Дэлхий дээр амьдрал үүссэнтэй харьцуулахад хүний зүйл маш хожим буй болжээ. 10 сая жилийн өмнө хүн дүрст амьтан, нэг сая жилийн өмнө хүний төрөл, харин ухаант хүн ердөө 100 мянган жилийн өмнө үүссэн. 3,6 тэрбум жилийн өмнө манай дэлхийд амьдрал буй болсон гэхээр бид үүний 36 мянгад хуваасны нэгд ноогдох богино хугацааг туулжээ.

Ингэхээр хэл яриа үүссэний 15 мянган жил, иргэншил төрсний 6 мянган жил, хүн төрлөхтөн үйлдвэржсэний 300 жил, нэг хүний амьдралын 70 жил юутай өчүүхэн, тэр бумаар тоологдох аугаа их хувьслын зураг дээр цэг ч эзэлж чадахгүй бяцхан үртэс ажгуу.

 

 

Хүн өнөөдөр манай гаригийг бүрэн эзэмдэж байна. Цэцэглүүлж ч байна, засаж ч байна, сүйрүүлж ч байна. Ариун сударт өгүүлэхдээ Бурхан хүнийг энэ дэлхийг захируулах гэж бүтээжээ. Буддагийн сургаснаар хүн нь бусад бүхий л амьтадтай ижил эрхт бие бөгөөд үхэшгүй сүнс нэг хэлбэрээс нөгөөд шилжихдээ зарим нь хүний биеийг олдог бололтой. Өөрөөр хэлбэл хүнд тусгай юм юу ч үгүй аж.

 

 

Шинжлэх ухаан хүнийг бусад бүх амьтанаас илүүтэй сүрэглэх чадвар нь гоц болохыг онцолдог. Шоргоолж, зээр зэрэг бусад сүрэглэх амьтнаас ялгаатай нь зөн билэгт бүрэн захирагддаггүй, шинэ нөхцөлд шинэ зохион байгуулалтанд орж чаддаг ухамсарт сүрэг ажгуу. Хомо сапенс хэмээх ухаант хүний өмнө нэндэрталийн хүн гэх нэгэн зүйл үүсчээ. Эдний яс ялангуяа Европоос их олддог. Гал олсон, тодорхой авиагаар хоорондоо нэлээд нарийн ойлголцдог энэ хүн-сүрэг бие томтой, сэтгэх чадвартай байжээ. Хэрэвзээ араас нь бид буй болоогүй бол эд одоо дэлхийг захирч байх байсан ч юм билүү? Төв Африкт үүсэн улмаар бүх дэлхийгээр тархсан хомо сапенс гэгдэх бид нэндэртальчуудтай үзэлцэн тэднийг умарт туйл руу шахан хөөжээ. Хөөрхий тэд мөстлөгийн үед бүрэн сөнөсөн байна. Бид тэднээс сүрэглэх, зохион байгуулагдах чадвараар илүү байжээ. Ингээд хүний зүйл өөрийн баг бүлэг дотор ганцаар хоцорч, ямар ч өрсөлдөх өөр амьтангүйгээр манай гаригийг эзэгнэх болж. Хүмүүс сүрэглэх чадвараа улам төгөлдөршүүлж отог овог, аймаг гэж явсаар төр улс, шашин гэх мэтийн сюпэр сүргийн тогтолцоо бодож олжээ. Хувьслын явцад хүмүүс арьстан үүлдэр болон хоорондоо ялгагдсан төдийгүй түүхийн явцад хэл үүсэж үүнээ даган бие даасан соёлууд, улмаар иргэншлүүд бий болжээ. Нэгэн зүйлд хамрагдах хомо сапэнс биенээсээ ялгагдах биологийн болон соёлын ялгаануудтай болж авлаа.

 

Хувь хүн сүрэг дотроо хүчтэй. Сүргээс шахагдвал хүн шиг өчүүхэн арчаагүй амьтан өөр үгүй биз. Эртний хүн нь сүргээсээ тасарвал наад зах нь араатанд бариулна, цаашилбал хамтын бүтээл болох оромж хүнс зэргээсээ сална. Сүрэг төгөлдөршихийн хэрээр хувь хүмүүсийн оюуныг эзэмдэх болжээ. Үүний нэг илэрэл нь шашин. Шашинаар гадуурхах, сүм хийдээс хөөх, улмаар тэрслэгчдийг бие мах бодийн хувьд устгах явдал хүний түүхэнд дэндүү элбэг үзэгдэл байв. Шашин хүчирхэгжих тутам түүнд хамаарах хувь хүн жижигрэнэ. Яг үүнтэй Төр ижил. Улс орон үндэстэн, улсын ба төрийн эрх ашиг гэдгээр гишүүдийг нийгмийн сүргийн хүчтэй зохион байгуулалтанд оруулж салж тасрах гэснийг хатуу цээрлүүлнэ. Ялангуяа тоталитар дэглэм энэ талаар гаажтай. Нацизм, коммунизм нь нам гэсэн сюпэр сүргийн элит бүлэг байгуулдаг ба эндээс гадуурхах, хөөх нь хувь хүнд том цохилт болдог. Чухам ийм нийгэмд сүргийн хүч чадалд наалдан түүнд үнэнч байх эсбөгөөс зохицуулах үүрэг хүлээснээр хувь хүн хүчирхждэг байна.

 

Сүргийг захирахаар онцгойрон ялгарч хүчирхэгжсэн удирдагч бие хүн олон байсан. Гэтэл тэднээс шал өөр утгатай онцгойрогчид бас бий. Эд бол сүргээс тасрах, бие даах, үл хамаарах оролдлоготон хүний түүхэнд байнга л үзэгдэж байлаа. Шизофрени өвчтөнөөс авахуулаад сартваахи ухаантан хүртэл нийгмийн янз бүрийн спектрыг хамаарна. Иймээс эд үргэлж гадуурхагдаж байсан. Сүрэг тэднийг хатуу цээрлүүлнэ. Галиллей сүрэгт бууж өгсөн боловч хаалгаар гарахдаа “гэхдээ л эргэдэг л юм даа” гэж байв. Бруно бууж өгөлгүй амьдаараа шатаагдсан. Гээд үе үеийн аугаа сэтгэгчдийн ятгалгаар хувь хүний эрхийг хүлээн зөвшөөрсөн нийгмийн тогтолцоо буй болсон юм. Бие хүн сүргийг үл тоож болно, сүрэг үүний төлөө цээрлэл үзүүлэхгүй. Олонхи шийдвэр гаргана, цөөнх оршин тогтнох төдийгүй үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэсэн маягаар томъёологдов.

 

 

Хууль орчны ийм бололцоо гарсан боловч хүн хэмээх нь угаасаа л сүргийн амьтан учир үй олноороо сүргээ нулимаад ганцаараа тэнээд явчихсангүй. Ерөнхийдөө сүргийн бүтэц хуучнаараа л оршин тогтносоор. Гээд хоёр гурван зуун жил өнгөрөхөд өөрийн бодолтой, түүгээрээ бахархдаг, сүргээс хамаарах хамаарал нь бага болсон, өөрийгөө илэрхийлэх чадвартай, биеэ тоосон хүчирхэг бие хүмүүс үй олон болжээ.

 

 

Технологийн дэвшил ийм хүчирхэг бие хүмүүсийг улам олшруулах нөхцөл бүрэлдүүлэв. Мэдээж сүргээс ор тас тасран Робинзон Крузо шиг амьдрах хүн гарахгүй. Учир нь угаасаа л хүн нь сүргийн амьтан. Биологийн дизайн нь тэр юм. Харин хүний өөрийнх нь зохиосон сүргийн дэд болон дээд бүтцүүдийн хана хэрэм нурж унаж байна гэсэн үг. Гэвч гэр бүл гэсэн байгаллаг, компани маягийн ашиг сонирхлын, найз нөхөд гэсэн сэтгэл санааны, төр, шашин мэтчилэнгийн сюпэр сүргийн бүтцүүд хүний нийгмийг үргэлж дагах болно. Энэ бүтцээс хэн ч ангид байхгүй боловч эдний алинаас нь ч асар бага хамааралтай хүчирхэг бие хүмүүс үржин олширлоо. Харин сул доройчууд сүргийн амьдралаас бүрэн хараат төдийгүй улам ахиу хамааралтай болохоор тэмүүлнэ. Нэг хэсэг нь сүргээр тэжээлгэх гэж тэмүүлдэг бол нөгөө хэсэг нь сүргийн нэр сүр хүч чадлын буянгаар өөрийн биеийг хүчирхэгжүүлэх гэж зүтгэнэ. Эхний хэв шинжийнхэн төрөөс болон сүм хийдээс улам ихийг нэхэж зүгээр тэжээлгэх гэсэн хандлагатай. Сүүлчийн хэв шинжийнхэн төр болон сүм хийдэд чухал алба хашиж сүргийн нэрээр бусдыг далайлган хүчтэй мэт харагдах гэсэн эрмэлзлэлтэй.

 

Төрд яагаад нийгмийн хамгийн адаг шаар болсон хэсэг нь очиж овооролддог шалтгааныг Фрэдэрих Хаек хачин гоё тодорхойлсон байдаг. Тэд сул дорой байдаг, нээлттэй нийгэмд амиа аваад, хүүрэн биеэ тээгээд явах чадвар мөхөс байдаг, иймээс төр рүү үхэн хатан зүтгэж түүний найдвартай нэг эрэг шураг нь болдог аж. Төрийн болон шашны ажлыг итгэл үнэмшлээрээ гүйцэтгэдэг, түүндээ мэргэшсэн үнэнч шудрага олон хүн бий. Гэтэл сүргийн дээд бүтэц болсон эдгээр институциүд дампуурсан, эв эеэ олохоо больсон, суларсан үед нь адаг шаарууд чихэн орж ирж үнэнч шудрага нэгнээ шахан гаргана. Гааль, цагдаа, татварын алба, нийгмийн даатгал, шүүх, төрийн яамд, мэргэжлийн хяналт зэрэг иргэдийг дарамталж болдог төрийн байгууллагуудад үнэнч шудрага хүмүүс бий нь бий л байх, гэхдээ ерөнхий бүрэлдэхүүнийг нь харахад олонхи нь тийш орох гэж чихэлдэн явсаар эцэст нь төрийн нэрээр гэмтэй гэмгүй хүмүүсийг айлгаж явдаг “хүчирхэг нэгэн” болдогийг бүгд харж байгаа. Хүчирхэг юм уу гэтэл төрийн хүнд суртлын машинаас нь салгаад хаячихвал эрэг дээр шидэгдсэн загас шиг хэд ангалзаад л үхнэ. Тэгэхээр тэдний хүч сүргийн эрэг шураг болсондоо байна.

 

Тэртээ 100 мянган жилийн өмнө Төв Африкт үүссэн хомо сапенс сүрэг сүргээрээ тал тал тийш нүүдэллэн одож таран байрлажээ. Бурхан тэдэнд сүргийн амьдрал заяасан. Түүнээс гадна өөр хэнд ч өгөөгүй оюун ухааныг давхар бэлэглэсэн юм. Магадгүй энэ нь хомо сапенсийн байгаллаг ба оюунлаг хоёр тал нь байх.

 

Арга билэг ч юм уу! Бурхан буг ч юм уу! Гэрэл сүүдэр ч юм уу! Нэгэнт Бурхан ингэж заяасан болохоор хүний нийгэм сүргийн бүтцээрээ л явсаар дуусах байх. Гэхдээ хүний оюунлаг тал нь сүргээс дайжих, тусгаарлах, үл хамаарах эмэлзлэлийг үргэлж төрүүлнэ. Өдгөө хүний аль ч үед байгаагүй олон хувь процент бие даасан хүмүүс бий болсон. Хүн бүр нийгмийн өмнө, хуулийн өмнө тэгш эрхтэй, чөлөөт худалдаа солилцоо нээлттэй, мэдээллийн технологи бүхэнд хүрэлцээтэй болсон үед энэ нь үй олныг хамрах бололцоотой болжээ. Бие даасан хүчирхэг хүн юутай бахархалтай, юутай сүртэй! Сүргийн эрэг шураг юутай гутамшигтай. Гэвч эрэг шурагнууд өөрийн гутамшигтай төрхийг мэддэггүй. Тэдний энэ хорвоод ирсэн зориулалт нь өөр юм даа. Гуанзанд орж ирсэн хүн гайгүй цадъя гэсэн ганц зорилготой байдаг биз дээ.

 

 

Баабар