Төрийн өмчит компани, ААН-үүдийн өмч хөрөнгө болон орлого нь нэмэгдэж байгаа хэрнээ ашиггүй ажилласан гэгдэх болсон.  Иймээс Засгийн газраас 36 төрийн өмчит компанийн 34 хүртэлх хувийг олон нийтэд хувьчлах шийдвэр гаргасан. Үүнд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК багтсан юм. Тус компани нь Улаанбаатар хот, 18 аймаг, 300 гаруй сум, сууринг хамран үйл ажиллагаа явуулдаг ч өгөөжөө өгдөггүй компаниудын нэгээр тодорсон. Харин уг газрын удирдлагаар Б. Дашдаваа ажилладаг. Түүний орлого, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өсжээ.

Цахилгаан Дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Ерөнхий инеженер Б.Дашдаваа өнгөрсөн 2022 онд жилийн 144 сая төгрөгийн орлого олсон байна. Харин гэр бүлийн гишүүд нь 2021 онд 145 сая төгрөгийн орлого олж байсан бол өнгөрсөн 2022 онд орлого нь огцом өсөж 337 сая төгрөгт хүрч, үүнийгээ ч ХОМ-доо шударгаар мэдүүлжээ. 

Түүний үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 2021 онд гурван орон сууц, нэг зуслангийн байшин, нэг автозогсоолтой гээд 382 сая төгрөгөөр үнэлсэн.  Харин 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гурван орон сууц, нэг зуслангийн байшин, нэг автозогсоол дээр барьж дуусаагүй байгаа байшин нэмэгджээ. Эдгээрийн нийт үнэлгээ нь 987 сая төгрөг байна. Хувьдаа ямар нэг бизнесгүй ч ийнхүү үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь өссөөр байгаа нь анхаарал татав.

Тэднийх дөрвөн газартай. Үүнээс өмчлөх эрхтэй нэг, өмчлөх эрхтэй гурван газартай юм байна. Мөн Toyota, Land Cruiser 100, Harrier маркийн хоёр машинтай бөгөөд хоёуланг нь нийлүүлээд 64 сая төгрөгөөр үнэлжээ.