Байр суурь: Төсөвтэй ч боловсон хүчингүй учраас бодит байдал дээр хүүхдэд хүрч ажиллахгүй байгааг батлав
2023/10/27
Сүүлийн жилүүдэд хүүхэд хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэх болсон. Манай улс хүүхэд хамгааллын асуудалд төсөв хөрөнгийг хангалттай гаргаж буй ч бодит амьдрал дээр дорвитой үр дүнд хүрсэн ажил болохгүй байгаа нь тодроод ирэв. Батлах жишээ нь Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсголоос тодоос тод харагдлаа. Ингээд энэ талаар хэн, хэн юу өгүүлснийг энэ удаагийн "Байр суурь" булангаараа онцлон хүргэе.
Хүүхэд хамгааллын ажилтны орон тоог зайлшгүй нэмэх шаардлагатай байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа: Хүүхдийн асуудал хариуцсан ажилтны орон тоо сумдад байхгүй мөртлөө малын асуудал хариуцсан таван хүн байна. Бүгдийнх нь хавсарч хийдэг ажлынх нь 20, 30 дахь асуудал нь хүүхэд хамгаалал байдаг. Нийгмийн ажилтан тэрбум мод тарьсан тайлан, соёл урлагийн мэдээ мэдээллээс эхлээд олон зуун тайланг гаргаж өгөх хэрэгтэй болдог.
330 суманд хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтантай болно гэдэг хууль батлуулсан ч ирэх жил, түүний дараа жилийн бүх төгсөгчийг авсан ч хүрэлцэхгүй. Мэргэжлийн боловсон хүчнээр нэг хэсэгтээ дутагдана. Энэ тал дээр зайлшгүй анхаарах шаардлагатай.
Салбарын боловсон хүчний цалин хангамж бага. 700 гаруй мянган төгрөгийн цалинтай байсныг 30 орчим хувиар нэмлээ. Ирэх жил дахиад 10 орчим хувиар нэмнэ. Аймгийн төвд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын цалинг 20 хувь, суманд ажиллаж байгаа бол 40 хувиар нэмэх гэж байна. Мөн таван жилд тутамд зургаан сарын цалинтай тэнцэх нэмэгдэл авна.
Хуульч, өмгөөлөгч Б.Буянжаргал: Хүүхэд хамгааллын 108 утсанд ээж нь эсвэл аав нь манай хүүхдийн эрх ашгийг хамгаалаач гэж дуудлага өгдөг. Хамгийн сүүлийн жишээ гэвэл энэ оны дөрөвдүгээр сард би өөрөө гадаадад явж байна, ээж нь хүүхдээ орхиод явсан гэсэн дуудлага өгсөн. Гэтэл сая 10 дугаар сард тухайн хүнтэй "танай хүүхэд яасан бэ, би одоо дөнгөж ажилдаа орж байна" гэж холбогдсон байгаа юм.
Энэ хугацаанд тухайн хүүхдийн эрүүл мэнд, амь нас эрсдэлд орсон бол яах вэ? Аз болж тухайн кейс дээр эрсдэл бага гарсан. Дуудлага мэдээллийг яаж шийдсэн нь тодорхойгүй байна. Хариу өгье гээд алга болдог байдал байсаар байгаа. Үүнд хариуцлага хүлээлгэдэг механизм байхгүй. Хамтарсан багийн бүрэлдэхүүнд ажиллаж буй хүмүүсийн ажлын чиг үүрэг өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Ямар ажил хийж, ямар хэмжээний цалин хөлс, хэрхэн хариуцлага тооцох талаар хуульд суулгаж өгнө үү. Одоо механизм юунаас болоод ажиллахгүй, яагаад хүүхдэд хүрч ажиллахгүй байна вэ, бодит байдал дээр ямар албан тушаалтан энэ асуудлыг хариуцаж байна гэдэг талаар судалгаа хийх нь чухал байгаа юм. Энэ тал дээр арга хэмжээ аваад өгөөч гэж хүсмээр байна.
Харин түр хамгаалах байрны асуудлаар "Орон нутагт ажиллаж байхад түр хамгаалах байрны асуудлыг байнга ярьдаг. Өмгөөлөгч нар хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй уг байранд очиж ярилцдаг. 7-14 хоног л тухайн хүүхдийг тэнд байлгах боломжтой. Удаан хугацаанд байлгаж, сунгах боломжгүй. Түр хамгаалах байрны түлхүүрийг орон нутагт нэг л хүн эзэмшиж байдаг. Түр хамгаалах байрны түлхүүрийг эзэмшиж байгаа ч өөр ямар арга хэмжээ авахаа мэддэггүй. Тэнд сэтгэл зүйч ажиллах ёстой байтал байдаггүй.
Аймгийн хэмжээнд ганцхан сэтгэл зүйч ажиллаж байна. Огт сэтгэл зүйчгүй аймаг хүртэл бий. Ийм тохиолдолд яаж хүүхдийн эрх ашгийг хамгаалах юм бэ? Түр хамгаалах байранд байгаа хүүхдийг хэрхэн буцааж гэр бүлийнх нь уур амьсгалд оруулах вэ. Энэ ажлыг сэтгэл зүйч хийх үү, эсвэл нийгмийн ажилтан ажиллах уу? Тэгвэл мэргэшсэн нийгмийн ажилтан хаана байна вэ гэдэг асуудал яригддаг. Үүнтэй холбоотой ажил хийгээд өгөөч. "Орон нутагт гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд 2-3 удаа хамтарсан багаар ороод, түр хамгаалах байранд очсон гэж бодъё. Гэтэл тухайн гэр бүл хотод шилжиж очоод энэхүү үйлдэл давтагдсан.
Тэгвэл хэн хэзээ хэдэн удаа түр хамгаалах байраар үйлчлүүлсэн, тухайн эцэг, эх гэр бүлийн хүчирхийллийг яагаад удаа дараа үйлдээд байгаа талаарх асуудал тодорхойгүй. Тиймээс хүүхдийн эрхийг байгууллагыг мэдээллийн удирдлагын нэгдсэн системтэй болгож өгөөч.
УИХ-ын гишүүн П.Анужин: Ийм төрлийн сонсголыг бид зөндөө хийсэн. Гурван жилийн турш Байнгын хорон дээр хийсэн, төрийн байгууллагууд хариулсан. Сонсголд оролцож байгаа хүмүүс болохгүй байгаа зүйлийг асуугаасай гэж та бүхэнд цаг өгч байна. Түүнээс биш улиг болсон асуулт хариултаа больё, ийм юмаар ч Монгол Улс дутаагүй, хүүхдийн эрх хангагдахгүй. Хүүхэд хамгаалал гэдэг бол маш олон талын асуудал. Би хоёр зүйлийг хэлэхийг хүсч байна.
Зөвхөн хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, түүний шийдэх гарц камерын асуудал биш. Бид маш явцуу тодорхойлоод байгаа учраас өнөөдрийн оролцогчдын олонхийг хуулийнхан эзлээд сууж байна гэж хэлсэн нь үнэн шүү дээ.
Хүүхэд хамгааллын асуудал бол хүүхдийн хоолны шим тэжээлийн асуудал. Хүүхдийн ихэнх цагаа өнгөрөөж байгаа цэцэрлэг, сургууль дахь агаар орчны бохирдлын асуудал. Хүүхдийн эрүүл мэндийн асуудал. Өдий төдийгөөрөө өвдөөд, Монгол Улс эмчилж чадахгүй гээд гараа өргөчихөөд байгаа хүүхдүүдийн эцэг, эхийг хэрхэн дэмжиж, нэг ч гэсэн монгол хүүхдийг эрүүл болгох вэ гэдэг асуудал. Хүүхдийн сэтгэл зүй эрүүл байна уу гэдэг асуудал. Энэ асуудалд өнөөдөр хариулах эрх бүхий хүн энд алга.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул: Нийгмийн ажилтны ажлын байрны баталгаа сул, урамшуулал байдаггүй тул мэргэжлийн боловсон хүчний дутагдалд орж байна. Хамтарсан багийн бүрэлдэхүүнд орж буй байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу, харилцан мэдээлэл солилцох байдал хангалтгүй байгаа.
Хохирогчдод үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зардлыг бүх шатны Засаг дарга төсөвт тусгуулах саналыг ИТХ-д өргөн мэдүүлэх, хамтарсан багийн үйл ажиллагааг зохион байгуулалтаар хангах хэрэгтэй байна.
Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж, 2020 онд 3,630 байсан бол 2021 онд 4,573 болсон нь өмнөх оноос 25.9 хувиар өссөн байгаа юм. Хохирогчийг дахин хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах, чадавхжуулах, хямралын үйлчилгээ үзүүлэх чадамжгүй, хүчирхийлэл үйлдэгдэж буй орчноос хохирогчийг тусгаарлан байрлуулж, хоол хүнс, ариун цэврийн хэрэгслээр хангах зэрэг үйлчилгээг аргацаах байдлаар үзүүлж байна. Байрны нөхцөл байдал үйлчилгээ нь стандартын шаардлагад нийцдэггүй.
Дээрх кэйсүүд хүүхэд хамгааллын талаар төсөв мөнгө хангалттай ч боловсон хүчингүй улмаас бодит байдал дээр хүүхдэд хүрч ажиллаж чадахгүй байгаа гэдгийг илэрхийлж байна. Уг нь Хүүхэд хамгааллын тухай хууль 2016 онд батлагдаж хэрэгжиж эхэлснээс хойш хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр зарцуулсан хөрөнгө 2017 онд 900.1 сая төгрөг байсан бол 2018 онд 6.4 тэрбум төгрөг, 2019 онд 7.6 тэрбум төгрөг, 2020 онд 6.4 тэрбум төгрөг, 2021 онд 8.0 тэрбум төгрөг, 2022 онд 8.0 тэрбум төгрөгт хүрч 2017 онтой харьцуулахад 8.9 дахин нэмэгджээ. Гэтэл өнөөдрийн байдлаар уг 8 тэрбум төсвийн 50 хувь нь хааччихав гэсэн асуудал хариултгүй үлдэв.
бат · 2023/10/27
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож ард түмэн төрд төлөөлөлтөй болж төрөө төвхнүүлмээрээ энгэж чадвал бар улс болох ч ойрхон байна даа
Зочин · 2023/10/27
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh