Өнгөрсөн баасан гаригт Сөүлээс Улаанбаатарын чиглэлд ниссэн МИАТ компанийн ОМ302 аяллын дугаартай “Боинг 767″ онгоц зорчигчдоо айлгаж сандаргасаар байгаад арайхийж Чингисхаан буудалдаа газардсан тухай мэдээ түглээ.

Уг онгоц агаарт хөөрөөд цаг орчим болсны дараа урд талын бүхээгний дээд талаас утаа гарч эхэлжээ. Юуг бүү мэд нэг юм шатах гээд ч байгаа юм уу ямар ч гэсэн утаа гараад байж. Тухайн үед зорчигчид дор бүрнээ сайн муу элдвийг бодож хэсэгтээ л тайвширч чадахгүй байсан гэлцэнэ. Онгоцны үйлчлэгч бүсгүй утаа руу галын хор цацаж дараа нь  агааржуулалтын системээр утааг соруулсан байна. Сандарсан зорчигчид нисэх багийнханд “Бээжинд бууж онгоцны техникийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй гэж шаардсан ч багийнхан “ийм гэмтэл үндсэн эд ангид нөлөөлөхгүй тул аюулгүй” гээд нислэгийг цааш үргэлжлүүлсэн байна. МИАТ-ийнхны ярьснаар, техникийн дутагдлаас болж нислэгийн үед цахилгааны гэмтэл гарсан нь тэр аж.

Хэдийгээр  гэмтэл нислэгт нөлөөлөхгүй байсан ч хүмүүсийн сэтгэл санаанд тийм ч таатай байгаагүйг зорчигчид ярьж байсан. Аль ч авиакомпани үйлчлүүлэгчдээ “хаан” мэт хүндэлж,нэр хүнд доройтох болуузай хэмээн эелдэг дотно харилцааг эрхэмлэдэг. Харин манай МИАТ үйлчлүүлэгчдийг тэгтлээ хүндэлдэг үү. Энэ тэр асуудлыг жижиг гэхгүй анхаармаар. Онгоцны бүхээгт утаа гарсан нь  МИАТ-ийн техникийн ажилтнууд хариуцлагагүй ажиллаж байгаагийн баримт  биш үү. Өчнөөн мөнгө төлж онгоцоор үйлчлүүлснийхээ төлөө айж сандарч “амьтан” болно гэдэг хэцүүеэ. Хэдэн жилийн өмнө засах гэж засварын төв рүү оруулсан  онгоцоо бүр дордуулсан тухай яригдаж байсан. Чадвар муутай инженер техникчдэд үг хэлэх хүн байдаггүй юм уу. МИАТ-ийнхэн шиг өндөр цалинтай,хангамж сайтай хүмүүс өнөө цагт ховор. Авсныхаа хэрээр ажлаа сайн хийвэл ямар вэ, инженерүүд ээ. Олон арван хүний аюулгүй байдал, амь насыг хариуцаж яваа нисэх тээврийн байгууллагад  хариуцлагагүй байдал байж боломгүй. Хариуцлагагүй гэснээс МИАТ-д “цус ойртолт” арай дэндүү ихсэж байгааг шүүмжлэх хүн цөөнгүй байна. Цус ойр хүмүүс  хэн алиндаа шаардлага тавих, шүүмжлэх нь ховор. Шинэхэн ажилд орсон хүнийг хэний хүн бэ гэдгийг мэдэх гэж манаач жижүүрээс авахуулаад шивэр авирхийнэ. Ажилтнуудынх нь 135 хүн дээд дарга нарын “шахаас”. Тэд нартай эв эеийг хичээхгүй бол дээш нь хов хүргэх аюултай. МИАТ-д дарга нарынхаа өмнө бөхөлзөж,долигносон хүн албан тушаал ахих нигууртай. Шударга ажилтан дээшлэнэ гэдэг гонжийнжоо. Ийм нэг байгууллага агаарын тээврээр үйлчилж, олны сэтгэлд шар ус хуруулж байна.   МИАТ-тэй холбоотой мөнгө угаасан,идэж шамшигдуулсан гэх хэрэг хэзээ ч дуусашгүй. МИАТ бол олз ашиг олох том боломж гэдгийг тэнд ажиллагсад байтугай улс даяар мэднэ. Том дарга палхийтэл  иддэг, жижиг дарга мэрж иддэг нь эндэхийн дүрэм. Өнгөрсөн хавар тус компанийг удирдаж буй Г.Жаргалсайхан тэргүүтэй албан тушаалтнууд дээлээ нөмөрч магадгүй гэж шуугисан.

 

Учир нь, бас л хоолныхоо амтанд хэт дурласных.  МИАТ компани өдгөө онгоцны катерингийн үйлчилгээнээс  жил бүр хоёр тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгааг нөлөө бүхий эрхмүүд илчилсэн. Хэрвээ дарга нарын бизнесийг зөв тийш нь зохицуулчихвал МИАТ нэг тэрбум төгрөгийн ашигтай ажиллах бүрэн боломжтой хэмээн тэд шүүмжилжээ.

 

Онгоцны хоол, ундны хэрэгцээг хангах, цаагуураа асар их алдагдалтай энэхүү гэрээг хүчингүй болгооч гэж хөөцөлдөж тэмцэлдсэн хүмүүсийг МИАТ-ийн удирдлага Г.Жаргалсайхан нар   ажлаас нь халж “чулуу өшиглүүлдэг” тул хэн ч хэлэхээс айдаг. Өөрөөр хэлбэл, МИАТ-д учирч байгаа хоёр тэрбум төгрөгийн алдагдал нь тус компанийн удирдлагуудад  “ашигтай”  учраас хэл ам таталж цорволзсон нөхдөд “мөрөөрөө бай,эс тэгвээс зайл” гэдэг хууль энд үйлчилнэ.

Анх 2009 оны 07 дугаар сарын 24-нд 09/139А тоот “Агаарын хөлгөөр зорчигчдын хоол бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ”-г “МИАТ” ХК, “Нүхт тур” ХХК-ийн хооронд байгуулжээ. “Бэлтгэн нийлүүлэх гэрээ” гэгчийг байгуулахдаа компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар эцэслэн хэлэлцүүлж, шийдвэрлүүлээгүй нь сонин. Компанийн ТУЗ уг гэрээг  эдийн засгийн тооцоо, судалгаа хангалтгүй гэсэн ч асуудлыг дахин хэлэлцээгүй аж  Өнөөдрийг хүртэл энэхүү хууль бус шийдвэр хүчин төгөлдөр үйлчилсээр байгаа нь МИАТ-ын дарга нар пологттолоо идэх үүдийг нээжээ.
“Дайны эрсдэлийн сан” гэх нэрийн дор мөнгө угааж дураараа идэж ууж баяжиж байсан МИАТ-ын дарга нарын араас  онгоцны катерингийн үйлчилгээ гэдэг дэндүү амттай бялуу идэж байгаа хүмүүс явах  байх гэсэн “бор шувуу” хаваржин Буянт –Ухаагийн дэнжээр зөрж нисэлдсэн дээ.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ МИАТ-ийн нэг захирлын халаасанд 40 цэцэрлэг барих мөнгө бий хэмээсэн удаатай. Улсын маань  Ерөнхийлөгч барин тавин худлаа хэлнэ гэж үү.

Н.ДӨЛ