Төв цэнгэлдэх хүрээлэн дотор олон улсын стандарт хангасан, хамгийн сайн гэх хиймэл зүлгийг 2024 онд шинээр дэвссэн. Гэвч тухайн хиймэл зүлэг нь бөхийн барилдаан хийхэд тохиромжгүй, халтирдаг гэх шүүмжлэл өнгөрсөн жилийн наадмын үеэр хөндөгдсөн. Тиймээс энэ жилийн баяр наадмаар дахин ийм асуудал үүсгэхгүйн тулд МҮБХ болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргааныхан, зарим бөхчүүдтэй уулзалт зохион байгуулж байна.

Энэ үеэр Улсын аварга О.Хангай "Өмнө байгалийн зүлгэн дээр барилдаж байсан. 2015 онд хийсэн зүлгэн дээр ч барилдаж байсан. Өмнө жилийн шинэ зүлгэн дээр ч барилдаж байлаа. 2015 онд хийсэн зүлгэн дээр барилахад халтиргаа байхгүй. Гэхдээ хар резин гээд байгаа энэ зүйл барилдах явцад ямар ч хөлсгүй болгодог, хаймар үнэртдэг, эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй ийм байдлууд анзаарагдаж байсан.

Энэ дээр хоёр өдөр зөвхөн бөхчүүд барилдаад өнгөрөхгүй. Нийтийн арга хэмжээ болдог. Хүүхдүүд хөлбөмбөг тоглодог. Энэ бүрд тодорхой хэмжээнд хордоод явж байсан болов уу. Өнгөрсөн жилийн зүлэг усаа шингээхгүй байсан. Хар резин, дүүргэгч материалаа хийгээгүй байсан учраас маш их халтиргаа үүссэн. Холбооны тэргүүн хэлж байна. 30-аад хүн халтирч, дөрвөн хүн гэмтэж бэртсэн.

Манай Ховд аймгийн Чандмань сумын Б.Пүрэвсайхан заан халтирч бэртээд заал, танхимын барилдаанд барилдаж чадахгүй байх жишээний. Одоо болтол эмчилгээ хийлгээд явж байна. Энэ мэт хүндрэлтэй асуудлууд олон байна.

Тиймээс энэ зүлгийг заавал солих нь зүйтэй. Дүүргэгч материал гээд байгаа зүйлээ хар резинээр биш өөрөөр хийгээрэй" гэлээ.