Сүүлийн үед зарим телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга цацагдаж байгаа “Зуун чухал сэдэв” нэвтрүүлэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнол, манай орны мөнхийн хөрш болсон хоёр улстай харилцах харилцаанд сэв суулгахуйц агуулгатай, гүтгэлэг, заналхийллийн шинжтэй байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр худал хуурмаг мэдээлэл, өөрсдийнхөө үзэл бодлыг зохион байгуулалтайгаар түгээн иргэдийг талцуулан хагаралдуулж байгаа нь бидний цөөхөн монголчуудын дунд байж болшгүй үзэгдэл юм.

Тиймээс үндэсний аюулгүй байдалд харш, хэт туйлширсан үзэл бодлоо олон нийтэд тулгаж, нэвтрүүлэгт оролцсон иргэдийн яриаг өөрсдийн хүсэл зорилгод нийцүүлэн эвлүүлсэн, занан сүрдүүлсэн нэвтрүүлэг, нийтлэл, ярилцлагуудын талаар хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэртэй арга хэмжээ авах болсноо хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
                                                

                                                         МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР