Жүжигчин Б.Мишээлийн ээж Ж.Цэцэгээ: Охидынхоо боловсрол, сайхан сэтгэл, хандлагад анхаардаг
2024/03/07
Энэ удаагийн “Орчлонгийн сайхан ээж” буланд Жамъяндоржийн Цэцэгээтэй ярилцлаа. Тэрбээр жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Мишээлийн ээж юм. Түүний ханийг С.Буянжаргал гэдэг.
Ханьтайгаа ханилаад 40 жил болжээ. Тэдний гурван охин нь урлагийн салбарт нэлээдгүй амжилттай яваа юм. Тэрбээр дөрвөн зээтэй, ээж бас эмээ. Өдрийн сонины реклам, зар сурталчилгааны албанд менежерээр 20 жил ажилласан. Одоогоор ханьтайгаа хамт хувийн бизнес эрхэлдэг.
-Таны охидтойгоо авахуулсан зургийг тань харсан. Их сайхан харагдаж байна лээ. Охид нь өөр өөр мэргэжилтэй юү?
-Манай том охиныг Б.Дөлгөөн, дунд охиныг Б.Мишээл, бага охиныг Б.Үжин гэдэг. Том дунд охин маань гэр бүлтэй. Харин бага охин одоо БНСУ-д Сөүлийн үндэсний Их сургуульд суралцаж байгаа.
Манай Мишээлийг “Нийслэл хүүхэн” киноны Гоомаралын дүрээр нь андахгүй байх. Бага охин Үжин дунд ангиасаа л клип, кинонд тоглосон. Ноднин “Шинэ монгол” сургуулийг төгссөн. Том охин Дөлгөөн маань тухайн үеийн Орос 14 дүгээр сургуулийг төгссөн. Унаган орос, англи хэлтэй. Хоёр хүүхдийн ээж. 2007 онд олон улсын миссийн тэмцээнээс Зэс эрдэнийн өргөмжлөл авч байлаа. Одоо влог хөтөлж явуулж байгаа.
-Хоёр охин нь жүжигчин мэргэжилтэй. Ээж хүний хувьд охидоо харамлах үе гарах байх. Ер нь олны танил болоод ирэхээр охидоо хэр харамлаж байна?
-Ер нь жүжигчин болгоно гэж бодоогүй явсан. Манай Мишээл “Орчлон” сургуульд сурдаг байхдаа л урлагийн үзлэгт орж, алтан медаль аваад авьяас нь тодроод ирэхээр өөрөө жүжигчин мэргэжлийг сонгосон. Бага охин болохоор эгчийгээ дуурайгаад л реклам, клипэнд тоглож эхэлснээр энэ мэргэжилд илүү татагдсан. Байгууллагаас рекламд тоглох санал ч ирдэг. Ер нь л гадаад төрх, авьяас чадвар нь урлагийн мэргэжил сонгоход нөлөөлсөн байх.
-Охид нь жүжигчин болно гэхэд та яаж хүлээж авсан бэ?
-Мишээл урлагийн үзлэгт орж амжилт гаргаад ирснээс хойш жүжигчин болохоо шийдсэн. Тэгээд СУИС-д шалгалт өгсөн. Миний хувьд урлагаар явуулна гэж огт бодож байгаагүй. Хүүхдүүдийнхээ сонирхлыг л дагасан. Тохироо нь бүрдэнэ гэдэг шиг л гоо сайхан, авьяас байсан болохоор энэ мэргэжлийг сонгосон байх. Нийгэм ч өөр болсон учраас өөрсдийнхөө хүсэл сонирхлыг нь дагаж байгаа.
-Охид нь таны санаанд хүрэхээр байж чаддаг уу. Хүүхдүүдээ өсгөх таны философи юу вэ?
-Би өөрөө таван хүүхэдтэй айлын том нь. Хүний сайн хань байх тал дээр их анхаардаг. Хүмүүс гоо үзэмж талаас нь хардаг байж магадгүй. Миний хувьд охидоо хайрлаж, дээд боловсролд нь их анхаардаг.
Тиймдээ ч гадаад хэлтэй, зөв хандлагатай болж өссөн. Хэлэх үг, гэртээ байгаа байдал, аав ээж, ханиа халамжлах гээд өөрөө охиддоо үлгэр дуурайлал байхыг хичээдэг. Аливаа зүйлд хандах хандлага, эерэг сэтгэлгээг эрхэмлэдэг. Ер нь л сайхан сэтгэлтэй, зөв бодолтой байх логикоор л хүмүүжүүлдэг.
-Багаас нь л боловсролд нь анхаарсан болохоор одоо илүү амжилттай яваа юм байна даа?
-Зах зээлд шилжих тэр үеэс л хань бид хоёр хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч эхэлсэн. Одоо Үжин маань 10 жилдээ япон, англи хэл сурсан. Одоо солонгос хэл сурч байна. Дөлгөөн хуучин орос 14 дүгээр сургуульд сурдаг байсан учир унаган орос, англи хэлтэй. Мишээл ч мөн орос, англи хэлтэй.
-Та ч гэсэн залуудаа их сайхан эмэгтэй байжээ. Гоё сайхан байхын нууцыг юу гэж боддог вэ?
-Баярлалаа. Аав ээж, өвөө эмээгээсээ гоё сайхан байна гэдэг чинь нэг талаасаа хувь тавилан л гэж хардаг. Хүмүүс гадаад гоо үзэмжийг харахаас илүү дотоод гоо сайхныг харж чадахгүй шүү дээ. Гоё сайхан байхын утга учир нь сайхан сэтгэлтэй л байх хэрэгтэй. Сайхан сэтгэлтэй байна гэдэг нь өөрөө цаанаа асар их утга учрыг агуулдаг. Нөгөөтэйгүүр сайхан сэтгэлтэй байна гээд юм бүхнийг уучлаад явна гэсэн үг биш юм. Зөв зүйл дээрээ зөв, буруу зүйл дээр бурууг дэнсэлж чаддаг байх хэрэгтэй. Хүний сайн хань, сайхан сэтгэлтэй хүн гэр бүлээ сайхан авч явдаг. Ханийнхаа алдаа оноог хэлж, сайн сайхнаар нь бахархаж, баярлаж чаддаг.
Хүүхдүүдийнхээ сайн аав байлгаж чадах тал дээр л анхаардаг байх ёстой. Би бол охидынхоо бахархал болсон хоёр сайхан хүргэнтэй. Миний хувьд ханьтайгаа ханилаад 40 жил болж байна. Анхны минь хайр. 10 жилээсээ үерхэж нөхөрлөөд одоог хүртэл хамт амьдарч байна. Одоо бид хоёр хувиараа бизнес эрхэлдэг.
Харин манай аав, ээж 80 хүрч байгаа. 60 жил хамт амьдарч байна. Аав, ээж маань үр хүүхдэдээ маш сайхан үлгэр дуурайлал үзүүлж өсгөсөн. Тиймээс л гэр бүл нь өв тэгш амьдарч байна. Аав ээжээс өвлөж авсан зүйлээ би одоо үр хүүхдүүддээ үргэрлэж, үлдээж явна даа.
-Аав, ээжээсээ үлгэр дуурайлал авч, түүнийгээ охиддоо зааж зөвлөдөг гэлээ. Таны аав ээж аль нутгийн хүн бэ?
-Манай аав орос гаралтай буриад хүн байдаг. Ээж маань Увсынх. Би өөрөө Улаанбаатарт өссөн. Өвөө, эмээ, аав ээж, гэр бүлийн хүмүүжил хүүхдүүдэд их нөлөөлдөг. Ээж гэртээ ямар байхаас гэр бүлийн уур амьсгал өөрчлөгдөх жишээтэй.
Эмэгтэй хүн өөрөө зөв байж аливаа зүйлийн тунг нь тааруулаад явбал тэр гэр бүл аз жаргалтай, зөв байна. Залуучууд маань ч гэсэн ийм байгаасай гэж хүсэж байна.
-Таны аав ээж танд юуг илүү захиж, зөвлөдөг байв?
-Манай аав надад айлын эзэгтэй хүн тэвчээртэй, үр хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулдаг байгаарай. Зөв эмэгтэй бол нөхрөө аваад явчихдаг. Удам угсаа үргэлжлэл гэдэг зүйл чухал байдаг, зөв авч яваарай гэж захидаг байсан.
-Охидтойгоо уулзахдаа ихэнхдээ ямар сэдвийн тухай ярилцдаг вэ?
-Ер нь болж өгвөл хүүхдийн хүмүүжлийн талаар ярьж, зөвлөдөг. Зөв дадал зуршилтай байх тал дээр анхаардаг. Мөн үр хүүхэд, ханиас гадна бусадтай ч гэсэн зөв харьцах талаар л их ярина. Манай охид миний яриаг их сайн ойлгож, сонсдог. Ээждээ эрхэлнэ. Манай Мишээл хааяа ээжээрээ шоглоно. Том охинтойгоо хоолны сэдвээр ярих дуртай. Мишээлтэй харилцаа, хандлагын талаар, Үжинтэй сурлага, боловсролын талаар ярилцдаг. Нас насанд нь тохируулаад л ярилцах сэдэв өөрчлөгддөг.
-Ер нь охидоо ямар кинонд тоглоосой гэж хүсэж байна?
-Мэргэжлийг нь ойлгохыг хүсдэг болохоор тийм кинонд тоглоосой гэж боддоггүй.
Хүний нүдэнд харахад амархан мэт харагддаг боловч хэцүү, хүнд мэргэжил. Өдөр шөнөгүй зураг авалтаар явна. Тэр үед нь чадах зүйлээрээ дэм тус болоод л явахыг хичээдэг. Монголд кино зураг авалт цаг наргүй, олон өдөр шаарддаг. Ядраад ирэхэд нь хоолыг нь хийчихсэн, үр хүүхдийг нь хараад сайн ээж, сайн эмээгийнхээ үүргийг биелүүлээд, туслахыг боддог. Миний мэргэжил багш. Орост багшийн дээд сургууль төгссөн. Жүжигчний мэргэжлийн хүнд, хэцүүг дэргэдээс нь хардаг болохоор хүйтэн голд орох ч юм уу, жаахан ажиллагаатай хүнд дүрд тоглохоор эмзэглэх гээд байдаг юм. Охидоо хайрлаад байдаг юм аа. Гэхдээ дүрээ маш сайн гаргадаг болохоор асуудалгүй. Нэгэнт л энэ мэргэжлийг сонгосон учраас ажлаа сайн хийж, дүрээ тод бүтээж чадаж байхад л болно.
Д.ОТГОНТУЯА
Зочин · 2024/03/10
ediin dontoi shunaltai
Зочин · 2024/03/07
JARGAAN80955877
Зочин · 2024/03/07
HARGLTSI XNAAD80955877
Зочин · 2024/03/07
XALYYTSTL80955877
Зочин · 2024/03/07
44DSH XUNI UILCHLI80955877
Зочин · 2024/03/07
S XN80955877TSGN