Ж.Баярмаа: Сонгуулийн өмнө хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгддэг асуудлыг ТЕГ-аар шалгуулна
2024/05/10
Ардчилсан Намын дэргэд байгуулагдсан “Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсэг бусад нам, ТББ-ын төлөөлөл Тагнуулын Ерөнхий Газрын гадна өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэдний зүгээс "Сонгуулийн өмнөхөн хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгддэг нь сэжигтэй байна. Иймд энэ асуудлыг Тагнуулын Ерөнхий Газар(ТЕГ)-аар шалгуулна" хэмээн хэлж, албан шаардлагаа танилцуулав.
Тодруулбал 230,000 болон 70,000 сонгуулийн царцааг шалгуулах тухай албан шаардлагыг ТЕГ-т хүргүүлж буйгаа хэллээ.
Энэ талаар АН-ын дэд дарга Ж.Баярмаа "Улс төрийн намууд нэгдэж, сонгуулийн үеэр гардаг булхай луйвартай тэмцэж байгаа.
Үүнийг Ардчилсан Нам(АН)-аас санаачилж, бусад намыг уриалсан. Улмаар Социал Демократ Нам, Монголын Хүний Төлөө Нам болон Монголын Уламжлалын Нэгдсэн Нам хамтарч ажиллаж байгаа.
Бид өмнөх сонгуулиудын үеэр гарсан булхай луйврын асуудалд дүн шинжилгээ хийж байна. Эндээс харахад анхаарал татахуйц хэд хэдэн ноцтой асуудал байгаа юм.
Тухайлбал 2020 онд сонгуулийн өмнөхөн нийт 230,000 хүн шилжилт хөдөлгөөн хийжээ. Эдгээрээс 196,000 хүн ам өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сард өөр газарт шилжсэн байна. Энэ бол маш том дүн.
Ганцхан сар буюу 30 хоногийн дотор 200,000 орчим хүн ам шилжилт хөдөлгөөн хийнэ гэдэг бол сэжиг бүхий асуудал.
2024 оны тоон үзүүлэлтийг аваад үзвэл дөрвөн сарын хугацаанд 70,100 орчим хүн шилжилт хийжээ. Энэ шилжилт хөдөлгөөн нь өмнөх гурван жилийн дунджаас даруй 15,500 орчмоор илүү байна. Энэ бол маш онцгой, сэжиг бүхий тоо хэмээн улс төрийн намууд үзэж байгаа" хэмээн ярилаа.
"2024 оны сонгууль дахиад л булхай луйвартай болбол сонгогчид саналаа хамгаалах эрхтэй"
Үргэлжлүүлэн "Үнэхээр байршлаа солиод шинэ газарт очиж амьдарч байна уу, эсвэл өөр ямар нэгэн шалтаг шалтгаанаар хүмүүс дарамтад орсны улмаас бөөн бөөнөөрөө шилжсэн үү гэдгийг тогтоох шаардлагатай.
Ер нь удаа дараагийн сонгуулийн үеэр дандаа луйвар булхай гардаг. Үүний дагуух гомдол саналыг холбогдох байгууллагуудад өгдөг.
Тухайлбал УИХ-ын сонгуулийн булхайтай холбоотойгоор 2020 онд ТЕГ-т 202 гомдол өгсөн юм байна. Аймаг, нийслэлийн сонгуультай холбоотойгоор 70 гомдол гарчээ.
Дээрх гомдол саналыг ТЕГ-аас хүлээж аваад шалгаж байгаа гэж мэдээлсэн боловч хууль зөрчсөн асуудлаар хэн нэгэн нэр дэвшигчийн нэрийг нь татуулсан тухай ямар ч мэдээлэл байхгүй.
Түүнчлэн холбогдох байгууллагын албан тушаалтнуудад хариуцлага тооцсон эсэх талаарх мэдээлэл байдаггүй. Нэг ёсондоо хууль бус үйлдэлд хариуцлага тооцдог тогтолцоо алга.
Энэ асуудлыг таслан зогсоохын тулд эхний ээлжид ганцхан сарын дотор шилжиж нүүсэн 196,000 хүнийг шалгаж, тогтоохыг шаардаж байна. Тэдгээр хүн бүртгүүлсэн хаяг дээрээ одоог хүртэл байгаа юу, оршин суудаг уу гэдгийг тогтоох шаардлагыг ТЕГ-т хүргэж байгаа юм.
Үндсэн хуулийн 3.2-т төрийн эрхийг хууль бусаар авах буюу авахаар завдахыг хориглоно гэж заасан байдаг.
Сонгууль явагдахдаа нэг л хуулийн заалт зөрчсөн бол төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн үндэслэл болно. Тиймээс энэ бүх асуудлыг яаралтай шалгах хэрэгтэй.
2024 оны сонгууль дахиад л булхай луйвартай, хууль бус зөрчилтэй болбол сонгогчид саналаа хамгаалах эрхтэй. Ингэхийн тулд Үндсэн хуулийнхаа дагуу эрх үүргээ эдлэх ёстой" гэж хэлэв.
Тагнуулын байгууллагаас тэдний шаардлагыг гарч ирж, хүлээн авсан байна.
Зочин · 2024/05/10
AXN XUSNG SERELTEI80955877
Зочин · 2024/05/10
SEXSDI80955877TSAGN