Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн талбайд мопед, суррон, цахилгаан дугуйтай нэвтрэхийг хориглосон байна.

Энэ талаар “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд иргэд эрүүл, цэвэр агаарт алхаж гүйх, дасгал хөдөлгөөн хийх, бага насны хүүхдээ салхилуулах зорилгоор зуны улиралд өдөрт дунджаар 12,000-20,000 хүн зочилдог. Эдгээрийн 50 орчим хувь бага насны хүүхэд байдаг.

Тиймээс иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, тарьсан мод цэцэгсийг хамгаалах зорилгоор хүрээлэнгийн талбай руу цахилгаан дугуй, мопед, сурронтой нэвтрэхийг хатуу хориглодог.

Гэсэн ч өсвөр насны хүүхдүүд хориглосон тэмдгээр дайран орж, мод цэцэгс талхлах, цаашлаад иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол учруулж байна.

Цахилгаан дугуй буюу суррон, мопедыг 18-аас доош насны хүүхэд унаж байх үедээ осол гаргасан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч нар нь хариуцагчаар татагдах журамтай гэдгийг тээврийн цагдаагийн албанаас анхааруулдаг.

Тиймээс эцэг эх, асран хамгаалагч та бүхэн өсвөр үеийн хүүхдүүддээ ухамсарлуулж, хориглосон тэмдгээр  Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн талбай руу нэвтрүүлэхгүй байхыг хатуу анхааруулж байна.

Хориглосон тэмдгээр нэвтэрсэн тохиолдолд манай байгууллага Тээврийн Цагдаагийн Албанд мэдэгдэх болно" хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.

Иргэн бүр ухамсартай байж, хориглосон дугуйтай зорчихгүй байхыг уриаллаа.

Тус хүрээлэнгийн талбай дээр 32 зүйлийн 148,000 ширхэг мод сөөг ургадаг бөгөөд нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг байна.