Монгол оронд минь зун цаг иржээ.  Зуны дэлгэр цаг ирэх энэ үед үндэсний их баяр наадам хаяад ирээд байна. Улсын их баяр наадам болох дөхөж наадмын хөтөлбөрийн талаар яригдаж эхэлсэн ба хөдөө орон нутгийн наадам эхлэх гэж байна.

Зуны хамгийн том баяр бол “Үндэсний их баяр наадам” билээ. Улсын баяр наадмын бэлтгэл аль хэдийнээ эхэлж бөхчүүд нь гал галаараа бэлтгэлдээ гарсан бол уяаачид ч мөн хурдан хүлгүүдээ сойгоод эхэлсэн байна.

 

    Долдугаар сар гаргаад Монгол орны өнцөг булан бүрт сумдууд наадмаа тэмдэглэж эхэлдэг нь уламжлал билээ. Үүнтэй зэрэгцэн хурдан морь унаач хүүхдүүд ч дээрх наадмуудад наадацгааж, тэр хэрээрээ эрсдэл дагуулж байна.

Манай улсад зуны халуун, өвлийн хүйтэн улирлын алинд ч хамаагүй жаахан хүүхдүүдийг уралдааны морь унуулдаг. Үүнээс болж хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа талаар өнгөрсөн хугацаанд багагүй ярьсан билээ.

 

   Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр уяачид маш сул байгаа атал мориндоо тариа дусал хийлгэх нь элбэг.

   Дөнгөж дөрөв, таван настай бяцхан хүүхдүүд эзгүй хээр талд цас бороо, шороон шуурган дунд хурдан морьдийн тоосонд даруулж, унаж бэртэн эрүүл мэндээрээ хохирсоор байгаа нь Үндэсний их баяр наадам утга учраа алдаж буйг харуулж байна. Хурдан морь унадаг хүүхдүүд ихэвчлэн 6-14 насныхан байдаг бол зарим тохиолдолд түүнээс бага 4,5 настай хүүхдүүд аавынхаа болон хамаатан садныхаа ах дүүгийнхээ  уясан морийг унаж хурдлуулах тохиолдлууд гардаг юм. Угтаа бол Эрийн гурван наадмаар бид ямагт бахархаж түүнийгээ дээдэлж ирсэн ард түмэн.

   Гэвч сүүлийн жилүүдэд бидний наадам заавал нэгэн хар мөр дагуулах болсоны жишээ бол хурдан морьдын уралдаан юм. Баяр наадмаар хүчит бөхчүүд нь наадмын талбайд барилдах бус зодолдон нэг нэгнээ гэмтээж байхад хурдан морьдын уралдаан гэдэг зүйл маань зүгээр л унаач хүүхдүүдийнхээ амиар дэнчин тавьж байгаатай адил сонсогдох болсон нь айшигтай. Жилийн жилд л уралдааны үеэр хурдан мориноос унаж хүүхэд амиа алдсаар байгаа.

    Эрэм­дэг зэрэмдэг болж, эрүүл мэн­дээ­рээ хохирох нь энгийн үзэгдэл болж байна. Монголчууд бид хурдан морьдын уралдаанд түрүүлж айрагдсан морьдыг л шагшин магтахаас түүнийг унаж хурдлуулан олныг баясгасан хүүхдийн эрүүл мэнд, амь насыг юман чинээ тоодоггүй болсон нь зугаа цэнгэлдээ хэт улайрч хүнийг хүн чинээ бодохоо больсоны шинж юм. Морьдоо уралдаанд давхиулж, бай шагнал хүртэх нь чухал болохоос хэзээ ч унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насыг нэгдүгээрт тавьсан удаа­гүй.

    Аймаг, сум, бүр улс дам­нан хурдан морь худалдаж авахдаа гар татаж мэддэггүй, наад­мын түрүүг үнэтэй жийп, хэ­дэн арван сая төгрөгөөр байлна. Тэгсэн атлаа алгын чи­нээ хүүхдэд хамгаалалтын мал­гай, хувцас аваад өмсгөчих сэтгэл дутдаг юм. 

  Тэд зөвхөн өөрийн сойсон хурдан морьдоо анхаарах болсон нь ийн осол гарах шалтгаан болоод буй билээ. Үүгээр зогсохгүй байнд ороогүй морьдын уяачид унаач хүүхдийг харааж цүхэх нь бий. Энэ мэтчилэн Үндэсний их баяр наадам хүүхдийн амиар тоглох болсон. Энэ талаар шүүмжлэхэд уяачид дургүйхэн хандах нь бий. Гэвч энэ нь хатуу үнэн юм. Баяр наадмаар хичнээн хүүхэд амиа алдаж байгааг сонсоход сэтгэл сэртхийм санагдана.

   Гэвч тэдгээр зугаа цэнгэлдээ хөөрсөн нэгэнд энгийн үзэгдэл мэт байх нь бий. Бөхчүүд нь ч тэр уяачид нь ч тэр уламжлалаа уландаа гишгэн буй энэ үйлдлүүдийг таслан зогсоож хүн хүнээ хайрлах сэтгэлээр ямар нэгэн осол, хууль бус үйлдэлгүй Үндэсний их баяр наадмаа тэмдэглэх нь зөв зүйтэй алхам. Баяр наадмыг огт хийхгүй бай гэсэн үг биш уламжлал ёс заншлийн дагуу тэмдэглэхийг уриалж буй хэрэг билээ. Тиймээс энэ мэтчилэн хууль дүрэм хүүхдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн хэрэг ар араасаа гарч байгаа тул энэ жилийн Наадамд хүүхдийн аюулгүй байдалд анхаарал хандуулан уралдаан наадмаа эхлүүлэх хэрэгтэй билээ. Бяцхан үрс нь гэмтэж бэртэхгүй, хүчит бөхчүүд нь зодолдож маргалдахгүй сайхан наадмыг хийхийн тулд хүн бүр дор бүртээ анхаарах хэрэгтэй байгаа юм.

Ч.Гэрэлтуяа