УИХ-ын Хаврын чуулган хаалт хийх үеэр УИХ-ын гишүүн  Ж.Батзандантай цөөн хором ярилцсныг хүргэж байна.

-УИХ-ын хаврын чуулганыг та хэрхэн дүгнэх вэ?

-УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сараас хойш хуралдаж, хуулийн дагуу завсарлага авч байна. Хаврын чуулганы явцад маш олон асуудлуудыг хэлэлцсэн. Хэлэлцэх асуудлууд дотроосоо миний харъяалагдан ажиллаж байсан тодорхой хуулийн төслүүдийн талаар товчхон танилцуулья. Нэгдүгээрт, энэ хаврын чуулганаар олон жил яригдаж байсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг баталж чадлаа. Гэр бүл бол хүчирхийлэл үйлддэг газар биш. Гэр бүл бол гэмт хэрэг үйлддэг газар биш гэдгийг хуульчлан тогтоолоо.  Гэр бүлд ямар нэгэн хүчирхийлэл гарлаа гэхэд зөвхөн Захиргааны хариуцлагаар шийддэг бус Эрүүгийн хариуцлагаар шийддэг байхаар хуульчилж өгсөн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төрийн чиг үүргийг тодорхой  тусгасан байгаа. Мөн орон нутгийн байгууллага, хорооны нийгмийн ажилтнууд, хорооны засаг дарга болон шат шатны төрийн байгууллагуудын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиг үүргийг хуулинд тодорхой зааж, тусгаж өгсөн байгаа.

Хоёр дахь чухал хууль бол Шилэн дансны тухай хууль. Энэ хуулийг Монгол Улсын ерөнхийлөгч өргөн барьсан. Энэ хуулин дээр Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо маш сайн ажилласан. УИХ-ын чуулганаас нэг удаа буцсан боловч дахин орж ирээд батлагдсан. Эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлд олон хууль баталлаа. Ашигт малтмалын тухай хуульд тодорхой өөрчлөлтийг орууллаа. Газрын тосны тухай хуулийг шинэчлэн баталж гаргалаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулах чиглэлд томоохон заалтуудыг оруулж өгсөн гэдгийг дурьдах нь зүйтэй.

Мөн маш энгийн мөртлөө олон түмэнд хэрэгтэй маш чухал хуулийн төслийг баталсан байгаа. Энэ бол Харилцаа холбооны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт юм. Ингэснээр гар утас хэрэглэгч өөрийн дугаараа солихгүйгээр дуртай оператороо сонгож үйлчлүүлэх эрхтэй боллоо. Өөрөөр хэлбэл, Мобикомын дугаартай хэрэглэгч байлаа гэхэд тэр дугаараараа монголын дуртай операторыг сонгож үйлчлүүлэх эрх нь нээгдэж байгаа юм. Ингэснээр харилцаа холбооны зах зээл дээр чөлөөт өрсөлдөөнийг бий болгож байна. Одоо үндсэндээ Мобикомын монополыг устгаж байгаа  гэсэн үг юм. Энэ нь иргэдэд ашигтай. Нөгөө талаар гар утасны үнэ, тариф хямдарна гэдгийг хэлмээр байна. Түүнчлэн маш энгийн мөртлөө чухал хууль. Гадаадаас ирж байгаа илгээмжүүдийг НӨАТ-аас чөлөөлж өглөө. Энэ мэт олон хуулийг бид батлан гаргасан.

УИХ-д одоо хэлэлцэгдэж байгаа олон хууль бий. Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль байна. Миний бие энэ хаврын чуулганы явцад олон ажлын хэсгийг ахалж ажиллаа. Тухайлбал, цагдан хорих арга хэмжээ авагдсан тохиолддолд иргэдийн эрх зөрчигдөх явдал цөөнгүй гардаг. Тиймээс сэжигтэн яллагдагчийг цагдан хорих хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийг төслийг ахлан ажиллаж байна. Ирэх намрын чуулгаар өргөн барина.

-Сонгогдсон тойрогтоо хийсэн ажлуудынхаа талаар?

-Дүүрэг тойрогтоо чиглэсэн олон ажлыг хийж амжууллаа. Ямар ч байсан энэ хаврын чуулганаар Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа Дулааны станцын санхүүгийн асуудлыг бүрэн шийдэж өглөө. Дулааны станцад орж ирж байгаа техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмүү өртөгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн барьж батлууллаа. Энэ Дулааны цахилгаан станц Улаанбаатар хотын дулааны 25 хувийг хангаж чаддаг болох юм.

Баянзүрх дүүрэгт байрлаад олон жил болсон Ганцхудаг хорих ангийг татан буулгаж, хорих ангийн эргэн тойрны газрыг иргэдэд өмчлүүлэх шийдвэрийг гаргуулж чадлаа.

 Баянзүрх дүүргийн иргэдэд нэг сюрприз барихад олон жил дарга нар, хөдөлмөрийн баатруудад үйлчилдэг байсан II эмнэлгийг зөвхөн дүүргийн эмнэлэг болгож байгаа.  Тэгэхээр Баянзүрх дүүрэг бие даасан эмнэлэгтэй болж байгаа гэсэн үг.

Налайх дүүргийнхээ иргэдэд бас нэг сюрприз барихад концессын гэрээгээр шинэ эмнэлэг барихаар зураг төсөл нь хийгдээд явж байгаа гэдгийг хэлмээр байна. Ямар ч байсан Монголын төр, УИХ, Засгийн газарт алдаа оноотой олон шийдвэр гарч байгаа. Гэхдээ оноо нь илүү  байгаа гэдэгт итгэлтэй байна.

- Ээлжит бус чуулган хуралдаж магадгүй гэсэн “бор шувуу” байгаа?

-Хаврын чуулганы явцад маш олон асуудал хэлэлцсэн. Эдийн засгийг эрчимжүүлэх, эрх зүйн шинэчлэлтэй холбоотой томоохон хуулиуд байгаа. Эдгээрийг яаруу сандруу гаргах ёсгүй. Улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой, иргэд олон нийтийн саналыг нь авах ёстой. Ингэж байж батлах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Яаруу сандруу гаргасан хуулиуд дандаа цоорхойтой байдаг. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг хурдан гаргасан хууль гэдэг ихэнхдээ хуудуутай  байдаг. Тийм учраас бид намрын чуулганаар олон асуудлыг авч хэлэлцэнэ. Мэдээж Эдийн засгийг эрчимжүүлэхтэй холбоотойгоор олон хуулийн төслүүд хэлэлцэгдэлгүй орхигдсон. Шаардлагатай гэж үзвэл ирэх наймдугаар сард ээлжит бус чуулганыг хуралдуулж, хэлэлцэх боломжтой.

- Байнгын хорооны даргад таныг нэр дэвшихэд намынхан тань “дарчих” шиг болсон. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг. Гэхдээ асуудлын гол нь миний бие дарга болох, эс болохдоо гол нь биш. Фракцын зарчмаар биш, шударга өрсөлдөөний зарчмаар УИХ бүтцийн байгууллагуудынхаа удирдлагуудыг сонгодог больё гэсэн үлгэр жишээг харуулахыг би зорьсон. Энэ удаагийн өрсөлдөөн амжилттай болоогүй ч гэсэн Ардчилсан нам УИХ-ын гишүүдээсээ томилгоо хийхэд сигнал өгсөн гэдэгтээ би иттгэлтэй байгаа. УИХ-ын гишүүдтэй болон намын удирдлагуудтай уулзахад ер нь фракцын зарчмаас татгалзая, ардчилсан нам фракцгүй болох ёстой юм байна. Фракцгүй ардчилсан намын  төлөө явья гэж манай намын удирдлагуцуд ярьж байна. Бид удахгүй дүрэм журамдаа өөрчлөлт оруулна. Ардчилсан нам шинэчлэлийн төлөө явна. Миний ялах ялагдах чухал биш. Монгол ялах нь чухал гэдгийг хэлмээр байна.

- Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах нь зөв үү? Буруу юу?

-Н.Батбаяр сайдыг огцруулах саналыг сөрөг хүчний зүгээс оруулж ирсэн. Миний бие өөрийн байр сууриа хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хангалттай тов тодорхой илэрхийлж байсан. Одоо ч илэрхийлж байгаа. Ер нь эдийн засгийн хямралын энэ нөхцөл байдал, статистикийн тоон үзүүлэлтээс харах юм бол эдийн засгийн асуудал хариуцаж байгаа сайд, дарга нартай нь хариуцлага тооцох ёстой. Хариуцлага тооцно гэхээр заавал огцруулах тухай асуудал биш. Сануулахаас эхлээд улс төрийн олон төрлийн хариуцлага байгаа. Хариуцлагын асуудал яригдах ёстой гэж олон удаа хэлж байгаа. Харамсалтай нь өнөөдрийг хуртэл манай удирдлагууд, ерөнхий сайд маань зугтаж байна. Хариуцлага ярихаар аль болох хойшлуулах, хурал завсарлуулах, өвчтэй чөлөөтэй гээд олон шалтаг шалтгаан тоочсон. Гэхдээ цаг хугацаа явна. Амьдрал үнэнд гүйцэгдэнэ гэж ярьдаг. Чуулган завсарлах хугацаанд Н.Батбаяр сайд ажлаа сайжруулах байх, эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног дууссааны дараа бид Засгийн газраас хариуцлага нэхнэ. Засгийн газрын ажилд үнэлгээ дүгнэлтийг өгнө. Нэг сайд нөгөө сайдынхаа тухай, нэг гишүүүн нөгөө гишүүнийхээ тухай бие биенийхээ мууг үзэхдээ гол нь биш. Нэг хүн нөгөө хүнийхээ эсрэг байх асуудал биш. Монголын төр хариуцлагтай байх ётсой. Монголын төр хариуцлагыг ил тод ярьдаг байх ётсой. Энэ жишгийг тогтоохын төлөө бид явна.

-Хариуцлагатай холбоотойгоор асуухад Эдийн засгийн өршөөлийн тухай хуульд та ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-д хоёр төрлийн өршөөлийн хууль орж ирсэн л дээ. Эдийн засгийн өршөөлийн тухай хууль, Эрүүгийн өршөөлийн тухай хууль. Өршөөнө гэдэг тийм муу зүйл биш. Төр төмөр нүүрээ үзүүлэхээс гадна хайр ивээлээ ард иргэддээ үзүүлдэг байх ёстой. Гэхдээ тодорхой зарчмуудыг барьж байх ёстой. Төрийн мөнгийг, төсвийн мөнгийг хулгай хийсэн хүмүүст өршөөл үзүүлэх тухай ойлголт байх ёсгүй. Шударгаар  татвараа төлсөн хүмүүс хохирч, хууль бусаар татвараа нуусан хүмүүсийг хайрлах тухай ойлголт байхгүй. Өршөөлийн хууль ч гэсэн шударга байх ёстой гэдэг зарчмыг би барьж байгаа. Эрүүгийн өршөөлийн хуулийг монголын төр таван жилд нэг удаа гаргадаг. Энэ хуулийг гаргаасай гэж би хүсч байгаа. Харамсалтай нь энэ хаврын чуулганд орж амжсангүй хойшиллоо. Намрын чуулганаар ч юм уу, эсвэл ээлжит бус чуулганаар орж ирэх байх аа.

-Газрын тухай хуулийн төсөл маш их маргаан дагуулсан шүү дээ. Энэ тал дээр таны байр суурь ямар байна?

-Газрын тухай хуулийн боловсруулалт маш тааруу байсан. Засгийн газар яаруу сандруу хууль оруулж ирсэн. УИХ хэлэлцэж байгаад буцаасан. Сайжруулах ёстой. Газрын тухай хуулийг шинэчлэх ёстой юу ёстой. Гэхдээ эх орноо худалдсан, гадныханд давуу байдал олгосон, олон нийтийн өмч хөрөнгийг шамшигдуулсан хэлбэрээр явж болохгүй.

-Цаг гарган ярилцсан таньд баярлалаа.  

А.Баярмаа