Солонгосын мэдээллийн технологийн төлөөлөгчид ай ти зон кампус дээр туршлага солилцлоо
2014/06/23
Мэдээллийн технологийн үндэсний паркийн санаачлагаар Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны удирдлагуудын 9 дэх удаагийн уулзалт Улаанбаатар хотноо 6 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд анх удаа зохион байгуулагдаж өндөрлөлөө.
“Азийн эдийн засгийг хөгжүүлж, өндөр технологийн үйлдвэрлэлийг гадаад зах зээлд гаргах шинэ замыг нээж өгөх” зорилготой энэхүү удирдлагуудын уулзалтанд Япон, Солонгос, Турк, Вьетнам зэрэг орнуудын 30 гаруй төлөөлөгч, Монголоос 10 гаруй аж ахуйн нэгжийн удирдлага, эрдэм шинжилгээний 30 гаруй төлөөлөгчид оролцсон байна.
Тус уулзалтын үеэр Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй, Солонгосын Техно Паркийн холбооны ерөнхийлөгч, Gyeonggi Technopark, Science and Technology Policy Institute-ын удирдлагуудын төлөөлөгчид Ай Ти Зон компанийн ITZONE CAMPUS –тай биечлэн танилцаж, өөрсдийн туршлага, ололт амжилтаасаа хуваалцан, цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа.
Монголын анхны мэдээллийн технологийн кампус нь Software house, Enterprise Solutions Center, Текник туслалцаа үйлчилгээний төв, Сургалтын төв зэрэг хэсгүүдээс бүрддэг бөгөөд Солонгосын төлөөлөгчид кампустай танилцах аялалын үеэрээ “Монголд технологийн салбар хурдацтай хөгжиж байгаа”-г цохон дурьдаж, тус кампусын технологийн бүтээгдэхүүн болох GREEN ERP байгууллагын нөөц төлөвлөлтийн систем, түүний иж бүрэн сервис үйлчилгээ нь ихээхэн сонирхол татаж байгаагаа илэрхийлэв.
Ийнхүү гурван өдрийн турш үргэлжилсэн Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны удирдлагуудын 9 дэх удаагийн уулзалт Монголд анх удаа амжилттай зохион байгуулагдлаа.