Газрын ховор элементэд лантаноидын бүлгийн лантан (La), цери (Ce) тэргүүтэй 15 элемент, тэдгээртэй химийн шинж чанараараа төстэй иттри, зарим тохиолдолд сканди багтах бөгөөд тэдгээрийг хөнгөн ба хүнд гэсэн хоёр дэд бүлэгт хуваана. Ховор элементүүд гэж нэрлэгддэг хэдий ч байгаль дээр тийм ч ховор биш. 
Газрын ховор элементүүд байгальд цэвэр метал хэлбэрээр оршдоггүй. Харин силикат, оксид, карбонат, фосфат, галид зэрэг янз бүрийн эрдсүүдэд агуулагдана. Судлаачид газрын ховор элемент агуулсан 250 гаруй эрдэс байгааг тогтоогоод байна. Ерөнхийдөө тэдгээрийн хими, каталитик, цахилгаан, соронзон болон оптик шинж чанарт нь тулгуурлан гар утас, компьютерийн санах ой, дахин цэнэглэдэг зай, хүчтэй тогтмол соронзон, шинэ энергийн технологи, цахилгаан болон гибрид-цахилгаан хөдөлгүүр, өвөрмөц хайлш зэрэг ухаалаг үйлдвэрлэл болоод өндөр технологид ашигладаг.
Манай улсын хувьд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан гурван сая гаруй тонн газрын ховор элементийн нийлбэр ислийн нөөц бүхий зургаан орд (Лугийн гол, Хотгор, Мушгиа худаг, Халзан Бүрэгтэй, Улаан дэл, Цагаанчулуут), 80 гаруй илрэл, 300 орчим эрдэсжсэн цэг тогтоогджээ. УИХ баталсан “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан зорилтуудыг хангахын тулд газрын ховор элементийн эрдэс хүдрийг боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага тулгарч байгаатай холбогдуулан газрын ховор элемент агуулсан эрдэс хүдрийг сонгомол арга технологиор баяжуулах шаардлагатай болж байна. Улмаар гарган авсан баяжмалыг химийн аргаар гүн боловсруулж, өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элементийн нийлбэр ислийг гарган авах боломжтой.
Монгол орны говийн бүсэд орших Мушгиа худаг, Хотгор, Лугийн голын ордод хөнгөн газрын ховор элементүүд давамгайлдаг бол баруун Монгол дахь Халзан Бүрэгтэйн ордод хүнд газрын ховор элемент болох иттри (Y) харьцангуй өндөр агуулгатай байдаг байна. Түүнчлэн уг ордын хүдэрт цирконий (Zr), ниобий (Nb), тантал (Ta), гафний (Hf) зэрэг техникийн чухал элементүүд агуулагдана. Газрын ховор элементийн бие даасан гол эрдсүүдэд карбонатитын төрлийн бастнезит, синхизит, паризит, фосфатын төрлийн монацит, ксенотим ордог. Гэхдээ манай ордуудад газрын ховор элементийн дээр дурдсан эрдсүүд холимог байдлаар оршдог.
Манай орны газрын ховор элементийн ордуудын эрдэс хүдэрт хийгдсэн химийн судалгааны хувьд Лугийн голын паризит-синхизитийн хүдэр, баяжмалыг боловсруулах судалгааны ажлууд болон Мушгиа худаг, Халзан Бүрэгтэй ордуудын газрын ховор элемент агуулсан хүдрийн хими, физикийн шинж чанарыг тогтоох, түүнчлэн Хотгор ордын хүдэр, баяжмалаас >90 хэвийн цэвэршил бүхий ГХЭ-ийн нийлбэр исэл гарган авсан цуврал судалгааны ажлуудыг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд хийсэн ажээ. 
Судалгаанд Хотгор ордын хувьд эрдэс хүдэрт агуулагддаг үйлдвэрийн ач холбогдолтой газрын ховор элементүүд бол лантан, цери, празеодим, неодим, европи зэрэг церийн бүлгийн хөнгөн элементүүд бөгөөд эдгээрийг тээгч гол эрдэс нь апатит болно.
Апатитыг боловсруулж газрын ховор элементийн нийлбэр исэл гаргахын зэрэгцээ дайвар бүтээгдэхүүн хэлбэрээр фосфор (P)-ын нэгдлийг гаргаж авна. Хотгор ордын хүдэрт газрын ховор элементийн агуулга харьцангуй бага, дунджаар 2.1 хувь байдаг бөгөөд хүдрийн  бүрэлдэхүүний өвөрмөц шинж чанар, хүдрийн тохиромжтой горим уудыг тогтоосноор 90 хувиас дээш агуулгатай газрын ховор элементийн нийлбэр оксидыг гаргахын зэрэгцээ фосфорыг 99 хувьтайгаар ялган авах нөхцөл бүрэлдэж, технологи боловсруулагдаад байна. Газрын ховор элементийн нийлбэр исэл гэдэг нь лантаноидын бүлгийн 15 элементийн ислүүдийн нийлмэл бүтээгдэхүүн юм. Тиймээс нийлбэр исэл нь нэг талаасаа баяжмалаас гарган авсан бүтээгдэхүүн, нөгөө талаасаа өндөр технологийн түүхий эд болно. 
Дэлхийн зах зээл дээрх газрын ховор элементийн нийлбэр ислийн үнэ өртөг түүнд агуулагдах элементүүдийнхээ агууламжаас бүрэн хамаардаг гэдгийг ойлгох нь зүйтэй. Хөнгөн газрын ховор элементүүдээс хүнд газрын ховор элементүүд нь илүү өндөр үнэтэй. Тэгэхээр тухайн нийлбэр оксидод ямар төрлийн газрын ховор элемент илүү агуулагдаж байгаагаас шалтгаалж үнэ тогтоогддог.
Хэдийгээр газрын ховор элементийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь алт, зэс гэх мэт бусад ашигт малтмалын ордыг ашиглахтай адил биш ч байгаль орчин болоод бусад шийдвэрлэх шаардлагатай хүндрэл бэрхшээлүүд нэлээдгүй гарна. Газрын ховор элементийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг сайтар боловсруулж, хийх ажлуудаа төлөвлөн, гадаад орнуудын туршлагаас суралцах, эл салбарт ажиллах хүний нөөцийг бодлогоор дэмжин чадварлаг инженер технологич, химичтэй болох нь нэн тэргүүний зорилт болох нь дамжиггүй юм.\

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин