"Aqua garden" хотхонтой холбоотой мэдээллийг УИХ-ын Тамгын газарт хүргүүлээгүй байна
2024/09/10
УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сарын 15-30-ны өдрүүдэд хуралдсан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганыг хааж хэлсэн үгэндээ Авлига хороолол буюу Aqua garden хотхоны асуудлыг онцолж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад даалгавар өгсөн.
Тодруулбал, “Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд тэнд очоод голын голдиролд барилга барьж, үерийн эрсдэл үүсгэсэн учир нураа гэдэг чиглэлд өгсөн. Гэтэл түүнээс хойш холбогдох байгууллага, албан тушаалтнууд нэмж зөвшөөрөл өгснөөс авлига хорооллын барилга нэмэгдэж баригдсаар байгаа.
Тиймээс хотын удирдлага үүнтэй холбоотой ямар бодит ажил хийсэн, Ерөнхий сайдыг ажилласан өдрөөс хойш хэн, ямар зөвшөөрөл нэмж өгсөн зэрэг мэдээллийг долоо хоногийн дотор УИХ-д ирүүл. Энэ нь нийгэмд шударга ёс гэж байдаг уу, олон нийтийн эрх ашиг чухал уу гэдгийг харуулах учир үүнд онцгой анхаарч ажиллана” хэмээн даалгасан.
Энэ талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос тодрууллаа.
Тэрбээр “Aqua garden хотхонтой холбоотой мэдээлэл одоогийн байдлаар ирээгүй байна.
Намрын ээлжит чуулган эхэлмэгц энэ асуудлыг анхаарна. Шаардлагатай гэж үзвэл хяналтын сонсгол ч хийж болох юм. Хяналтын сонсголыг холбогдох байнгын хорооны шийдвэрээр хийдэг тул намрын чуулган эхлэхийг хүлээж байна” гэлээ.