Албан тушаалаа урвуулан ашиглаж, сургуулийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан гэх ХААИС-ийн захирал асан Б.Бямбаа нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хянан хэлэлцээд хэрэгсэхгүй болгожээ.

Эл хэргийг эргэн сөхвөл, Б.Бямбаа нь ХААИС-ийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн өмчлөлийн газарт хувийн хөрөнгөөр 2010-2012 он хүртэл хугацаанд баригдсан гурван давхар дутуу гүйцэтгэлтэй 334.924.491 төгрөгийн төсөвт өртөг бүхий барилгыг, дэд захирал Ц.Амарсайханаар хуурамч тушаал гаргуулж, гэрээ  материал бүрдүүлэн, ерөнхий санхүүч Д.Янжмаагаар хууль бус гүйлгээ хийлгэж сургуулийн санхүүгээс “Химон констракшн”-ы дансаар 62 сая төгрөг, “Ариун ар” ХХК-ийн дансаар 341 сая төгрөг, бусад байдлаар 400 сая төгрөг, нийт 803.000.000 төгрөгийг гаргуулан авч, завшсан. Мөн энэ мэтчилэн ХААИС-ийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлэн нийт 954.961.000 төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

Уг хэрэгт нийслэлийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан мөн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй байна гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байна. Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх хэргийг хянан хэлэлцээд Бадарчийн Бямбаа, Цэрэндоржийн Амарсайхан, Батсүрэнгийн  Болдбаатар, Дэлгэрхүүгийн Янжмаа нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж дүгнэн  цагаатгасан байна.

Х.Даваа