Монголчууд бид 2,8 саяулаа ч өргөн уудам газар нутагтай. Гэтэл сүүлийн үед өргөн уудам газар нутагт маань хорхойсч шүлсээ залгигсад олширсон.

Уул уурхайн салбар хөгжиж эхэлснээр хүн дуртай нь лиценз эзэмшиж, хүссэн газраа ухаж сэндийчдэг болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Газар шорооныхоо төлөө тэмцэж явсан нэгэн нь шоронд хоригдож, өдгөө газрын тухай маргаан хаа сайгүй гарах боллоо. 

    Дарин дээр давс гэгчээр саяхан Газрын тухай багц хуулийг өргөн барьсан нь нэлээд шүүмжлэл, эсэргүүцэл дагуулав. Хэдий энэ хуулиа татаж авсан ч хэзээ дахин зүтгүүлэхийг бид мэдэхгүй. Ийнхүү Газрын тухай хууль дөнгөж намжингуут төмөр замын өргөн, нарийн царигийн асуудал босч ирэн монголчуудыг бүтэн нойртой хонуулахаа болив.

 

Учир нь УИХ-ын гишүүн Х.Баттулга телевизийн нэвтрүүлэгт оролцож, үзэл бодлоо илэрхийлсэн нь өдгөө цахим ертөнцөд “хэрүүлийн алим” өнхрүлж, монголчууд талцан хэрэлдэх үндэс болгочихов. 

 

Нөгөөтэйгүүр зарим ажиглагчид дээрх нэвтрүүлгийг  үзээд 2016 оны сонгуулийн сурталчилгаа хэдийнэ эхэлчихжээ гэлцэж байгаа юм. Мэдээж захиалгат гэж болохоор энэ нэвтрүүлэгт нийгэмд дуу хоолой нь гардаггүй нь эрдэмтэд ч үгээ хэлсэн. Энэ нэвтрүүлгийг үзсэн хүмүүс нэлээд огшиж, олон ч хүн тэр шөнөдөө нойргүй хоносон гэнэ лээ. Гэсэн ч маргаашаас нь эхлээд өөр өөрсдийн үзэл бодлоо бие биедээ тулгаж хэрэлдэх үйл явц цахим ертөнцөд эхэлсэн. Сүүлдээ энэ асуудал даамжирч монгол хүн бол үгээ хэл, гадаад эхнэр, нөхөртэй эрлийз хүүхдүүдтэй нь чимээгүй байж бай гэх зэргээр хувь хүний эрхэнд халдах байдал ч ажиглагдаж байгааг “Твиттер”-ээс харж болно. 

Ингэснээр 2,8 сая монголчууд дунд “төмөр зам” гэх хэрүүлийн алим өнхөрч, бид унтах нойроо ч умартан хэрэлдэцгээж байна. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үг хэдийнэ бидний оюун ухаанаас арчигдсан бололтой. Хэрэлдэх сэдэл гарах л юм бол хэнийх нь зөв бурууг ч ялгалгүй муу үгс шидэлцдэг болж. Магадгүй заримдаа эрх баригчид ард иргэддээ албаар “хэрүүлийн алим” шидэж өгдөг юм шиг. Ингээд иргэд нь нөгөөх алимыг тойрон хэрэлдэж байх зуур “чоно борооноор” гэдэг шиг зарим асуудлыг шургуулаад амжсан байх нь бий. Мэдээж Газрын тухай багц хууль ч гэсэн үүний тод жишээ. Монголчууд Хөл бөмбөгийн ДАШТ-ээр амьсгалж, нэг хэсэгтээ л бүгд хөл бөмбөг ярьсан үед энэ хуулийг сэмхэн гэгч нэь зүтгүүлээд авсан. Гэсэн ч монголчууд газар шорооныхоо төлөө тэмцэж чадна гэдгээ харуулж, хөл бөмбөгийг түр орхисон нь сайшаалтай. 

Харин өдгөө өргөн, нарийн царигийн асуудлыг “хэрүүлийн алим” болгон шидэв бололтой. Учир нь энэ асуудлыг бүхэл бүтэн зургаан жил ярьж байгаа ч өнөөг хүртэл шийдэлд хүрээгүй нь энэ юм. Гэтэл юуны учир өдгөө маргааныг хурцатгаж, хоёрхон сая иргэнээ талцуулахад хүрэв. Бид эв эвдэрлэцвээс хожих хүн хэн байх вэ гэсэн асуулт хариу нэхнэ. Үнийн өсөлтөд дарамтлуулж, өдөр тутмын амьдралдаа түүртсээр монголчууд хэтэрхий эмзэг болчихож. Тиймдээ ч “хэрүүлийн алим” бүрийг тойроод гарах сөхөөгүй байх шиг. Учир нь хүн бүрийн дотор дэндүү их асуудал хуримтлагдаж, эвгүйхэн үг хэлсэн нэгнээ тасчин идэхэд бэлэн болчихоод хэл амаа билүүдэж байна гэдэгтэй хэн ч санал нийлэх биз ээ. 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу