Маргааш Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан болон шороон шуурганы гамшигт үзэгдэл зургаан цагаас дээш үргэлжилнэ
2024/03/26
Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал танилцууллаа.
Тэрбээр "Ихэнх нутгаар цасан бүрхүүл задарлаа. Одоогоор Увс аймгийн нутагт хамгийн зузаан буюу 28-38 см цасан бүрхүүлтэй байна.
Өнөөдрөөс баруун аймгуудын нутгаар цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж эхэлж байгаа. Энэ үзэгдэл үдээс хойш эхэлнэ. Тодруулбал Завхан аймгийн нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл болно.
Говь-Алтайн нутаг , Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр хүчтэй салхитай байх сэрэмжлүүлгийг өчигдөр өгсөн.
Одоогийн/11:00 цагийн/ байдлаар Завханы хойд хэсэг, Увсын зарим сумын нутгаар цас орж байна. Үдээс хойш цас эрчимтэй орно.
Өнөөдөр Өвөрхангайн өмнөд, Дундговь аймгийн нутгаар хүчтэй салхилж, шороон шуурганы аюултай үзэгдэл болно.
Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Төв аймгийн нутгаар цасан шуурга аюултай хэмжээнд хүрнэ.
Маргааш/2024.03.27/ өдөртөө Хэнтийн өмнөд хэсэг, Дорнодын нутгаар хүчтэй цасан шуурганы аюултай үзэгдэл, Сүхбаатар аймгийн нутгаар гамшгийн үзэгдлийн хэмжээнд хүрнэ.
Хүчтэй салхи:
Гуравдугаар сарын 27-нд өдөртөө Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр хүчтэй салхины болон шороон шуурганы аюултай үзэгдэл болно.
Дорноговь аймгийн нутгаар салхи 28-34м/секундэд хүрч, шороон шуурганы гамшигт, Сүхбаатар аймгийн нутгаар цасан шуурганы гамшигт үзэгдэл болно. Энэ үзэгдэл зургаан цаг, түүнээс дээш үргэлжилж, салхи 16м/секундээс дээш гарна. Иргэд өглөө цаг агаар гайгүй болохоор хол замд гарчихдаг, цаг агаарын гамшигт үзэгдэл үдээс хойш эхэлнэ.
Маргааш Дорноговь, Сүхбаатар аймгийн нутаг руу гарахгүй байхыг анхааруулж байна. Хүүхэд, өндөр настай хүнийг малд явуулахгүй байхыг зөвлөе. Хүйтэрч, зам даваа хаагдаж болзошгүй.
Ихэнх нутгаар хүйтний эрч суларч байгаа ч хаврын хавсаргатай өдрүүд үргэлжлэхээр байна" хэмээн мэдээллээ.
Зочин · 2024/03/26
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh