1992 оны үндсэн хуулиар эмзэг бүлгийнхний аж амьдралыг нийгмийн халамж болон төр засгийн зохицуулалтанд даатгасан юм. Чухам үүний учир Монголын эдийн засгийн амьдрал төрийн зохицуулалттай байна гэсэн заалт байгаа.

Улсын Их Хурлаар эдийн засгийн аль ямар ч асуудлыг авч хэлэлцэх, тухайн цагийн нөхцөл, байдалтай уялдуулан уян хатнаар шийдвэрлэж байх боломжтой. Улстөрийн амьдралын хувьд ч, эдийн засгийн амьдралын хувьд ч, хэл ба соёлын хувьд ч, хүмүүсийн оюун санааны ертөнцийн хувьд ч, хүн амын боловсрол ба эрүүлийг хамгаалах үйлсэд ч төрөөс зохицуулалт хийх боломжтой, бүр шаардлагатай, төр тийм үүрэгтэй.

 

Боловсронгуй нийгэмтэй, ард түмэндээ чин сэтгэлээс үйлчилдэг төртэй улс орон бүрд төр нь эдгээр үүргүүдээ ягштал биелүүлсээр л байдаг. Харин манайд байдал ямар байна вэ?

 

НЭГДҮГЭЭРТ, Хүн амын амьжиргааны түвшин, бодит орлого: Өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд л байх юм бол яг тэр хэмжээгээр ядуураад л байдаг хэд хэдэн бүлэг айл өрх бий. Энэ бол тогтмол цалинтай, тэтгэвэр, тэтгэмжээр амьдардаг хүмүүс, төрийн албан хаагчдын томоохон бүлэг (эмч, багш нар, бага тушаалын ажилтнууд), мөн өрх толгойлсон эмэгтэйчүүд, ажилгүйчүүд. Хэрэв барааны үнэ 50 хувиар өсчих юм бол тэдний бодит орлого мөн л 50 хувиар буурч тэд 50 хувиар ядуурдаг. Иймээс төр засгаас тэдний цалин, тэтгэврийг барааны үнэ хэдэн хувиар өссөн байна мөн тэр хувиар нь нэмэгдүүлж байдаг. Зарим улс оронд цалин, тэтгэврээс өөр орлогогүй хүмүүст өрхийн туслах аж ахуй эрхлэх боломж, нөхцөлийг төр засгаас бодлогоор бүрдүүлэн өгч нэмэлт орлого олох боломжтой болгодог. Тухайн улс орон идэх хоолоо бүх нэр төрлөөр нь, өмсөх хувцсаа мөн бүх нэр төрлөөр нь, дээр нь нэмээд барилгын үндсэн материалыг бүхлээр нь дотооддоо бэлддэг, үйлдвэрлэдэг бол өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт бага байдаг, тун аажмаар нэмэгддэг. Ийм нөхцөлийг мөн л төр засаг нь бүрдүүлж өгөх үүрэгтэй. Эсрэг тохиолдолд наймаачид, худалдаачид чанар муутай, хямд бараа гаднаас оруулж ирээд л үнийг олон дахин өсгөж зараад л ард иргэдийг мөлжиж, ядууруулж эхэлдэг.

 

Ийм үйл ажиллагаа Монголд маань 33 дахь жилдээ үргэлжилж байна. Манай эм ханган нийлүүлэх систем ч мөн л ийм шинж, байдалтай болсон.

 

Гахай, тахиа, галуу, нугас, зөгий, хүнсний ногоо гэхчилэн аль нэгэн туслах аж ахуй үгүй айл өрх зарим улсад бараг л байхгүй. Хоёр дахь ажил эрхэлдэг, хаа нэгтэй оройн цагаар ажилладаг, гэрээрээ ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүс ч мөн олон байдаг. Төр засгаас тийм хүмүүсийг хөхүүлэн дэмжиж, арга, туршлагыг нь сурталчилж, элдэв хөнгөлөлт үзүүлдэг. Хүүгүй зээл олгодог. Зөвхөн л ээлжит сонгуулийн үеэр, саналыг нь авахын тулд л элдэв заль мэх хэрэглэдэг, хэдэн төгрөг тараадаг улстөрчидтэй болчихсон улс оронд ард түмэн хот, хөдөөгүй л ядуурдаг, гэмт хэрэг ч бүх төрөл, зүйлээрээ өсдөг, томчуудын авдаг авлига бүхэн, шахаа, чавчаа бүхэн, тендерийн булхай бүхэн, нууцалсан гэрээ, хэлэлцээр бүхэн улс орноо бүхлээр доройтуулж, олон улсад нэр төрийг нь унагааж, идэвхтэй хүн амаа гадаадруу алдаж, хөгшид ба хүүхдүүдээ эзэнгүйдүүлж, хүн амаа архаг хууч өвчтэй болгож, улс үндсээ мөхөлрүү нь хөтөлж байдаг.

 

Монгол улс байгалийн баялгаа хамгийн оновчтой арга, хэлбэрээр ашиглах юм бол хүн амынхаа боловсрол олох зардлыг, мөн эрүүлийг хамгаалах зардлыг нийтэд нь төр засгаас санхүүжүүлэх бүрэн бололцоотой.

 

Мөн эдийн засгаа олон салбартай болгож үйлдвэржүүлэх аваас цалингийн доод хэмжээг нэг сая төгрөг хүртэл өсгөх ч боломжтой. 18 аймгийн төв нэг бүрийг юм юмтай хот болгочих юм бол утаа, түгжрэл, орчны бохирдол ч хүнд асуудал биш болно. Хүмүүс халуун хүйтэн устай, төвийн халаалттай тохилог сууцанд орж өвчин, халдвар багасна, чөлөөт цагийн хэмжээ нэмэгдэж хүн амын соёлжилтын түвшин ч дээшилнэ.

           Цалингийн ихэд нь татагдаад гадагшаа гарч залуу насаа мэргэжил үл шаардах хүнд хүчир хөдөлмөр эрхэлсээр өнгөрөөсөн хүмүүс ахимаг насандаа хэн ч биш болж хохирдог жамтай. Дээрээс нь нэмээд гэр бүлээсээ салдаг, эрүүл мэнд нь мууддаг, өтлөх насандаа тэтгэвэр, тэтгэмж ч үгүй үлдэх нь элбэг байдаг. Золбин амьдрал хэзээ ч сайныг авч ирж байгаагүй юм. Тэр тусмаа монгол хүнд! Яг иймэрхүү байдалд 90 оноос хойш ороод 60 орчим, 60 гаруй настай болчихсон, тэжээж өсгөсөн үр хүүхэд ч үгүй хүмүүс хот, хөдөөд олширсоор л байна.

 

Явж явж, тэнэж тэнэж, эцэс сүүлдээ эх орноо бараадаж ирсэн эрчүүдийн байдал насны эцэсдээ тун ч хүндэрдэг юм байна. Зан ааш нь ч ойлгомжгүй болдог юм байна. Би яг бодит хүмүүсийн жишээн дээр үнэнийг өгүүлж буй юм шүү!

 

1992 онд нутгаасаа 26-тай гараад энэ онд 57-той буцаж ирсэн нэгэн эр одоо хаачихаа, юу хийхээ, хэний дэргэд үлдэх насаа өнгөрөөхөө мэдэхгүй болчихлоо гэж яриад сул дэл явж байх юм. Иймэрхүү хүн миний төрөл садны дунд ч буй болчихлоо. Оросуудын ярьдгаар “нохойн үхлээр эцэслэх” ирээдүйг хүн өөртөө бэлдэж болохгүй л дээ. Золбин нохойд хань ижил, үр хүүхэд, гэр орон гэж үгүй. Хаа нэгтээ ганцаараа хэвтэж байгаад л хоол ч үгүй, ус ч үгүй зовиуртайгаар үхдэг байдалтай жишиж энэ үг хэлэгдсэн бололтой. Хөгшдийг харж, асарч байгаад нүд аниулдаг газрууд хэрэгтэй боллоо. Архи, тамхинд донтсон, ганц бие, элэг уушгины архаг өвчтэй орлого, тэтгэвэргүй хүмүүс олшрохоос нийгэм, төр засаг урьдчилан сэргийлж байх ёстой. Ажилгүйчүүд дотооддоо ч ийм байдалд орж байна. Манайд архичид залуужиж, архинд донтсон эмэгтэйчүүд олширсоор л байгаа нь сэтгэл эмзэглүүлэх боллоо. Хайран ч охид, хөвгүүд минь!

 

Ард иргэдийн арчаагүй байдал эцсийн дүндээ л төр, засгийн арчаагүй байдлаас үүдэлтэй байдаг. Өнөөдөр Монголд 90 мянга гаруй өрх толгойлсон эмэгтэйчүүд, мөн 15 мянга гаруй өрх толгойлсон ганц бие эрэгтэйчүүд байна.

 

Ингэхлээр 90 мянга гаруй айлын хүүхэд эцэггүй, 15 мянга гаруй айлын хүүхэд ээжгүй өсөж байна. Тэднийг сургах, хүмүүжүүлэх ажил хот, хөдөөгүй муу байна. Хүүхдүүд эрүүл мэндээрээ ч хохирсоор байна. Түлэгдэж байна, гэмтэж бэртэж байна, тахир дутуу болж байна. Хүүхдүүдтэйгээ хичээл хийх хүн хүч эдгээр айлуудад алга байна. Гэр бүл, үр хүүхэдтэй залуус гадаадруу явж ажиллах хэрээр л гэр бүл салалт өссөөр байна. Өдөрт 800-900 хүн виз мэдүүлж байгааг Солонгосын элчингийнхэн саяхан мэдээллээ. Цааш цаашдаа бүр ч хүнд болохнээ дээ? Өндөр настай хөгшид бага насны хүүхэд харах нь аль алиндаа муу үр дагавартай. Архи, тамхи хэрэглэдэг, хараа, сонсгол муутай, хурдан түргэн хөдлөх чадваргүй хөгшид наад зах нь л хүүхдийн хоолон дотор байгаа хялгасыг харахгүй, хүүхдийг тамхины утаагаар хордуулна шүү дээ. Хөдөлгөөнтэй хүүхдийн хурдыг ч гүйцэхгүй, аюулгүй байдлыг ч хангаж чадахгүй... Хүүхдийн хойноос хөөцөлдөж байгаад ясны сийрэгжилттэй хөгшид өөрсдөө хөл, гараа хугалж байна. Гэтэл барилган, бетонон ширэнгэн ой болж байгаа Улаанбаатарт хүүхдийн цэцэрлэг барьдаггүй, сургууль барьдаггүй, түлэнхийн төвийг хэдэн ч жил барив аа? Төр, засгийн удирдлага, зохицуулалт хэвийн байгаа, сайн байгаа нь энэ үү? Энэ бол зүгээр нэг яриад орхих, хараад сууж байх дутагдал, доголдол биш шүү!

 

Дээд шүүхэд бүртгэлтэй гэгддэг 36 намын удирдлагад эх орондоо хайртай, ард түмэндээ элэгтэй, Монголын ирээдүй болох хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилд санаа зовдог хэдэн хүн байна аа?, тэд юу бодож, юу хийж байна вэ?

 

Төр, засгийн эрхийг гартаа авч байж л сайн зүйл, зөв зүйл хийнэ, наана нь бол “ёстой яршиг л байна” гэмээргүй дээ? Энэ байдлыг л би хувьдаа их гайхах юм. Тэд чухам ямар зорилгоор олон нам байгуулсан юм бол оо? Арай авлига, хулгай, тендер, чавчаа, шахаа, газрын наймаа, лицензийн төлөө биш биз? “Усны эх нь булингартай бол адаг нь мөн булингартай.” “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг.” “Муугийн уршиг олонд, могойн цус тэнгэрт” гэхчилэн олон сайхан сургаал үг буй. 1998 оны намар надад нэгэн цэцэрлэгийн манаач дараах зүйлийг жаахан халамцуу байх үедээ хэлж билээ. Би орой 8 цагийн үед тэр цэцэрлэгийн ойролцоох вандан сандал дээр салхинд жаахан сууж байсан юм. Түүний ярьсан нь: “Ах минь бага цалинтай ажил хийдэг хүмүүсийн амьдрал хүнд байна. Авгай, 4 хүүхдээ ядаж л хоосон хонуулчихгүй юмсан гэж л би буруу зүйл ч хийх боллоо. Манай энэ хавиар золбин, тэнүүлч хүмүүс олон. Тэдний зарим нь хэдэн төгрөг өгье дулаахан коридордоо хонуулчихаач, өглөө эрт босоод явчихнаа гэж гуйх юм. Уг хүнийг бодоод, хэдэн төгрөгийг нь хараад авчихдаг л юм. Сарын дүнгээрээ бол овоо хэдэн төгрөг болчихдог. Ер нь манай цэцэрлэгийн эрхлэгч, багш, туслах багш нар ч эцэг эхээс юм хардаг, тэд ч өгдөг.

 

Дээр нь тогооч нар хүүхдийн хоолноос хагас тор юмгүй харина гэж үгүй шүү дээ. Эрхлэгч маань хүртэл сорчлоод авдаг л байх... Цалин хөлс ахиухан байсансан бол бидний хэн нь ч жижиг сажиг авлига авахгүй шүү дээ” гэхчилэн зовлонгоо тоочиж билээ.

 

Төр засгийн өндөрлөгт гарсан хэд нь тэрбумтан болцгоодог. Тээр доор байгаа жирийн хүмүүс сараас сард ядуурсаар л байдаг нь энэ улс орныг удирдаж байгаа УИХ, Засгийн газрын л буруу биз дээ? Удирдлагын чанар, чадвар муу, жирийн иргэдийн цалин бага, нялх нойтон хүүхэдтэй, өргөн хэрэглээний барааны үнэ тасралтгүй өсдөг, эм тариа өндөр үнэтэй, боловсрол ба эмнэлэг өндөр төлбөртэй, мэргэжилгүй эцэг, эх, цэцэрлэггүй хүүхдүүд... Уул нь Монголын хүн ам цөөхөн, байгалийн баялаг ихтэй, монгол хүний хэрэглээ бага, даруухан шүү дээ! Аливаа зүйлийн (мөн үзэл санаа, онол, сургаалын) ач холбогдол, нөлөө, тус нь түүнийг хэн, хэрхэн, ямар зорилгоор ашиглаж байна вэ? гэдгээс л 100 хувь шалтгаалдаг. Жишээ нь “Хүний эрх, чөлөөт байдал, ардчилал” гэх уриа, лоозон, зорилгыг өнөөдөр бараг л улстөрийн хүчин нэг бүр огт өөр өөрөөр ашиглаж, ихэнх нь эдгээр үгсээр халхавчлан хулгай, луйвар, мөлжлөг, колончлол, бүр нацист, фашист санаархлаа хэрэгжүүлж байна. Харамсалтай нь тэдний хуурамч үг, сурталчилгаанд автаж төөрөлдсөн олон түмэн тэднийг дэмжиж, төрийн эрхийг тэдэнд өгөөд хариуд нь ядуурч, хэлмэгдэж, бүр амь насаа ч алдаж, улс орноо ч сүйрүүлж, мөхөлд хүргэж байна. Дүрсэлж хэлэх аваас XXI зуунд Ардчилал шиг олон нүүртэй төр засаг алга, зарим нүүрээрээ тэрээр хулгайч, луйварчид, авилгачдыг төрүүлж, зарим нүүрээрээ жинхэнэ ардчиллыг булшилж, зарим нүүрээрээ жанжлалыг дэмжиж, зарим нүүрээрээ ард олныг унатал дустал нь хуурч, зарим нүүрээрээ эдийн засгийн алуурчдыг өөгшүүлж, тэтгэж байна. Ардчиллын уриа, лоозон бол хэний ч сэтгэл татам, сайхан л даа. Гэхдээ ардчиллыг амьдрал дээр хэн, ямар хүмүүс хэрэгжүүлнэ гэж амлаж байгаа, тэр хүмүүс өөрсдөө хэн бэ?, тэдний нууц зорилго нь юу вэ?, тэдний ам ажил хэр их зөрж байна вэ?, 5-10 жилийн дотор тэд улс орноо, ард түмнээ өөд нь татаж, дэвшилд хүргэж чадсан уу, цааш цаашдаа тэдэнд итгэх үндэс, шалтгаан байна уу? гэдгээс л бүх зүйл тодорч харагддаг ажээ. Өнөөдөр монголчууд бид ийм байр сууринаас л амьдралын үнэнд хандах, зөв үнэлгээ өгөх хэрэгтэй байна. Ардчилал ярьсан хүн бүхэн, улс орон бүхэн яг хэрэг дээрээ бол жинхэнэ ардчилагч байж чаддаггүй, ардчилал тун ч олон нүүр царайтай нь нотлогдчихлоо шүү дээ!! Аль ч улс орны төр, засгийн нэг үндсэн үүрэг бол ард иргэдээс албан татварын журмаар цуглуулан авсан мөнгөн хөрөнгөөр хүн амын эмзэг бүлэг (өнчин хүүхэд, ахмад настан, хүндээр өвчлөгсөд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт), ард иргэдийн аюулгүй байдлыг дэмжих, хамгаалах явдал юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, эрүүлийг хамгаалах яам, боловсролын яам энэ зорилгоор байгуулагддаг. Энэ яамд манайд хэрхэн зөв зүйтэй ажиллаж байна вэ? Үүрэг, зорилгоо биелүүлэх гэж эдгээр яамд дэргэдээ мөнгөн сан ажиллуулдаг. Тэр сангууд хэрхэн, яаж ажиллаж байна вэ?

 

Энэ талаар УИХ нээлттэй сонсгол хийж өнгөрсөн 30 жилийн булхай, луйврыг илчлэх, цаашид зөв, шударга ажиллах нөхцөлийг бүрдүүлмээр байна

 

Дээр дурдсан гурван яамын дэргэдэх сангуудын мөнгө тун олон арга, замаар зориулалтын бусаар ашиглагдаж, шамшигдсан талаарх мэдээ, мэдээллийг шалгаж буруутнуудад нь хариуцлага тооцох ёстой. Дотооддоо эмчлэх бололцоогүй гэгддэг өвчний нэр, тоогоор Монгол орон дэлхийн хэмжээнд, мөн Ази тивдээ хэддүгээрт бичигдэж байна вэ? Эзэлж буй байраа сайжруулахын тулд Эрүүлийг хамгаалахын сайд нар тухай тухайн үедээ юу санаачилсан, хэрэгжүүлсэн юм бэ? Энэ бол уг яамны үйл ажиллагааны бодлогыг үнэлэх нэг чухал үзүүлэлт шүү дээ! Заавал өөр оронд очиж эмчлүүлэхээс өөр аргагүй хүний эмчилгээний зардлын ядаж л 80 хувийг хөнгөлөх бодлого хэрэгтэй. Нэг хүнээ гадаадад эмчлүүлэхийн төлөө байгаа бүхнээ зараад үгээгүй ядуу болон үлдэж байгаа тохиолдлын тоо өссөөр л байна. Эмнэлгийн нарийн тусламж үзүүлдэг газруудыг, мөн мэргэшсэн эмч нарыг бэлдэх, ядаж л эдийн засгийн дөрвөн бүсэд тийм төрөлжсөн больницыг буй болгомоор байна. Зөвхөн л Улаанбаатарруу, зөвхөн л гадаадруу хүнд өвчтөнөө зөөдөг байдлаас түргэн гарах юмсан... Энэ талаарх бодлогоо сайд нь нийтэд зарламаар байна.

 

Судлаач, профессор Д.Чулуунжав