А.Отгонбаатар: Монголд Эдийн засгийн биш эв нэгдэлгүйн хямрал үүсээд байна
2014/06/23
Энэ удаагийн ярилцлагын эзнээр 21 аймгаар тойрч оюутан залуус, сурагчидад “Хариуцлга ба Аз жаргал” лекцийг уншаад ирсэн “Монгол залуу хүн” ТББ-ийн тэргүүн, Оюуны олимпын аварга А.Отгонбаатартай ярилцлаа.
-"Монгол залуу хүн" ТББ-ийнхаа талаар манай уншигчдад та танилцуулаач?
-Монгол залуу хүн ТББ 2013 онд байгуулагдсан, байгуулагдаад өдгөө 9 сар болж байна. Бид Монгол хүн, тэр дундаа Монгол залуу хүнийг бренд болгох зорилгоор ТББ байгуулсан. Бид бүхэн гурвын тоог ихэд билэгшээж төрийн бус байгууллагынхаа логонд оруулсан. Монголчууд бид гэрийн бүслүүрээ татахдаа нэг хоёрын гурав аа гэж байгаад татдаг. Энэ тохиолдолд гурвын тоон дээр хүч төвлөрдөг. Тулгын гурван чулуу буюу гурван чулууг тулах цэг болгодог. Нэг үгээр хэлвэл Монгол залуу хүн улсаа мандуулах хүч, бас тулах цэг нь болох ёстой гээд залуу хүний мандан бадрах үйлийг билэгдэж нар сар гал гурвыг 3-ын тоон дээр нь залсан. Ер нь Өнөөдрийн хүүхэд залуусын хүмүүжил, боловсрол 20,30,40 жилийн дараах Монгол улсын өнгө төрх. Бид эх орноо сайхан болгох гээд байгаа бол ирээдүйд хөдөлмөрлөж амьдрах монгол хүндээ л зөв бүгдийг ойлгуулж, тэднийг муу үйл үйлдүүлэхгүй ухамсараар хүмүүжүүлэх хэрэгтэй.
- Таны бодлоор Монголын нийгэмд тулгараад буй хүндрэлтэй асуудал нь юу байна?
- Шууд хэлэхэд Монгол хүн монгол хүндээ итгэх итгэл алдарсан, үүнээс үүдэн нэгнээ дэмжихгүй бүр нэгнээ муугаар хэлэх, доромжлох гутаах үйл нь газар авч байна. Хүн муугаар хэлсэн хүн л шударга зоригтой баатар болох гээд байх шиг. Намайг бага байхад хов зөөх ч юм уу бусдыг жаахан буруутгах гэхээр л хушууг нь хайруулаар хайр гээд л загинадаг байж билээ. ЯГ үнэндээ өнөөдөр Монгол улсад минь Эдийн засгийн хямрал үүсээд байна гэхээс илүү Эв нэгдэлгүйн хямралд нүүрэлчихээд байна. Бид асуудлыг хамтдаа шийдэх гэхээс илүү асуудлаар далимдуулж албан тушаал хайдаг башир арга сураад ч байх шиг. Нэг улсыг хөгжүүлэх гэж байгаа атлаа нэг нэгнээ муулаад байгааг би ойлгохгүй байгаа. Улсаа хөгжүүлэхэд сөрж зогсодог нөгөө талаас илүүтэй алдааг нь засаад өгдөг анд хэрэгтэй байна. Монголчууд бид бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэдэг болохоос Бурууг бусдадаа өгөөд бужигналдаад бай гэж хэлдэггүй. Би сүүлдээ ардын намын зарим хүмүүсийг бид сөрөг хүчин, сөрөг хүчин, сөрөх хүчин гээд байхаар нь бодох юм. Сөрөг хүчин засгийн газрыг муулаад л байх юм бол энэ засгийн газар сайн ажил хийж байгаа юм байна гэж. Яагаад гэхээр сөрөг талын дайсан гэдэг чинь нөгөө талаа сайн үйл хийхээр л саатуулах гэж үздэг биздээ хэ хэ. Бид одоо хувийн намын эрх ашиг гэхээс илүү Монгол улсынхаа эрх ашгийг нэгт татих хэрэгтэй байна.
-Таны бодлоор бид хэрхэн хүчтэй болох вэ?
Бид чинь цөөхөн ард түмэн. Хааяа бодох л юм. 3 сая дахь иргэнээ хүлээж авна бид гурван сая хүрлээ гээд л байна. Гэтэл бид одоох шигээ нэг нэгнээ муугаар хэлдэг нам, бүлэг, нутаг ус гэж баг, тал болон хуваагддаг хэвээрээ байх юм бол гурван сая болоод яах ч билээ. Харин бид 2.000.000-лаа ч гэсэн өөр хоорондоо эвтэй найртай байж үйлээ хийж нэг нэгнээ дэмжээд явах юм бол 20.000.000 сая 2 тэрбум хүнээс хүчтэй байна. Бид бодох ёстой яагаад биднийг өөр хооронд нь хэрэлдүүлээд байна гэдгийг. Үүнийг нь яагаад улс төр гэж нэрлээд байна гэдгийг. Хамгийн сайн ажил хийж чаддаг хүн гэж хэнийг хэлэх вэ гэсэн чинь бусдын ажлын алдааг нь засаад хамтран үйл хийдэг хүнийг хэлнэ гэсэн байдаг.
-Бидний сэтгэлгээнд учир байна уу?
Хааяа тийм ч юм шиг. Зарим хүний хайрын тухай бодол хүртэл алдаатай болчихсон. Аав хүүдээ хайртай, хүүгийнхээ төлөө бүгдийг хийнэ гээд үнсэх атлаа гэртээ тамхи татаж хүүхдийнхээ уушгийг хордуулаад л. Тамхи татаж татаж байгаад найз бүсгүйнхээ уруул дээр үнсэх гэхээр нь бүсгүй нь хайраа чиний амнаас муухай үнэр үнэртээд байна гэхээр аа чи надаас шижиглээд байна уу ч гэх шиг. Тийм муухай үнэртэй байж найз бүсгүйгээ үнсэх гэж байдаг чи өөрөө харин хайртай хүн мөн үү. Тэгвэл Хайр гэдэг юу вэ? Хайртай бүхнийхээ өмнө буруу үйлдэл хийхгүй байхыг л хэлээд байна. Эх орондоо хайртай, Монгол хүн таньд хайртай гэж хэлчихээд л монгол хүнээ муулж, эх орондоо гай болох үйл хийгээд байгаа хүмүүсийг хараад би гайхдаг. Яагаад бид нэг нэгнээ дэмжээд ажиллаж болохгүй гэж.
-Та бүхэн сая 21 аймгаар тойроод ирсэн. Миний сонсcоноор бол БШУЯ сайдын ивээл дор тойрсон гэж?
-Тийм ээ 21 аймгаар тойрсон лекц БШУЯ сайд Л.Гантөмөрийн ивээл дор зохион байгуулагдсан. Бид ирээдүйд очоод лекц уншаад ирсэн. Ирээдүй ирээдүйдээ бид Ирээдүй нь монгол улс, төр нийгмийн өмнө гавьяа байгуулах сайхан хүмүүсдээ лекц уншаад ирлээ. Өнөөдрийн хүүхэд залуусын гарт 10,20,30,40,50 жилийн дараа монголын улсын минь бүх эрх мэдэл, эрх чөлөө очно гэдгийг мартаж болохгүй. Чин сэтгэлээсээ эх орноо гэж байгаа хүмүүс өнөөгийн хүүхэд залуусыг л сайн хүн болгох гэж ухаан бодлоо зараасай гэж боддог. Яг энэ үүднээс л БШУЯ сайдыг биднийг дэмжсэн гэж ойлгож байгаа. Өөрөө ч хэлсэн. Та бүхнийг лекц унших гээд яваад очихоор чинь улс төр, гантөмөрийн сурталчилгаа гэж харах вий. Ийм биш гэдгийг нь сайн ойлгуулж хэлээрэй. Уг нь бол Сайд хүний хувьд хийх ёстой ажил минь. Би та нараар дамжуулаад оюутан, сурагч нартаа “Хичээгээрэй сурагчидаа”, “Хичээгээрэй оюутнуудаа” гэдэг үгийг чин сэтгэлээсээ захиж хэлье гэж л хэлсэн. Бид бас л энэ үгийг хэлэхэд нь бодсон яагаад сайн үйл бүхэн улс төр гэж хардаг болсон юм бол доо гэж. Ер нь бол орон нутагт лекц энэ тэр бол их дутмаг байдаг юм байна лээ. Бидний ажлыг дэмжсэн ХААИС ректор Т. Хэрүүга МУБИС-ийн ректор Мөнхжаргал, проректор Алтанцэцэг, ШУТИС Ректор Очирбат, Проректор Намнан зэрэг хүмүүст маш их баярлалаа.
- Лекцийн агуулга юу байв?
Сайн сургуульд орж сайн мэргэжил сонгоно гэхээс илүү миний дүү нар мэргэжилдээ сайн хүн болоорой гэдгийг ерөнхий боловсролын сургуулиа төгсөж сурагч нарт гол болгож хэлсэн. Бид бас багш мэргэжлийн сайхныг таниулах эрхэм үүрэгтэй явсан. Хүнийг хүн болгох эрхэм үүрэг багш хүнд бий. МУБИС-ийн удирдлага БШУЯ-ыг багшийн мэргэжилд илүү анхаарч байгаад би их баяртай байгаа. Багш сайн байваас Улс ороны минь ирээдүй сайн байх гарцаагүй шүү дээ. Их дээд сургуулийн оюутан залууст ихэвчлэн хариуцлагын талаар ярилцсан. Ер нь бол лекц маань тэр чигтээ ухаарал өгөх жишээтэй байдаг.
-Та бүхний дараагийн төлөвлөсөн ажлууд?
-Өө зөндөө байна өө төлөвлөсөн ярьсан нийгэмд хэрэгтэй олон төрлийн ажил байна. Биднийг дэмжээд, мөнгө төгрөгөөр туслаад өгвөл хийх ажил их байна. Монгол хүн Монгол хүндээ итгэдэг, Монгол хүнээ хайрладаг, дэмждэг тийм л нийгмийг бий болгомоор байна. Сайн үйл хийх гэдэг үнэхээр хэцүү. Сайхан үйл бодоод л явж байтал хэн нэг нь гомдмоор юм асууж бас тэр асуусан бодлоо тулган болоогүй гэм хийгээгүй байхад доромжлоно. Ёстой л сүү мэт сэтгэлийг ээдүүлээд тос мэт сэтгэлийг царцаана гэдэг нь болдог. Нэг зүйлийг л сайн бодоорой. Энэ улсыг чинь Монгол хүн л сайхан болгохгүй юм бол өөр ямар юм нь сайхан болгох юм. Тиймээс бид нэг нэгэндээ итгэж, дэмжих хэрэгтэй. Одоо үүсээд байгаа асуудлыг бид эвтэй байх юм бол маш амархан давах болно. Сайхан цаг ирж байгаа. Бидний өвөг дээдэс хэлдэг Монголын минь заяа буян их гэж.
Ярилцсан: Б.Батбаасан
Зочин · 2014/06/24
Сайн байна. Залуу хүн гэхэд болжил байна. Харин нам дагаад яваад өгөвдөө. Уг нь энэ мэт залуус олон гарч ирээд сайн хүмүүсийг нэгтгэх юм бол сайн л байна. хичээгээрэй.
Зочин · 2014/06/24
Zuw l bodoltoi zaluu yumaa. Gehdee chi muu humuusees hol baigaarai
Зочин · 2014/06/24
shn yariltsalga boljee