй. Шүүх, прокурор, цагдаа нар авлига авч, мөнгөний асуудал үүссэн учраас өнөөг хүртэл шийдэгдсэнгүй. Иймээс ч ар гэрийнхнийх нь зүгээс маш их гомдолтой байна. 27-хон настай байхдаа хүү маань өөд болсон. Хэт их авлигажсан улс төр, хууль цагдаагийн байгууллага над шиг олон эхийн нулимсыг гаргадаг байх" хэмээн ярилаа.
Түүний өмгөөлөгч А.Энхбуурь хэргийн нөхцөл байдлын талаар "Хүний амь хохирсон энэ хэрэг шийдэгдэхгүй зургаан жилийн хугацаа өнгөрч байгаа учраас тайлбар хэлье. 2017 оны гуравдугаар сарын 14-нд Барс зах дээр хохирогчийн ганц хүү бусдад зодуулж нас барсан. Яагаад энэ хэрэг одоог хүртэл шийдэгдэхгүй яваа учрыг товч хэлбэл хэргийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан мөрдөгч авлига авч, улмаар прокурор хэрэгсэхгүй болгож, шүүхээс цагаатгасан байдаг. Тодруулбал Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Г.Батсайхан гэгч нь хэргийг анх шалгаж байсан. Гэвч өргөсөн тангаргаа зөрчин хэргийг будилаантуулах эх үүсвэр болсон. Үүнээс үүдэн хяналтын прокурор тухайн хүн амины хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Улсын ерөнхий прокурорт хүртэл гомдол гаргаад энэ хэргийг дахин шалгаж, мөрдөн байцаалтад буцаасан. Гэвч хэргийн нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр цагаатгаж, хэрэгсэхгүй болгосон. Улмаар давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд Шүүхээс хэргийг мөн цагаатгасан.
Ингэж цагаатгах явцад буюу 2018 оны сүүлээр ахлах мөрдөн байцаагч Г.Батсайхан гэгч нь авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан нь илэрч, шалгагдаж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаагчийн авлига, албан тушаалын тусдаа хэрэг шалгагдаад 2021 онд шийдэгдэж, дөрвөн жилийн хорих ял авсан.
Гэвч энэ хэргийг дахин давж заалдаж, хөөн хэлэлцэх хугацаа хожих маягаар мөрдөн байцаалтад буцаасны дараа буюу ноднин дахин Баянгол дүүргийн шүүхээр шийтгэгдэж, торгуулийн ялаар ял нь өөрчлөгдсөн байдаг. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон тухайн мөрдөгч торгуулийн ял шийтгэгдсэн" гэлээ.
Мөн тэрбээр "Хууль, цагдаа, прокурор, шүүхийн шатанд хэргийн нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх, шалгах, үнэлэх асуудалд шударга ёсны үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн талд үйлчилсэн гэдэг нь харагдаж байгаа.
Талийгаачийн гол судасны цүлхэн хагарч нас барсан шинжээчийн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл гол судасны цүлхэн хагарвал хүн хөдөлгөөн хийх ямар ч боломжгүй, газар дээрээ амьсгал хураадаг. Гэтэл талийгаач зоориноос өөрөө алхаж гарсан мэтээр сэжигтэн мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлэг худал гэдэг нь тогтоогдсон байдаг.
Энэ хэргийг эцсийн шатанд хуулийн дагуу үнэн бодит шийдвэрлэхийг хүсэж байна. Цэрэг, хуульч, эмч, цагдаагийн алба хаагч гээд цөөн хэдэн хүн л тангараг өргөдөг. Хэрвээ ахлах мөрдөн байцаагч Г.Батсайхан өргөсөн тангарагтаа үнэнч байсан бол өнөөдөр энэ хэрэг үнэн зөв шийдэгдэх байлаа. Гэтэл хэргийн мэдүүлгийг засаж, камерын бичлэг ч устгасан байсан" хэмээн хэвлэлийн бага хурлынхаа үеэр ярилаа.
Зочин · 2023/10/09
SHAALGN80955877
Зочин · 2023/10/09
AWI S XUCHINDUULI SEKSDX80955877 40DESH