Х.Нямбаатар: Нэг тэрбум төгрөгийн эд хөрөнгө ч байхгүй. Би хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй
7 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Автомашины худалдаа эрхэлдэг иргэдийн гаргасан гомдлоор Х.Нямбаатараас нэг тэрбум төгрөг гаргуулах болсон гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад буй. Энэ асуудалд тэрбээр тайлбар өгөв.
Хотын дарга Х.Нямбаатар "Эко автомашин импортлогчдын холбооноос нэр төрд нь халдсан гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч дээрх нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэсэн тухай захирамж гаргасан.
Захирамжтай холбогдуулаад шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор миний эд хөрөнгийг битүүмжлэх захирамж гаргасан байсан. Надад нэг тэрбум төгрөг байхгүй. Нэг тэрбум төгрөгийн эд хөрөнгө ч байхгүй.
Сүүлийн үед хэвлэлээр нэг тэрбум төгрөг гаргуулах гэж байна гэдэг гуйвуулсан мэдээлэл явж байгаа. Би шүүгчийн гаргасан шийдвэрт гомдол гаргасан. Маргааш 14:00 цагт энэ гомдлыг хэлэлцэнэ.
Би хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй. Яагаад гэвэл Улаанбаатар хотын замын нөхцөл байдал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Жилд 130-140 мянган автомашин импортоор орж ирж байна. Жилд 80 мянган машин зорчих ёстой зам дээр 10 дахин их машин зорчиж байна гэсэн үг. Машин импортолж байгаа хүмүүс хэд хэдэн зөрчил гаргадаг. Тухайлбал, татвар төлдөггүй. Монгол Улсын чанар стандарт хангахгүй тээврийн хэрэгсэл оруулж ирдэг. Мөн хайбрид машины хувьд нүүрсэн яндангүй байдаг.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард улсын дугаар олголтыг хязгаарласантай холбоотойгоор дугаарын бизнес цэцэглэж байна. Би өнөөдөр автомашины үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийн дугаарын асуудлаар АТГ-т хандлаа. Улсын дугаартай машин үзлэг оношилгоонд хамрагдаж, даатгал, татвараа төлсөн байх ёстой. Авто тээврийн үндэсний төв болон авто тээврийн оношилгооны төвүүдийг хүчингүй болсон дугааруудыг сэргээж шагийн бизнес хийж байна уу гэдэг хардлага байгаа. Дээр нь тодорхой баримт ч бий. Тиймээс АТГ-т энэ асуудлыг шалгаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан.
Автомашин импортлогчид намайг жил гаруй шантаажилж, доромжилж байгаа. Би дуртайдаа хүн болгоны хараалыг идээд машины импортыг хязгаарлах гээд байгаа юм биш. Бид асуудлаа шийдэхийн тулд бодит үнэнтэй эвлэрэх ёстой.
Сая цагаан сараар Дархан-Улаанбаатарын хооронд галт тэргээр явж хэвшье, алхаж хэвшье гэхэд л монголчууд залхуу гэж хэллээ гэдэг гуйвуулсан мэдээлэл явуулаад байсан.
Бид хандлага сэтгэлгээгээ өөрчилж байж л түгжрэлийн ард гарна" гэлээ.