Дөрвөн албан хаагч галын хайгуул хийхээр орсон 3 нь гарч ирсэн, нэгийг нь хайж байна гэв
2024/04/08
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.
НОБГ-ын дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан галын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Галыг унтраахаар 6 ангийн 29 автомашин 90 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Гал бүхэлдээ тархаж шатсан. Давхар бүрт шатах материал ихтэй. Одоо ч хүн орох боломжгүй ажиллаж байна. Хайгуулын ажиллагаа дуусаагүй байна. Манай дөрвөн албан хаагч галын хайгуул хийхээр орсон 3 нь гарч ирсэн. Мөн ажиллаж байсан хоёр алба хаагч хөнгөн бэртэл аваад эмнэлэг рүү явсан.
Гал бол хүний хүчин зүйлээс давсан гамшиг байдаг. Аюулгүй байдал тал дээр манай алба хаагчид багтай үйл ажиллагаа явуулж байна. Хүнд угаартсан хүн байхгүй. Шалтгаан нөхцлийг тогтоогоогүй, одоо ч бүрэн унтраагүй байна. Дотроо газууд байна. Энэ мэдээллийг ажиллаж байсан хувь хүмүүс өгсөн" гэлээ.
Галыг унтраахаар 6 цагийн хугацаанд ажиллаж байгаа ч бүрэн унтраагаагүй байна. Дотогш ороод гарч ирсэн гурван алба хаагчийн хоёр нь хөнгөн бэртсэн буюу угаартаж эмнэлгийн тусламж авч буй юм. Одоогийн байдлаар хайгуул хийхээр орсон нэг алба хаагчийг хайж байгаа гэдгийг хэллээ.