АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн, Намын даргын Ажлын албаны дарга Э.Галбадралтай ярилцлаа. Түүнийг Дүнжингаравын дэргэдэх аймшигт галд өртсөн гэдгээр нь хүмүүс мэднэ. Бээжингийн Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж ирээд намын ажилдаа ханцуй шамлан орсон түүнтэй ярилцахад сонирхолтой байлаа. Түүнээс тийм нэг эр зориг, амьдралын үнэ цэн, ардчиллын төлөө гэсэн зүрх сэтгэл мэдрэгдэж байсныг онцолъё


-Энэ хаврын Монголын нийгмийн шуугиан болсон “Дүнжингаравын гал”-аас амьд гарсан хүмүүсийн нэг нь та. Энэ тухайгаа ч та нийгэмд ярих шиг болсон. Ер нь л хүнд хэцүү аюулыг давах шиг боллоо доо?

-Айхавтар гал дундаас амьд гарч ирлээ. Хүмүүст сэрэмж болох болов уу гэдэг үүднээс гал усны аюул, газ хийн талаар олон үзэгчтэй лайваар орж, зарим нэг сайтад ярилцлага өгсөн. Хүмүүст хэрэг болох байх гэж. Эрсдэл бидний хэнийг ч ялгалгүй дагаж явна. Гэхдээ энэ сэдвээр дахин дахин ярих нь хүнд байна. Ер нь бол би Бээжингийн Цэргийн төв эмнэлэгт найман удаагийн хагалгаанд орлоо шүү дээ. Миний хувьд хүн болоход хэцүү л байсан байх. Гэхдээ босоод л ирлээ. Өнөөдөр ингээд тантай ярилцаад сууж байна.

-Энэ бүгдийг даван туулна гэдэг амаргүй байх. Гэхдээ л та давж чадлаа. Юу танд хүч болов?

-Ер нь л сэтгэл зүй, сэтгэлийн хатаараа л давж байна. Нэг л зүйлийг сайн ойлгосон. Эр хүн ямар ч бэрхшээлийг эр зоригоор л даван туулдаг юм байна. Бүтэн 70 хоног эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа юу эсийг бодох билээ. Гэхдээ би эмнэлгийн орон дээрх 30 дахь хоногоос нь эхлээд эх орон руугаа ярьж эхэлсэн. Эхнэр хүүхэд, ах дүүс, найз нөхөд, за тэгээд Ардчилсан намынхаа журмын нөхөдтэй шууд л ажил төрөл, амьдрал ахуйгаа ярьж эхэлсэн дээ. Миний маргааш хэрхэх нь тодорхойгүй тийм л хүнд өдрүүдэд би эдгэх эсэх тухайгаа биш, харин маргааш хийх ажлаа төлөвлөж, ярьж эхэлсэн. Ингэж байж л босч ирнэ гэдгээ мэдсэн. Хэрвээ өвчнөө бодоод, өвдөж шаналж байгаадаа нервтээд хэвтэж байсан бол өнөөдөр би энд ажлаа хийгээд сууж байхааргүй байсан.

-Та эмнэлгийн орон дээрээс ямар ажил амжуулж байв?

-Олны итгэл хүлээсэн маш их ажил байсан. Тухайлбал, АН маань шинэ бүтэц зохион байгуулалтаар ажлаа ид өрнүүлж, намын дарга Лу.Гантөмөрийн зүгээс надад том итгэл хүлээлгэн АН-ын даргын Ажлын албаны даргад томилсон цаг үеийн эхлэл байлаа. Дээрээс нь би төрийн өмнө ч үүрэг хүлээсэн хүн. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн намууд хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна. Ард түмний эв нэгдэл, нийгмийн сэтгэл зүй тогтвортой байх үндсэн шалтгаан өнөөдрийн тухайд улс төрийн намуудаас маш их хамааралтай. Монгол Улсын ирээдүй хөгжлийн төлөө тэднийг зарчмын нэгдсэн байр суурьтай байлгахад миний үйл ажиллагаа чиглэж ирсэн. Улс төрийн намууд мэдээж өрсөлдөгчид. Нэгнээ шүүмжлэгчид. Энэ нь ардчиллын зарчмаар ил тод явагдана. Харин улс орны тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, Үндэсний үзэл, шашин соёл… гээд тодорхой үнэт зүйлүүд дээр бүх улс төрийн хүчин нэгдмэл байх нь Монголын оршин тогтнохын үндэс. Сүүлийн хэдэн жил ийм л үнэт зүйл, зарчим дээр миний бие Ардчилсан нам дотор ч тэр, Монгол Улсын төрийн тэргүүний дэргэд ч мэдлэг боловсрол, оюун бодлоо чилээн, хичээн ажиллаж байгаа.

-Та харьцангуй залуу хүн ч төрийн болоод олон нийтийн байгууллагын ажлын туршлага ихтэй харагддаг?

-Ер нь л багаасаа нийгэмд ажилласан шүү. Монголын оюутны холбооны Оюутны хөдөлмөрийн биржийн захирлаас эхлээд Монголын оюутны холбооны ажлын албаны дарга, дараа нь УИХ-ын Тамгын газарт референт хийж байлаа. Мөн “Мон-Атом” төрийн өмчит ХХК-ий Стратегийн хөгжлийн газрын даргаас гүйцэтгэх захирал хүртэл ажилласан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга, Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суух Ерөнхий консул, “Нийслэл групп” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байлаа. Одоо бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, мөн АН-ын даргын Ажлын албаны даргаар ажиллаж байна. Улс төрийн орчинд бол би Багахангай дүүргийн АН-ын даргаар идэвхтэй ажилласан хүн шүү дээ. Намын бага, дунд шатанд ажиллах нь улс төрийн маш их туршлага болдог.

-Гадаадад эмчлүүлж байгаад ирсний дараа та голлон ямар ажил дээр төвлөрч байна вэ?

-АН-ын даргын Ажлын албаны даргыг аваад удаагүй байхдаа аюултай юманд өртлөө шүү дээ. Гэхдээ санасан сэдсэн, эхлүүлсэн, зохион байгуулсан олон ажил энд үлдсэн байсан. Зарим хүмүүс хэтэрхий хэнээтэй юм гэж бодож байж ч магадгүй. Яг үнэндээ эмнэлгийн орон дээр наадах цаадахыг бодож, төвлөрөхтэйгөө болсон мөчөөс эхлэн би намын ажилдаа л анхаарч эхэлсэн. Ойр байсан хүмүүс бүгд мэднэ дээ. АН-ын хамгийн том үйл хэрэг бол ардчилсан нийгэм, ардчиллын үнэт зүйлүүдийг л хамгаалах. Тийм нийгмийг бүтээх баталгаа нь Ардчилсан нам байх ёстой. Энэ бол миний хувьд үндсэн зарчим минь.

Ингээд намынхаа нөхөдтэйгөө, журмын нөхөдтэйгөө, хамтран зүтгэгч нартайгаа боломжит бүх сувгаар харилцаж ажил төрлөө ярьж, хийж, үргэлжлүүлж байлаа.

Би ер нь ажлын хэнээтэй хүн. Намайг Бээжингийн Цэргийн эмнэлэгт хэвтэж байхад Монголд таэквондогийн өндөр зэрэглэлийн тэмцээн зохион байгуулагдах гэж байсан. Би Монголын таэквондогийн холбооны ерөнхийлөгч. Тиймээс би зохион байгуулалтын бүх бэлтгэл ажилд оролцох ёстой. Удирдан зохион байгуулах үүрэгтэй. Би хүний нутагт эмнэлгийн орон дээр хэвтэж байгаа ч өөрт байгаа бүх нөөц боломжоороо энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Онгоцноос Монголдоо буугаад л толгой тархи, гар хуруу битүү боолттой амьтан тэмцээний нээлтийнх нь арга хэмжээнд оролцсон. Дараа нь шууд намынхаа байранд ирж, намын даргатай уулзаж ажилдаа идэвхтэй орсон.

-Ийм аюултай эрсдэлийн ард гарсны дараа Монголдоо буухад, журмын нөхөдтэйгөө уулзахад танд ямар байв?

-Ийм аймаар юмны ард гараад ирж байгаа ямар ч монгол хүнд эх орных нь бүх зүйл сайхан харагддаг. Бидний өнөөдөр дотроо шүүмжлээд, зүхээд, муу муухайг нь дуудаад байгаа бүх зүйл үнэ цэнтэй харагддаг. Ийм мэдрэмжийг тийм аймаар юмыг туулаад ирсэн хүн л хэлэх байх. Өнөөдөр надад юу бодогдож байна гэхээр бидэнд байгаа бэрхшээл бүхэн асуудал биш. Зүгээр л бидний шийдэх ёстой, давах ёстой ердийн л зүйл. Ер нь нийгэм, улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн орчин дахь өнөөдрийн шуугиан болж байгаа сэдэв бүхэн над шиг улс төрийн орчинд явдаг, үхлийн хаалган дээрээс буцаж ирсэн хүнд маш энгийн, асуудалгүй даван туулах тийм л процесс болж харагддаг юм байна.

Ер нь бол улс орны хувь заяа ч тэр, хувь улстөрчийн замнал ч тэр эхэнд нь эр зориг явах ёстой юм байна. Тэгж байж аливааг даван туулдаг юм байна. Өнөөдөр надад нэг их айдас байхгүй болсон доо. Монголын ардчиллын төлөө хэлэх ёстой үгээ хэлж, хийх ёстой ажлынхаа ард заавал гарах ёстой л юм байна. Энэ нь надад шинээр нэмэгдсэн нэг зарчим.

-Та өнөөдрийн эрх баригчид, МАН-ын бодлого үйл ажиллагааг яаж харж байна?

-Эрх баригчид яриад л байна. Магадгүй ярьсан болгон нь шуугиан болоод л байх шиг байна. Энэ нь нэг талаасаа авлига, албан тушаалын гэмт хэрэг, хууль бус үйлдэлтэй тэмцэж байгаа мэт харагдаж болно. Бодит үр дүн нь хаана байгаа юм бэ. Нүүрсний хулгай үнэхээр авлигын үүр уурхай мөн л байсан юм бол хуулийн хариуцлага хүлээх этгээдүүдээс ганц хоёрхон хүнд, ганц хоёр жилийн ял өгснөөр дуусах ёсгүй. Нийгэмд хүчээ авснаараа бол армиараа биш юм аа гэхэд ядаж салаагаараа ял авах ёстой. Тийм ноцтой гэмт хэрэг байгаагүй юм уу. За тэгээд, ЖДҮ-гийн, Хөгжлийн банкны, “Ногоон автобус”-ны гэх дуулиан шуугиан болсон гэмт үйлдлүүд үнэхээр авлига, гэмт хэрэг мөн л юм бол хуулийн хариуцлага хэн хүлээгээд байгаа юм бэ. Ямар ч албан тушаалтан хуулийн хариуцлага хүлээсэнгүй шүү дээ. Ер нь бол өнөөдөр ард түмэн сонголтоо дотроо хийчихсэн. Энэ бол бодитой. Захын нэг үсчний газар ороод суухад л “Энэ удаа МАН-ыг сонгож тэнэгтэхгүй ээ” гээд залуус яриад сууж байна. Хандлага бол маш энгийнээс мэдрэгддэг. Өнөөдрийн эрх баригчдын энэ их сүртэй үг, үйлдэл, шуугиантай пиарууд бол усан дээрх хөөс юм. Үлээхэд л алга болно. Үүнийгээ ч МАН дотроо мэдэрч байгаа. Мэдрэх тусмаа АН руу улайран дайрч байна. Гэтэл АН бол эрх баригч биш. Найман жил гудамжинд явж байгааг бүгд мэднэ. Ийм улс төрийн хүчинтэй ямар хариуцлага тооцох гээд байгаа юм бэ.

-Таны ажил цаг наргүй их байх шиг байна. Тиймээс аль болох ярилцлагаа товчилъё. Ер нь энэ жилийн сонгуулийн өнгийг та яаж харж байна?

-Шулуухан хэлье. АН-ын юуг нь шүүмжлэх юм бэ. АН ямар хариуцлага хүлээх ёстой гэж. Эрх баригчид, шийдвэр гаргагчдаас л хариуцлага нэхдэг болохоос эрх бариагүй хүмүүсээс хариуцлага нэхдэггүй. Ер нь өнгөрсөн 30 жилийн засаглалын эрх мэдэл хэний гарт байсан юм бэ. Өнгөрсөн бүх цаг хугацааны 80 хувьд нь МАН л эрх барьж байгааг ард түмэн мэднэ. Ерэн оноос хойших 30 жилийн Монголын хөгжил цэцэглэлтийн царцалт, гацалт, болж бүтэхгүй бүхний хариуцлагыг сөрөг хүчин нэртэй 30 жил шахуу гудамжинд явсан АН хүлээх ёсгүй. Сүүлдээ бүр шүүмжлэл бүхэн, буруу булхайгийн үүр уурхай бүхэн АН болох шинжтэй. Нийгмийн сэтгэл зүйг тэгж угааж байна. Өнөөдрийн бузар булай бүхнийг өөрөөсөө зайлуулах, бултуулах ёс суртахууны эрх МАН-д байх ёсгүй. Үүнийг л ард түмэн маань тогтож бодох ёстой. Сайн тунгаах хэрэгтэй. Сонгогчид үүнийг бодож сонголтоо хийх ёстой.

Р.ХИШИГЖАРГАЛ