Долоо орчим насны хүүхдүүд хүний гавлын яс барьчихсан, тоглож байхыг харсан иргэн цагдаад мэдэгджээ. 

Тус хороонд оршин суугч иргэн Т "Уг явдал 2024 оны тавдугаар сарын 31-нд 14:30 цагийн орчимд болсон. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 032 дугаар цэргийн ангийн хажуугийн шүүхийн байгууллагын хуучны цагаан байрнуудын хойд талын хашаан дотор долоо орчим насны хүүхдүүд бөөрөнхий цагаан, том хүний гавлын яс барьсан тоглож байхыг гэрийнхээ цонхоор хараад гарч очтол үнэхээр хүний толгойн яс байсан.

Хүүхдүүдээс хаанаас олсныг асуухад уг хашаан дотор фундам маягийн дөрвөлжилж ухсан нүхнээс олсон болохыг зааж, тэнд зөндөө яс байсан гэсэн юм. Очоод хартал хүний бүтэн биеийн яс байсан. Ингээд цагдаа дуудсанаар мөрдөгчид мэдүүлэг өгсөн.

Өчигдөр буюу зургаадугаар сарын 4-ний 23:00 цагийн орчимд яг тэр газар цагдаа нар ирчихсэн яснууд гаргаж, зургийг нь дарж байгааг цонхоор харсан" хэмээн ярилаа.

Тэрбээр өөрийн авсан гэрэл зургуудыг ирүүлсэн юм:

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "2024 оны тавдугаар сарын 17-нд Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлын хашаанд газар шорооны ажил хийх явцад хүний гавлын яс гарч ирлээ гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу хэргийн газарт ажиллаж, гавлын ясыг шинжилгээнд өгч, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа.

Хүний яс олдлоо гэх дуудлага дахин бүртгэгдээгүй" гэсэн мэдээллийг өглөө.