Төрийн ордны “Нутгийн удирдлагын танхим”-д өчигдөр “Парис 2024” олимп, паралимпын наадам оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцлээ. 

Тодруулбал тус хуралд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны тэргүүн Б.Баттүшиг, тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон бусад албаныхан оролцлоо.

Энэ үеэр МҮОХ-ны тэргүүн Б.Баттүшиг "МҮОХ анх удаа тамирчдын ёслолын хувцасны ивээн тэтгэгчтэй болж Залуучуудын олимпын өмнөхөн "Ханбогд Кашмер" компанитай 700 сая төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хувцас, хэрэглэлээр хангагдах гэрээ байгуулсан. Харамсалтай нь залуучуудын олимпын дараа цахим хэрэглэгчдээс их шүүмжлэл ирсэн тул "Парис 2024" олимпод ивээн тэтгэгчээр оролцохоос татгалзсан.

Сүүлийн мөчид "Michel&Amazonka" компанид хамгийн боломжит хувилбараа гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Ингээд энэ сарын 1-нээс өмнө үнийн саналаа гаргаж өгье гэсэн тохиролцоо хийсэн. 

МҮОХ бол улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй. Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос 125,000 ам.доллар, Азийн Олимпын Зөвлөл (АОЗ)-өөс 250,000 ам.долларын санхүүжилт аваад бүх үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс нээлтийн ёслолын хувцсыг ивээн тэтгэгч байгууллагаар явах ёстой. Гэтэл ивээн тэтгэгч байгууллага олдоогүй. Паралимпын байгууллага тусдаа тул тэднийг яаж зохицуулахыг мэдэхгүй байна.

Тиймээс "Michel&Amazonka" компанийн удирдлагуудтай уулзаад хамтдаа хувцасны загвар гаргаж нийтэд борлуулах замаар гэрээ байгуулахаар тохиролцсон. Спортын хувцасны тал дээр Биеийн Тамир Спортын Улсын Хороо (БТСУХ) хариуцах бол нээлт, хаалтын ажиллагааны ёслолын хувцсыг "Michel&Amazonka" хариуцна.

Спортын хувцас хэрэглэлийн тал дээр Японы "Mizuno" компанитай хамтрах болсон. Өнгөрсөн хугацаанд бид спортын хувцасны олон компанид санал тавьсан ч хариу өгөөгүй" гэж ярилаа.

Үүний дараа "Michel&Amazonka" компаниас ёслолын хувцасны танилцуулгаа хийлээ. Тус компанийн зүгээс төрийн есөн хөлт цагаан туг, олимпын бамбар, нар, сарны дүрслэл, морьтой баатар зэрэг нийт есөн дүрслэл бүхий ёслолын хувцасны загварыг танилцуулсан юм.

Парисын олимпыг дэмжих дөрвөн баг ажиллаж байна

Парисын олимпод оролцох тамирчдыг дэмжих баг гэж байгуулагдсан. Үүнд хоол зүй, спортын сэтгэлзүй, сургалт дасгалжуулалт болон спортын анагаах ухаан гэсэн дөрвөн салбарын багт нийт 24 мэргэжилтэн ажиллаж буй.

Өмнө нь Токиогийн олимпод туршилтын журмаар цөөн хүмүүсийг ажиллуулж байсан бол энэ удаад шигшээ багт орон тоо гаргасан аж.

Тус баг олимпод оролцох болон шигшээ багийн тамирчдын дунд судалгаа явуулж цуглуулсан дата мэдээлэл дээр үндэслэн бэлтгэлээ базааж байгааг албаныхан онцоллоо.