Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас өнгөрсөн сараас эхлэн Хан-Уул дүүргийн 11 хороо буюу Зайсангийн амны барилга байгууламжуудад шалгалт хийжээ.

Шалгалтаар дархан цаазат Богд хан уул эмгэнэлтэй байдалд хүрсэн гэсэн дүгнэлтэд хүрэв. Тус газраас Зайсангийн аман дахь 31 байгууллагын 235 барилга байгууламжид шалгалт хийсэн бөгөөд иргэн, аж ахуй нэгжүүд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, усны тухай хууль зөрчсөн, барилга байгууламж барих зөвшөөрөл аваагүй гэсэн нийтлэг зөрчил илэрчээ.

НМХГ-ын дарга М.Баасандорж энэ талаар, "Богд хан уул бол Монголын анхны дархан цаазат газраар зогсохгүй, дэлхийн шим мандлын сүлжээнд хамаардаг. Ийм газар тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу явуулах үйл ажиллагаа нь хязгаарлагдмал байх ёстой.

Гэтэл БОНХЯ, Богд хан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа тэргүүтэй төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаа, хотын төвийн нэг дүүргээс ялгарахгүй суурьшлын бүс болон хувирсан байна" хэмээн онцоллоо.

Зайсангийн аманд төрийн тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших зөвшөөрөл олгодог байна. Гэтэл уг зөвшөөрлийг  авсан аж ахуйн нэгжүүд зориулалтыг нь өөрчилж, орон сууцны барилга барьжээ.

Зайсангийн ам орчим төвийн бохир, цэвэр усны шугам сүлжээнд холбогдоогүйгээс аж ахуй нэгж, иргэд нийтдээ 280 гаруй гүний худаг гарган, ашиглаж байна. Ингэж олон худгаар усыг соруулах нь Богд хан уулын байгаль орчин, амьтан, ургамалд сөргөөр нөлөөлөх болно гэдгийг улсын байцаагчид анхааруулж байна.

Түүнчлэн Зайсанд шинээр барьж буй барилгууд хоорондоо харилцан уялдаагүй, барилга хоорондын зай зөрчигдсөнөөс орц, гарц хаагдаж, гадна тохижилт, ногоон байгууламж, зам, зогсоол хийх боломжгүй болжээ. НМХГ-ын зүгээс шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар зарим байгууллагуудын цахилгааныг тасалсан байна.

Харин доорх 13 аж ахуй нэгж НМХГ-ын шалгалтад хамрагдахаас зайлсхийж, материалаа ирүүлээгүй ажээ. Мэргэжлийн хяналтын зүгээс улсын хяналт шалгалтыг үл ойшоож, алдаа дутагдлаа нууцалж буй эл компаниудаар үйлчлүүлэхгүй байхыг анхааруулж байна.

    “Мон Ти ар” ХХК-ийн аялагчдын сууц
    “Сайн констракшн” ХХК-ийн орон сууцны барилга
    “Каркас” ХХК
    “Бат аян” ХХК
    “Оюуны зураг” ХХК-ийн орон сууцны барилга
    Иргэн Одсүрэнгийн амралт үйлчилгээний цогцолбор сууцны барилга
    “Эсү” ХХК
    “Рома” ХХК
    “Тэмүүлэнбаатар” ХХК
    “Оюуны ундраа” ХХК-ийн Зайсан аялал жуулчлалын цогцолбор
    Иргэн Одсүрэнгийн амины сууцны барилга
    “Одод групп” ХХК
    “Финанс энд Сервис” ХХК

Я.Баяр