Охид, хөвгүүд ижил тэгш эрхтэйг ойлгуулъя
2024/09/19
Түүнийг Х.Цэгц гэдэг. Дөрөвдүгээр ангийн сурагч. Ээж нь түүнийг хүүхэд зодож болохгүй хэмээн хүмүүжүүлжээ. Гэвч түүнийг хоёр дугаар ангид байхад ангийнх нь охин зоджээ. Энэ явдлаас хойш охидоос айдаг болсон байна.
Энэ тухай түүний ээж Г.Халиун “Өнөөгийн нийгэм хүүгээ сайн хүмүүжүүлэхийг шаарддаг болсон. Би ч залуу хүний хувьд үр хүүхдээ сайн хүмүүжүүлэхийг хүсдэг. Тиймээс хүүгээ багаас нь хүн зодож, муухайгаар хэлж гомдоож болохгүй. Ялангуяа эмэгтэй хүүхэд яаж ч уурыг чинь хүргэсэн зодож болохгүй гэж сургасан. Гэвч хоёрдугаар ангид байхад нь ангийнх нь охин өөртэй нь тоглохгүй бас тоохгүй байна гэж уурлаж, алгадаж, өшиглөсөн байгаа юм.
Харин хүү маань тэр охиноос зугтаж, ширээ тойрч гүйсэн боловч охин хөөж ирээд нүүр болон гарыг нь маажсан байсан. Маажуулсан хүү маань тэр охин руу хариу үйлдэл үзүүлэлгүй уйлсан гэсэн” гэв. Харин энэ тухай Х.Цэгц “Манай ангийн охид хөвгүүдийг номоор цохих, өшиглөх, чимхэх зэрэг үйлдэл гаргадаг. Өөрсдийг нь тоохгүй болохоор уурладаг. Би охидоос айдаг болсон” гэсэн юм. Мөн маажсан охины ээж тэдэнд сорвины тосны мөнгө буюу 50 мянган төгрөг өгсөн байна. Хэрэв хөвгүүд охидын цохисон, маажсан бол хүмүүжилгүй, хүчирхийлэгч, хүмүүжүүлж чадаагүй зэргээр ээж, аавынхаа хамтаар загнуулах байсан байх. Гэвч охины ээж “Манай хүүхэд уурлахаараа хүүхэд маажаад байдаг юм” гээд тоогоогүй байна. Ингээд Г.Халиун элдэв хэл ам хийлгүй чимээгүй өнгөрсөн байна.
Тэгвэл дээрх асуудал ужигарсаар нийгмийн асуудал болоод байна. Өсвөр насны хүүтэй ээж нарын ихэнх нь “Манай хүүгийн ангийн охин ингэсэн гэнэ. Охид айхтар болжээ” гэхтэй өдөр бүр таарч байна. Тэгвэл энэ асуудал явсаар нийгмийн том асуудал болж хувирч байна. Өөрөөр хэлбэл, охид хөвгүүдийн орон зайд халдах нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа юм. Энэ нь яваандаа гэр бүлийн асуудал болсоор байна.
Энэ талаар ГҮНЖ төвийн үүсгэн байгуулагч, Зөвлөх Ч.УНДРАХ “Монголд хохирогч нарын талаас харсан судалгааг хийх нь нийтлэг. Тиймээс биш хүчирхийлэл үйлдэж буй талаас судлах нь бага байдаг. Хүчирхийлэл өөрөө хүчирхийллийг төрүүлдэг учраас гэр бүлээс авсан үлгэр дуурайлал ирээдүйд гэр бүл зохиоход нөлөөлдөг. Хэрэв ээж нь аавыг нь хянаж, загнах зэрэг ааш гаргадаг, цалинг нь хурааж авдаг бол охин хүүхэд ирээдүйд гэр бүл зохиосныхоо дараа өөрийнхөө хүслээр байлгах, цалинг нь хураах зэрэг ээжийнхээ гаргаж байсан үйлдлүүдийг гаргадаг. Гэр бүлийн хүчирхийлэл нь хэн байхаас үл хамаарч монголчуудын амьдралд хэвшмэл болчихоод байна. Бид 2016 оноос эхлэн “хүчирхэг хөвгүүд” гэсэн сургалтыг зохион байгуулж эхэлсэн. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрүүдийг харахад миний бодлоор хайрын боловсролыг заадаггүй гэж харсан. Бие биедээ хайртай бол хэрхэн зөв илэрхийлэх, хувийн орон зай гэж юу юм, хамтрагчийнхаа хувийн орон зайг яаж хүндэтгэх юм гэдгийг ерөөсөө хэлж, зааж өгдөггүй. Хэдий “Хүчирхэг хөвгүүд” аяны хүрээнд үерхэл, нөхөрлөлд хайртай хүнийхээ хувийн орон зайг хүндэтгэх тухай хичээл заахад хөвгүүд маш ойлгодог. Нөгөө талд охид хөвгүүдийн орон зайг хүлээн зөвшөөрдөггүй. Үерхэхдээ л фэйсбүүкийнх нь нууц үгийг нэхэх, байнга залгаж, хаана хэнтэй уулзсан тухай асууж хамтрагчаа алган дээр тавьсан юм шиг бүх зүйлийг нь харж хяналтад авахыг хичээдэг. Өөрийн өмч мэт үзэж байгаа нь нийтлэг. Хөвгүүдтэй ярилцахад найз охид нь үерхэж эхлэхээрээ ээж шиг нь ханддаг нь таалагддаггүй болохыг хэлдэг. Энэ нь дээр хэлснээр байнга хянах гэж хичээдэг гэсэн үг. Гэр бүлийн эрүүл бус харилцааг л хүүхэд дуурайж үерхэл нөхөрлөл, гэр бүл зохиоход гаргадаг. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ зөв үлгэр дууриал өгч, хувийн орон зай ямар чухал болохыг хэлдэг байх хэрэгтэй. Бидний хувьд зөвхөн хөвгүүд гэлтгүй охидод ч бас хүний эрхийн тухай ойлголт өгөхийг зорьж сургалт заадаг” хэмээн сайтад өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Мөн нийгмийн шахалт болон эмэгтэйчүүдийн эрх зөрчигддөгтэй холбоотойгоор эрчүүд амьдралд гарсан хойноо эхнэртэй дарамтлуулах нь ихэсжээ. Өөрөөр хэлбэл хүмүүжилтэй сайн хөвгүүд хүмүүжилгүй охидын хүчирхийллийн золиос болж байна. Үүний нэг жишээг сонирхуулъя.
Түүнийг Б.Бямбажав гэдэг. Тэрээр худалдааны зөвлөхөөр ажилладаг. Эхнэр нэг хүүхэдтэй. Эхнэр нь цалингаар нь мөрийтай тоглосноос үүдэж маргаан гарч, түүнийг эхнэр нь цагдаад өгчээ.Энэ тухайгаа “Цалин маань орж, ажлынхнаараа хоол идсэн. Хоолоо идэж дуусаад тооцоо хийх гэсэн боловч дансанд мөнгө үлдээгүй байсан. Тиймээс эхнэр лүүгээ залгаж дансан дахь мөнгийг өөр лүүгээ авсан юм уу. Хоолны мөнгө төлөх гэсэн юм гэтэл өөдөөс “Бүх мөнгөөр чинь покер тоглоод алдчихсан” гэсэн. Орой нь очоод маргалдаж, утсыг нь газар шидсэн. Гэвч эхнэр маань цагдаа дуудаж, би долоо хоног хоригдсон” гэсэн юм. Дээрх жишээнээс харахад эмэгтэйчүүд ихэвчлэн эрчүүдийн банкны дансны нууц үг, цахим хаягийн нууц үг зэргийг мэддэг. Энэ нь мөн л хүчирхийллийн нэг хэлбэр юм. Мөн энэ төрлийн хүчирхийллээс болж эрчүүдийн амиа хорлолт их байдаг ажээ. Тодруулбал, ДЭМБ- аас гаргасан судалгаагаар Монголд амиа хорлосон тохиолдлын 85 хувь нь эрчүүд аж. Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 жилээр богино. Монгол эмэгтэй дундаж наслалт 74.9 бол, эрэгтэйнх нь 64.9 байдаг. “Тэргүүн”-ээ аваад, тэтгэвэртээ гараад нас бардаг гэх онигоо бол ортой үг. Эдийн засаг, сэтгэл зүй талаасаа эрчүүд ил далд хүчирхийлэлд өртдөг асуудал бол Монголд байдаг л зүйл.
Харин эмэгтэйчүүдийн хувьд энэ нь сэтгэл санаа эдийн засгийн хохирогч болж хувирдаг. Эрэгтэйчүүд нийгмийн тулгасан хэвшмэл ойлголтуудаас болж тэр бүрийд хүний эрхийн байгууллага, цагдаад ханддаггүйгээрээ ялгаатай болохыг Хүний эрхийн үндэсний комиссоос хэлэв.
Тус комиссын Реперент Г.Золзаяа “Жендер гэхээр л эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэж ойлгож болохгүй. Эрэгтэй, эмэгтэй хүн адил тэгш эрхтэй. Гэвч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн байгалиас заяасан биологийн ялгаатай шинжийг нийгмээс тулгаж, андуурдаг байдлаас болж нийгмийн тодорхой салбаруудад эрх нь зөрчигддөг асуудал бий. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд хүүхдүүд. Цөөн тохиолдолд л эрчүүд цагдаад ханддаг. Нийтлэг дүр зургийг харахад эрэгтэй хүмүүс л эхнэрээ зоддог мэт харагддаг. Гэтэл хөшигний цаана гэр бүлийн хүчирхийлэл дотор эдийн засаг, сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэлд өртсөн ч хүний эрхийн байгууллага болон цагдаагийн байгууллагад мэдээлэх нь тун ховор. Манай комисст ч бас эрх нь зөрчигдсөн асуудлаар албан ёсоор өргөдөл гомдол хүргүүлж, хандсан эрэгтэйчүүд маш цөөхөн. Энэ нь хүүхдийн суурь хүмүүжил буюу эрэгтэй хүүхэд уйлдаггүй юм. Эрэгтэй хүүхэд тэвчих ёстой гэдэг суурь ухагдахуунтай холбоотой” гэлээ.
Жендер нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх, тэгш харилцааны тухай онол. Товчхондоо, эр, эм хүйс адилхан тэгш эрхтэй гэсэн агуулгатай. Гэтэл Монголд зөвхөн эмэгтэйчүүдийн эрх талаасаа нутагшуулчихсан,нутагшчихсан. Жендер гэхээр монголчууд эмэгтэйчүүдийн илүү эрх гэж ойлгодог, хүлээж авдаг, хүлээн зөвшөөрдөг болсон байна. Уг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь гэр бүлийн дотор ба соёл, нийгэм, эдийн засгийн болон улс төрийн хувьд ижил тэгш эрхтэй байна” гээд цагаан дээр хараар бичсэн заалт бий.
Гэтэл Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хүртэл батлаж, зорилгыг нь “улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөл бүрдүүлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлчихсон. Энэ хүрээнд эмэгтэйчүүдийн эрхийн тухай л ярьцгаадаг болсон. Тиймээс зөвхөн эрэгтэйчүүдийн хүмүүжил бус эмэгтэйчүүдийн хүмүүжлийн тухай ч одоо ярих цаг нь болжээ. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн хүчирхийллийн золиос нь ганцхан эмэгтэйчүүд байдаг гэсэн ойлголтоосоо салж байж л гэр бүлийн хүчирхийлэл буурна. Монголд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг нь үнэн. Гэхдээ энэ бол зөвхөн албан ёсны статистик дээр суурилсан дүгнэлт. Гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг эрчүүд тэр болон цагдаа, эмнэлэг, шүүхэд ханддаггүй. Тэдний хэд нь бие, сэтгэлийн хүчирхийлэлд өртдөг талаарх судалгаа бараг байдаггүй. Гэр бүлийн хүчирхийлэл далд үйлдэгддэг. Тэр тусмаа эрчүүд илүү далд хэлбэрийн хүчирхийлэлд өртдөг. Хүчирхийлэл хүчирхийлэгчийг төрүүлдэг гэвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй эрчүүд өөрсдөө ч ил, далд эрт, урьдын хохирогч байсан гэсэн үг. Тиймээс уг суурь буюу цэцэрлэгт байхаас нь охид, хөвгүүд ижил тэгш эрхтэйг ойлгуулъя.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/09/20
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/09/19
XUCHINDX AXN UILCHLD
Зочин · 2024/09/19
SERELN80955877AXD XUSNEER
Зочин · 2024/09/19
ANUSN BOOBN TGN80955877