ЗГХЭГ-н дарга Н.Учрал та 2018/12/03-ны өдөр СХД-н 19-р хороонд байрлах Нийслэлийн 62-р дунд сургуулийн сурагчид ирэх есдүгээр сард гурван ээлжээр хичээллэхээ болино хэмээн мэдээллийн хэрэгслээр хэлж байжээ.

Гэтэл өдгөө тус сургуулийн  өргөтгөлийн барилга нь ЗУРГАА дахь жил өнгөрчихөөд байхад ашиглалтад ороогүй хэвээр байгааг та мэдэж байгаа юу?

 

62-р сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын талаарх үйл явцыг нэхэн сануулвал, Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль 4300 орчим сурагчтай. Хичээлийн хоёр байртай. Гурав дахь байр буюу өргөтгөлийн 640 суудалтай сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлсэн байдаг. 2021 оноос хойш бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орж барилга цоожтой хэвээр 2023 оны хичээлийн жилтэй золгосон байдаг. Гэрээний дагуу 62-р сургуулийн өргөтгөлийн барилгыг 2022 онд ашиглалтад оруулах үүрэгтэй байжээ. Гэвч энэ үүргээ биелүүлээгүй Ганзосон компанитай байгуулсан гэрээг БШУЯ-ны сайд асан Л.Энх-Амгалан цуцалсан байдаг.

Нийт 6,3 тэрбум төгрөгийн төсвөөр босох төлөвлөгөөтэй эхэлсэн барилга явцын дундаа санхүүжилт нь дууссан учраас нэмэлтээр 2.3 тэрбум төгрөг авах хүсэлтээ илэрхийлжээ. Гэтэл Боловсролын яамнаас санхүүжилтийг нэмэх боломжгүй учраас гэрээ цуцлах процесс хийгдэж өнөөдрийг хүртэл хүүхдүүд сургуульгүй гурван ээлжээр хичээллэж шөнө дөлөөр гэртээ харьсан хэвээр байгаа юм. 

СХД-ийн 19 р хороонд байрлах Ерөнхий боловсролын 62 дугаар сургууль нь хичээлийн хоёр байртай. Тус хоёр хичээлийн байранд нийт 1240 хүүхдийн багтаамжтай ч одоогоор 4700 хүүхэд суралцаж байна. Хичээлийн байрны багтаамжаас гурав дахин их хүүхэд сурч буй.

Түүнчлэн СХД-т сонгогдсон УИХ-ын гишүүд 62-р сургуулийн сурагчдыг хоёр ээлжээр хичээллүүлэх шинэ байр барьж өгнө гэж амласаар дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн гэж эцэг эхчүүд онцоллоо. 

“Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ингэж гурван ээлжээр хичээллэж байна. Бага ангийн хүүхдүүд оройн 21 хүртэл хичээллэнэ гэдэг аюултай. Сургуулийн захиргаанаас хичээлийн байрны шинэ өргөтгөл удахгүй ашиглалтад орно гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм. 

Тус сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил 85 хувьтай хийгдсэн ч 2022 оноос санхүүжилтийн асуудлаас болж бүтээн байгуулалтын ажил зогссон байна. Барилгын ажлыг үргэлжлүүлж бүрэн ашиглалтад оруулахын тулд нэмэлт санхүүжилтийг нийслэлийн төсвийн тодотголд оруулахаар болсон бөгөөд Нийслэлийн удирдлагууд тус сургуулийн барилгын ажлыг эрчимжүүлэн аравдугаар сард ашиглалтад оруулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон ч энэ барилгын ажил одоог хүртэл эхлээгүй байгаа.

Дарга нар шийдвэр гаргадаг ч хэдэн жил ийн барьсан барилга нь балгас шиг эзэнгүй хоосон байсаар ТАВАН жилийг ардаа үдлээ. Анх сүржин даржин барилгын ажлыг нээлтийг хийж байсан Н.Учрал та Сүхбаатар дүүрэг рүү шилжин дахин сонгогдсон ч гэлээ ядаж энэ ажлаа гүйцэт дуусгахад анхаарлаа хандуулаад шөнийн цагаар хичээллэх сурагчдын эрх ашгийг хамгаалахад хувь нэмрээ оруулна уу гэж олон сонгогч бухимдан хүлээж байгаа бололтой.