Бид энэ удаад Гармаа Гаржид Үржин Пэрэнлайнлин хийдийн тэргүүн, буддын гүн ухааны гэвш Даваасамбуугийн

Тайвансайхантай ярилцсанаа хүргэж байна.


-Буддын шашны гандан хийд олон байдаг ч нийгэмд хандсан тустай зүйл хийхгүй байна гэж ярих юм. Энэ талаар юу бодож байна?

-Нийгэмд ийм хандлага, хардлага ч бас байна. Манай гандан хийд социалист нийгмийн үед Хүүхдийн төлөө фондод жил бүр нэг сая төгрөг хандивладаг байсан. Түүний зэрэгцээ лам нар тусгай аян зарлаж, төмрийн хаягдал түүж, түүнийхээ мөнгийг ч өгдөг байсан. 1970 онд би таван настай байхдаа төмрийн баяжмал түүх ажилд нь явж байлаа. Нийгэмд харагдахгүй л байгаа болохоос биш одоо ч хэвээрээ шүү.

-Хүмүүс болохоор заавал нүдэнд нь харагдаж байх бодит зүйлийг нэхээд байгаа хэрэг үү?

-Тийм. Хүмүүс болохоор бодитой зүйл өгч авч байгааг нүдээрээ харах гээд, ийм зүйл яриад явдаг байж болно. Ер нь тэгээд сэтгэлийн өглөг шиг аугаа зүйл хаа байна. Номын, сэтгэлийн, эдийн гэсэн гурван өглөг бий. Хүмүүс эдийн өглөгийг олж харах гээд байгаа хэрэг.


-Шашин дэлгэрч, үр шимийг нь хүмүүс зөв хүртэж, гэгээрч байх нь сайн хэрэг. Гэтэл манайд олон шашны урсгал ороод иржээ. Энэ талаарх таны бодол?

-Цөөн хүнтэй улсад олон шашны урсгал орж ирэх нь аюултай. Христ хүмүүсийн сайн сайхны төлөө явдаг ч манайд харгис урсгалууд нь орж ирээд хүмүүст шууд үзэл бодлоо тулгах юм. Гэтэл бөө байна. Өнөөдөр юу ч мэдэхгүй нусгай бандиар амьдралаа заалгах юм гэнэ. Арай ч хэтэрч байна. Тэр өөрөө юунд ч боловсроогүй, амьдрал мэдэхгүй шүү дээ. Гэтэл манайхан шүтээд л амь нас амьдралаа даатгах юм. Энэ бол байж боломгүй асуудал. Миний хувьд олон жил бурхны ном үзсэн хэрнээ хүнд юм хэлэхэд бас л учир дутагдалтай санагддаг. Үзэж, харж мэддэг бөө байхыг үгүйсгэж байгаа юм биш. Засна гэдэг өөр хэрэг шүү. Энэ мэт буруу үйлдлээс болж, амьдралдаа алдах, амь насаа хүртэл алдахад хүрч байгаа зөндөө тохиолдол бий. Манайд олон шашны урсгал орж ирж байгаа нь аюул гэж би хэлсэн. Алсдаа шашин хоорондын мөргөлдөөн гарахыг үгүйсгэх аргагүй. Улс гүрнүүдийн мөргөлдөөн, дайн дажин гол төлөв шашнаас болох нь бий. Айж л байна. Манай төрөөс ч энэ байдлыг харж үзэх цаг болжээ.

-Буддынхан бас л хүний төлөө гэхээсээ илүү мөнгө, өргөл барьц авдаг гэх яриа ч газар авчээ. Өөрөөр хэлбэл бизнес маягийн боллоо гэх юм. Бас лам нарын ёс зүйн талаар ч их ярих юм?

-Лам нарын ёс зүй бол алдагдсан. Тэд хувь, хувиа хичээх болсон. Хийд барилаа гэхэд л гэрийнхээ гадаа хашаандаа нэг хийд босгоод байх юм. Орчин ч гэсэн бохир. Энэ чинь бизнес тал руугаа явж байгаа хэрэг. Уг нь хийд гэдэг чинь цогц зүйл байдаг. Эмийн, гүн ухааны, тарнийн уншлага номын гээд олон дацангууд байж сая хийд гэж нэрлэгддэг юм.

-Шашны талаар хүмүүс янз бүр ярьж байгаагийн хэрээр яг нарийн ойлголтгүй нь ч бий. Тэгэхээр шашин шүтээд түүний үр шимийг хүртэх талаар тайлбар өгөхгүй юу?

-Товчоор хэлбэл шашнаас өглөг буян яаж авах вэ гэвэл хүн болж төлөвших хэрэгтэй. Өнөөдөр мөнгө л байвал хаа ч ямар ч боловсрол эзэмшиж болно. АНУ-д хэлний өндөр чадвартай ч гэх юм уу, Англид эдийн засгийн гээд боловсролыг бол хангалттай олж авч байна. Эцэг эхчүүд энэ тал дээр ч ихэд анхаарах болжээ. Ингэсэн хэрнээ хүмүүжлээ орхигдуулаад байна. Огт хүмүүжил алга. Баруунд бол нэг эмнэлэгг очоод үзүүлэхэд “Та ямар шашин шүтдэг вэ” л гэнэ. Тэгээд шашин шүтдэггүй гэвэл тэр хүнийг анхаарч үздэггүй. Учир нь шашин шүтдэггүй хүн юу ч хийж мэднэ гэж үздэг.

-Хүүхдийг хүн болгож төлөвшүүлэхэд шашны зүгээс юу хэлэх байна?

-Хүүхдийг төдөн настайд нь бурхан мэт шүт. Харин төдөн настайд нь боол мэт, эсвэл загнаж зэмлэ гээд нас насных нь ангиллаар заагаад өгчихсөн байгаа шүү дээ. Сэтгэл байхгүй хүн гэдэг утга чанараа алдсан бол хэчнээн боловсрол байгаад яах юм.

-Өнөөдөр цаг бусын үхэл олон болжээ. Ер нь улс төрчдөөсөө эхлээд нийгэм нэг л биш. Энэ талаар ямар бодолтой явна?

-Миний хамгийн том эмзэглэл бол цаг бусын үхэл. Хүмүүс амь насаа хайрлахгүй байна. Улс орон, төр засаг ч хүнийхээ амийг хайхрахгүй байна. Нэг тэрбум хүн амтай Энэтхэг улс хүнийхээ амийг хэчнээн хайрлаж байна вэ. Гэтэл манайх гурван сая хүрэхгүй хүнээ ерөөсөө хайрлахгүй юм. Төрөлтөөс болсон, буруу жирэмслэлт, авто ослоос болж их үхэх юм. Би Замын цагдаагийн газартай ярьж байгаад автозамын ослыг багасгах талаар ярина гэж бодож байна. Хамарын хийдийг зорьж яваад хүмүүс осолдлоо л гэнэ. Тэр сайхан газар нутагт очиж энерги солилцож, амьдралаа өөд  нь татья гэсэн сайхан сэтгэлээр зорьж яваад амиа алдаж байгаа хүмүүс харамсалтай байгаа биз.

-Замын цагдаатай ярьж осол багасгана гэлээ. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Замын гүйдэл гэж байна. Хар буруу зүгийн юм. Үүнд п хүмүүс хорлуулаад байгаа хэрэг. Үүнийг бурхан номын зүгээс засах талын ажлыг хийнэ. Буддизм бол ерөөсөө хүнийг амиа алдахаас сэрэмжлүүлж байдаг. Харин бөө бол айлгаж байх жишээтэй.

-Айлгана гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Бөө бол “‘Чи төд хүрээд үхнэ. Одоохон аргалуул. Төдөн төгрөг” гэдэг . Энэ чинь айлгаж байгаа хэрэг биз дээ.

-Би дээр танаас улстөрийн талаар бодлыг тань асуусан. Тодорхой хариулсангүй?

-Улстөрчид яах вэ. Бас л нэг талцсан улс. Улс орноо ч хайхарч байгаа юм алга. Тэд өгөх авахын ухаанаа ч мэдэхгүй юм. Улсаас авч байна. Эргүүлж өгөхөө мэддэггүй. Энэ ер нь манайхны зан бололтой. Ямар сайндаа Ганжуур, Данжуур уншуулах гэж байж 10 төгрөг тавиад байгаа юм даа. Юу гэсэн үг вэ. Тэд тэр бүү хэл зүйлийг хэдэн мянгаар нь авч байгаа. Архи дарс гээд. Гэтэл тэр ном нь оюуны ямар гайхамшигтай бүтээл гээч. Үүнийг л мэдрэхгүй байна. Манайх шиг жижиг улсад олон намын ч хэрэг алга. 2008 оны сонгуулиар яав. Тэнд эсэргүүцээд байх зүйл юу ч байгаагүй. Ерөөсөө л ард түмний сонголт байсан. Гэтэл дунд ньтүймэр тавиад л шуугиан дэгдээгээд өнгөрсөн. 

-Хүнийг хүн болгож төлөвшүүлэхэд буддын зүгээс ямар нэг ажил хийх санаа байна уу?

-Нэгэн биед багтахааргүй л олон зүйл төлөвлөж, бодож байна. Юуны түрүүнд бид хүүхдээ хүн болгож төлөвшүүлэх хэрэгтэй. Өнөөдөр архины бизнес хийж байгаа улс бол ийм байна. Одоо цадлаа, ханалаа ш дээ. Тэр архийг чинь уусаар улс хордож байна. Амьдрал доройтлоо. Бид өөрсдөө амьдад нь архиар угжиж, муулж, муулчихаад үхсэн хойно нь магтдаг улс. Тэр л П.Адарсүрэн, Р.Чойном нарыг бол муучлаад, хавчаад л архи өгөөд байсан. Одоо болохоор магтаад нэхэж шагнал олгоод сууцгаана. Дээрийн асуултад нэмж хэлэхэд манай улстөрчид оюуны чиглэлээр ч юм уу, нийгэм хүмүүст хандсан ажил хийхгүй байж, нийгэмд, хүмүүст хандсан ажил хийх гэж байгаа хүмүүсээ ер дэмжихгүй юм. Тэгсэн хэрнээ тэнд хэдэн морь уралдахад ч юм уу, хэдэн бөх барилдахад машин, мөнгө бэлэглээд хөл алдана. Энэ бол сайн улстөрчийн шинж лав биш. Тэр өөрөө тийм харанхуй хүн гэдгээ л ойлгуулж байгаа хэрэг.

-Таныг нэг хэсэг Холлиувудын нэрт жүжигчин Стивен Сигалын лам болсон гээд шуугисан. Одоо ч намжаагүй байна. Одоо харилцаа хэвээр биз дээ?

-С.Сигалын ламаар Монгол хүн тодорлоо гэж ярьж байгаа чинь Монгол хүн ямар аугаа болохыг хэлж, мэдрүүлж байгаа хэрэг. Тэр сайхан тал нутаг, уул ус, хүн зоны хишиг буян юм, С.Сигалыг хүмүүс онгироо, сагсуу мэтээр ярьж байдаг. Би олон газар хамт явж буяны ажил хийсэн. Заримдаа бол дэлхийд нэртэй од хүн сагсуурахад яадаг юм гэсэн бодол төрж суух ч үе байдаг. Бид хоёр Японд лекц уншиж явлаа. Өмнөд Африкт ДОХ-той хүүхдүүдэд буяны өглөг хийж байлаа. Англи, Шотланд гээд хамт их явсан. Од бол од юм гэдгийг тэгэхэд л мэдсэн. Далай ламын дэргэд байдаг коллеги тэр хүнд Ринбүүчи цол олгосон. Түүнийг зүгээр нэг жирийн хүнд өгдөггүй. Би буддын гүн ухааны гэвш цолтой хүн. Тиймээс С.Сигалд судалж мэдсэн ховор номын талаар ярьж байгаа юм л даа. Гэтэл тэр яг уншсан хүн шиг өөдөөс яриад байдаг юм. Тэгсэн хэрнээ тэр номыг уншаагүй байдаг. Тэгэхээр түүний дээд үед тийм номтой хүн байсан л байхгүй юу. Шүлэг бичдэг, мужаан хүн зүгээр нэг төрдөггүй ямар нэгэн үед нь тийм хүн байсан л байдаг.

-Хоосон чанарын тухай яриад байна уу, эсвэл би ойлгохгүй байна уу?

-Хоосон чанар гэдэг бол ерөөсөө чадварыг эзэмших юм. Миний яриад байгаа зүйл еренхийдөө мөн шүү. Удмаас удамд дамжсаар, тэр сайн энерги хуримтлагдсаар байгаад ийм их авьяас чадварыг бий болгодог байна.

-Манай Данзанравжаа хутагт улааны шашинтай байсан. Та бас улааны шашинтай хүн. Шар улаан хоёрын япгааг хэлэхгүй юу?

-Буддын таван том гүн ухаан, урсгал байгаагаас дөрөв нь улааных, нэг нь шарынх байдаг. Улааны шашин бол амьдралд ойрхон. Түүнтэй хутгалдаж явдаг. Шарын шашин бол их эрт дээр үед үүссэн. Түүнээс өмнө бол Монголчууд бөөгийн шашин шүтдэг байсан. Шарын шашин бол манжийн төрийн бодлогоор манайд дэлгэрсэн гэдгийг хүн бүхэн мэднэ. Хатуу дэг жаягтай. Шарын шашинд олон хатуу хориг цээр бий. Ялгаа нь энэ юм. Түүнээс биш шар, улаан хоёрт харшлах зүйл байдаггүй. Ноён хутагт манай өвөг дээдэстэй багш шавийн барилдлагатай байсан. Миний одоо уншиж байгаа ном бол Монголд байхгүй урсгал.

-Танай хийд бусад хийдүүдээс ялгарах ямар онцлогтой вэ. үйл ажиллагааныхаа талаар дурдахгүй юу?

-Манайд 700 сүм хийд байгаад устсан гэж яриад байгаа бопохоос биш, үнэн хэрэгтээ 2000 байсан. Сүйтгэсэн хэргээ нуух гэхдээ тоог нь дарж байгаа хэрэг. Манай хийд бол ерөөсөө нийгэм, ард олонд хандсан зүйл хийнэ. Тэднээс гуйх биш, ялгах биш. Ядарсан ч, гуйлагчин ч бусад нь ч орж ирдэг байх юм. Тэдэнд хоол унд тохирсон хэмжээнд нь өгчихдөг байх. Нийгэм рүүгээ хандсан ажил хийнэ. Бусдыгаа цочрооно гэсэн бодолтой байна. Өнөөдөр манайд хүмүүс их хөрөнгөөр зөвхөн өөртөө зориулж хаус барьж байна. Миний хувьд бол хүмүүст зориулж хийд барьж байна. Одоо дөрвөн давхар бариад тохижууллаа. Ер нь зургаан давхар болгох юм. Аливаа сайхан зүйл хийхэд эдийн засаг дээр гацах юм.

-Үүнийг босгоход ихээхэн хөрөнгө зарсан нь харагдаж байна. Хувийн хөрөнгөөр гэхэд арай л их санагдлаа?

-Би үүнийг босгох гэж бор зүрхээрээ явж байна. Засаг төрийн удирдлагуудад ч хандсан. Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад нь нэлээн сайн бурхнаа барьж гуйгаад ч бүтээгүй. ТОП 100 аж ахуйн нэгжээр ч орж гуйсан олоогүй. Энэ мэтээр гуйсан. Тэд нэгэн цагт түүх соёлын үнэт зүйлийг устгачихаад түүнийг нь босгоё гэсэн тусалдаггүй л юм билээ. Тэгэхээр би гадаадаас тусламж хүснэ. Тухайлбал С.Сигал гээд хандана. Ард олны тусын тулд, буяны зүйл хийж байгаа хүнд тэд тусалдаг юм. 
Манайх үйл ажиллагаагаа 2006 оноос хойш эхэлсэн. Түүнээс хойш Улаанбаатарын бүх л асрах төвүүд, Батсүмбэрийн асрах газраар явж буяны ажил хийсэн. 

-Таны хувьд 1970 онд таван настайдаа буяны ажил хийж лам нартай явж байсан гэсэн. Мөн Данзанравжаа хутагттай дзэдсүүд тань багш шавийн барилдлагатай байсан гэнэ. Удам судраа танилцуулж болох уу?

-Би бол удмын лам хүн. Манай өвөө лам байсан, Манай аав Гандангийн цорж лам Даваасамбуу гэж мундаг хүн бий. Монголд дээлээ тайлаагүй ганц лам бол миний аав. Энэ жил 83 настай даа. Түүнээс биш социалист нийгмийн үед хэн дуртай нь лам хувцас өмсдөггүй байлаа. Харин 1990-ээд оноос хойш согтуу нь ч солиотой нь ч өмсдөг болсон.
С.Ууганбаяр