Тэтгэвэр тогтоолгох зарим хүсэлтийг цахимаар авах боломж бүрдүүлнэ
2024/11/06
Нийгмийн даатгалын сангаас олгодог хөдөлмөрийн чадвар алдсаны, ердийн болон олон хүүхэдтэй эхийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг цахимаар авах боломж бүрдүүлнэ.
Салбар дундын ажлын хэсгийн хурлын үеэр Архивын ерөнхий газартай нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тогтооход шаардлагатай архивын мэдээллийг цахимаар солилцох, шалгах нөхцөл бүрдүүлэх тухай санал солилцоод, дээрх асуудлаар тохиролцсон юм.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, их өгөгдөлд тулгуурлан, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаар авах боломж бүрдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэхээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар салбар дундын ажлын хэсэг байгуулсан билээ.
Энэ оны 9 дүгээр сарын байдлаар нийгмийн даатгалын сангаас 482.3 мянган хүн тэтгэвэр авч байгаагаас өндөр насны тэтгэвэр авагч 399.2 мянга, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч 62.9 мянга, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 20.1 мянган хүн байгааг ГБХНХЯ мэдээлжээ.