Ерөнхийлөгчийн сонгууль болох гээд манай улс төрийн намууд бужигнаантай л байна. Дараагийн ерөнхийлөгч хэн болох вэ гэдэг дээр хүмүүс анхаарч, намуудаас хэн дэвших бол гэсэн хүлээлт нийгэмд бий болжээ.

Гэвч хэн ч дэвшлээ гэсэн, хэн ч гарлаа гэсэн хамгийн гол нь тэр ерөнхийлөгч монгол улсыг хөгжүүлж, хөл дээр босгож чадах уу гэдэг том асуулт хариултгүй хэвээрээ л байна. Яагаад энэ асуултыг тойрон ярилцана вэ? Монгол улсын ерөнхийлөгч байхын тулд ямар чадваруудтай байх ёстой вэ? Монгол улсын иргэн, 45 нас хүрсэн, сүүлийн 5 жил монгол улсдаа тогтвортой амьдарсан. Ингээд л болоо юу?

 

Энд Америкчууд ерөнхийлөгч болох хүнээ дараах чадварууд эзэмшсэн байх ёстой гэж үздэг ажээ. Энд арван чадваруудыг жагсаасныг хүргье. Үүнд:

Нэгдүгээрт: Визион буюу бидний орчуулдгаар алсын хараа: Улс орныхоо ирээдүйгээ хэрхэн харж, ямар төлөвлөгөөтэй байгаа нь эндээс харагдана. Хоёрдугаарт: Харизма буюу араасаа дагуулах чадвар: Ерөнхийлөгч хүн бол ард түмний тэргүүн учраас үндэстнээ араасаа дагуулж хөгжил дэвшил рүү хөтлөх ёстой.

Гуравдугаарт: Няцашгүй чанар: Ерөнхийлөгч хүн шантарч, няцахгүй зөвхөн урагшаа тэмцэх ёстой.

Дөрөвдүгээрт: Дайчин чанар. Гэхдээ манай өрсөлдөөн, тэмцэлдээн гэж компететив гэдгийг үгийг орчуулдаг. Өөрийн орныг хамгийн тэргүүний улс болгох амбицтай бөгөөд түүний төлөө үхэн үхтлээ зүтгэж чадах чадвар.

Тавдугаарт: Харилцах чадвар. Энэ бол хувь хүн хоорондын харилцаа биш харин ерөнхийлөгч хүн үндэстний хүслийг биелүүлж, визионоо бодит болгохын төлөө дэлхийн бусад улсаадтай ашигтайгаа харилцаж чадах чадвар.

Зургаадугаарт: Оюуны өндөр чадвар: Ерөнхийлөгч хүн гэдэг бол улсынхаа хамгийн шилдэг нь байх ёстой. Тиймээс оюуны хувьд өндөр чадамжтай “том бодогч” байх ёстой.

Долоодугаарт: Фокуслах чадвар: Богино хугацаанд улс орондоо ашиг тустай ажлуудыг чанартай амжуулж чаддаг байх. Шаардлагагүй, чухал биш ажлуудтай зууралдаж, хошуу дүрдэггүй байх.

Наймдугаарт: Бусдын аяыг тааруулдаггүй байх: Улс орон, ард түмнийхээ төлөө шийдсэн л бол шийдэлдээ хатуу байж бусдын аяыг харж, хүлцэнгүй биш байх.

Есдүгээрт: Сонсогч: Улс орны хэмжээний шийдлийг гаргахдаа зөвлөгчдөө сонсохоос гадны ард түмнээ сонсох хэрэгтэй. Мөн шүүмжлэгчдийн үгийг анхааралтай сонсох чухал.

Аравдугаарт: Хайр: Ард түмнээ өөрийн ах дүү мэт хайрлан энэрэх чадвар

 

Үүнийг бичиж байхдаа манай улсын ерөнхийлөгч байсан хүмүүст эдгээр чадваруудаас хэд нь байсан бол гэсэн бодол төрж байлаа. Аливаа улс орны хамгийн шилдэг нь л ерөнхийлөгч болдог бол манайд хараад байхад сайн биш сэргэлэн, зальтай, худалч нөхдүүд л хуйвалдаанаар, наймаагаар болоод байх шиг харагдаж байна.

Хамгийн шилдэг хүнээ л ерөнхийлөгч болон төрийн өндөр албан тушаалдаа гаргаж чаддаг учраас л улс орнууд хүчирхэгжин мандаж, дэлхийн тэргүүлэх улсууд болж байна. Харин хамгийн тэнэгийгээ сонгосон улсууд тамын тогоон дотроо тийчилсээр үлддэг.