Монгол бөхийн дэвжээнээ эр бяр нь тэгширсэн Увсын цэнхэр хязгаарын идэр хүчтэнүүдийн манлай бөхчүүдийн тухай “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Бөхийн ертөнц” буландаа онцолж байна. 

Увс аймаг бол яах аргагүй хүчтэн төрдөг өлгий билээ. Энэ цагийн түүхэнд улсын наадмын түрүүг хамгийн олон удаа Увсын цэнхэр хязгаарын идэрхэн хүчтэнүүд хүртэж, цэнгэлийн манлайнд тодрон, улсын цолтой бөхчүүдээрээ тэргүүлж явна.

 

53 жилийн дараа төрсөн дархан аварга Н.Батсуурь

 

сонин mn

Дархан аварга Н.Батсуурийг бөхийн хорхойтнууд дайчин, шуурхай, хийцтэй барилдаантай бөх хэмээн тодотгодог. Тэрээр Увс аймгийн Ховд сумын харьяа. Олон ч гайхалтай барилдааныг үзүүлж бөхөд хайртай монгол түмнээ огшоож явсан үеүд түүний бөхийн замналд тодхон бий. 2011 оны цагаан сарын барилдааны үеэр даян аварга А.Сүхбат түүнд “Ирээдүйн аварга” шагналаа гардуулж байсан түүхтэй. Үнэхээр л аваргын шагнал ерөөлөөр болж, тэрээр 2014 оны улсын их баяр цэнгэл наадамд түрүүлж байв. Мөн ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын барилдаанд 512 бөхийн цэнгэлийн манлайд тодорч, дархан аваргын болзол ханган есөн хөлт цагаан тугаа тойрч явсан бахархам цаг хугацаа саяхан. Тэрээр “Дархан аварга хэмээх эрхэм цолонд хоёргүй сэтгэлээр таван настайгаасаа зодог өмсөж мөрөөдлөө биелүүллээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байв. Ийнхүү Увсын цэнхэр хязгаараас дархан аварга Х.Баянмөнхөөс хойш 53 жилийн дараа дархан аварга цолтон төрсөн түүхтэй билээ. Мөн тэрээр Монгол Улсын арав дахь дархан аварга болсон юм.

 

Аймгийн арслангаас улсын арслан цол хүртсэн П.Бүрэнтөгс

 

сонин mn

Улсын аварга П.Бүрэнтөгс Увс аймгийн Давст сумын уугуул. Энэ цаг үеийн монгол бөхийн түүхийг бичилцэж яваа ард түмнийхээ хайр, хүндэтгэлийг хүлээсэн хүчтэн юм. Увс аймгийн Давст сумаас анх 1981 онд Мядагийн Мөнгөн арслан цол хүртсэнээс хойш 21 жилийн дараа төрсөн арслан цолтон. Тэрээр 2004 онд Давст сумаас аймгийн төвийн арван жилийн II дунд сургуульд суралцан, биеийн тамирын багш н.Бат-Очирын удирдлаган доор анх бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ. 2007 онд сургуулиа төгсөөд дархан аварга Х.Баянмөнхийн үүсгэн байгуулсан “Шонхор-Олимп” дээд сургуульд элсэн оржээ. Энэ үеэс л түүний бөхийн их амжилтын замнал эхэлсэн байдаг. Тэрээр энэ үеэс аймгийн цолтой болон цэргийн, залуу бөхчүүдийн заал танхимын барилдаанд тогтмол амжилттай барилдаж байв. 2011 оноос эхлэн төрөлх нутгийнхаа Увс нуур дэвжээний тамирчдын нэг болсон байна. Тэрээр 2012 онд төрийн наадамд аймгийн арслан цолтой барилдаад түрүүлж, 24 насандаа улсын арслан цол хүртэж байсан түүхтэй. Дараа нь 2020 онд улсын баяр наадмын барилдаанд улсын аварга Н.Батсууриар ес давж, Монгол Улсын 25 дахь аварга болсон юм.

 

Баруунтурууны бахархалт арслан Б.Ганбат

 

сонин mn

Улсын арслан Б.Ганбат Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат. Б.Ганбат арслан багадаа бөх төдийгүй цэргийн хүн болохыг мөрөөддөг байжээ. Тэрээр хүүхэд насныхаа хоёр мөрөөдлийг биелүүлж, энэ замаараа алхаж яваа хүчтэн юм. Б.Ганбат арслан 1997 онд зэвсэгт хүчний 310-р ангид аймгийн арслан цолтой байхдаа ахлагчаар ажиллажээ. Харин 1996 оноос хойш бөхөөр хичээллэж эхэлсэн байна. Энэ үеэс л зүлэг ногоон дэвжээнээ ур мэх, хурц барилдааныг үзүүлж наадамчин олноо баясгаж явна. Түүний анхны үзүүр, түрүүнд тунан үлдсэн нь 1997 оны цагаан сарын барилдаан байв. Аймгийн арслан цолтой байхдаа Б.Бат-Эрдэнэ аваргатай үзүүр түрүүнд үлдэж анх удаагаа үзүүрлэж байсан. Энэ үед Б.Бат-Эрдэнэ аваргатай барилдаж үзэх мөрөөдлөө биелүүлж байжээ. Өөртөө итгэхгүй, зүүдэлж байна л гэж бодож байлаа хэмээн ярилцлагадаа дурссан байдаг. Б.Ганбат арслан 2010 оны улсын их баяр наадамд дархан аварга Г.Өсөхбаяраар ес даван түрүүлж улсын арслан цолны болзлыг хангасан билээ. Дараа жил нь буюу 2011 онд улсын начин С.Батсууриар зургаа давж төрийн наадамдаа арван нэг дэх удаагаа шөвгөрсөн юм.

 

Бөхийн дэвжээг донсолгож явсан алдарт зургаан зааны нэг Б.Гантогтох

 

сонин mn

Үндэсний бөхийн дэвжээг донсолгон, бөхөд хайртай монгол түмнээ огшоож явсан, эр баяр нь тэгширсэн алдарт зургаан зааны нэг нь дархан аварга Х.Баянмөнхийн хүү улсын гарьд Гантогтох. Тэрээр 1972 онд Увс аймгийн Хяргас суманд төрсөн. Бөхийн удамтай тэрээр арван хэдэн наснаасаа чөлөөт бөхөөр барилдаж эхэлжээ. Мөн чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багийн гишүүн байв. Ийнхүү тив дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг цуурайтуулж, олон ч амжилтыг буухиалсан юм. 1991 оны чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медаль хүртэж монгол түмнээ баярлуулж байв. Мөн 1995 оны Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн хүрэл, 1993, 1997 оны Азийн аваргын мөнгө, 1997 оны Зүүн Азийн наадмын алтан медалийн эзэн болсон юм. Мөн чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж олон ч тамирчинг тив дэлхийн тэмцээнд бэлтгэсэн түүний гавьяа их. Үндэсний бөх, чөлөөт бөхөөр хос морьтой давхисан түүний амжилт, наадамчин олноо огшоосон барилдаан олон ч бий. Тиймдээ ч бөхийн дэвжээг донсолгож явсан алдарт зургаан зааны нэг хэмээн энэ цагийн түүхэнд тод мөрөө үлдээсэн хүчтэн юм.

 

 

П.АМГАЛАНБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин