Өмнөд Солонгост хэл сурахаар ирсэн гадаадын иргэдийн 40 хувь нь оюутны визийн хугацаагаа хэтрүүлсэн байгааг өчигдөр тус улсын парламентын нэг гишүүн мэдээлжээ.

Сөрөг хүчний намын төлөөлөл Чо Жүн Хун хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийн талаар тоо баримтыг хууль зүйн яамнаасаа гаргуулж авснаа танилцуулсан байна.

Ингэхэд D-4 ангиллын визээр тус улсад ирсэн 64,904 хүний 39.9 хувь буюу 25,898 нь энэ оны зургаадугаар сарын байдлаар визийн хугацаа хэтрүүлэн хууль бусаар амьдарч байгааг дээрх тоо баримт харуулжээ.

Голдуу хэл сурахаар Өмнөд Солонгост ирэх оюутнууд D-4 ангиллын виз авдаг юм байна.

Улсаар нь ангилбал хууль бусаар үлдэгсдийн дийлэнх буюу 22,760 нь Вьетнамын иргэд, дараа нь Узбекистаны 1,054, Монголын 820 иргэн байжээ.

Хууль бусаар үлдсэн оюутнуудын ихэнх хэсэг хичээлийн хөтөлбөрөө дундаас нь хаясан байгааг Чо мэдээлсэн байна.

Ингэж үлдсэн гадаадын иргэдийн дунд гэмт хэрэг үйлдэх явдал ч түгээмэл байгаа тул сургалтын зориулалттай визийн бодлогыг чангалах шаардлагатай гэж тэр мэдэгджээ.

Тухайлбал 2019 оны арванхоёрдугаар сард Вьетнамын 164 иргэн Инчоны Үндэсний Их сургуулийн солонгос хэлний ангид суралцахаар ирсэн ч эхний 3-4 сарын дотор бүгд сураггүй алга болсон баримтыг тэр энэ үеэр дурджээ.

 

Эх сурвалж: Korea Times