Н.Одонтуул: Гэр бүлийн хүчирхийлэл дахин давтагддаг, даамжирдаг, тойрог хэлбэрээр үргэлжлэн үйлдэгддэг
6 цагийн өмнө
Гэр бүлийн хүчирхийллийн талаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч, Хууль зүйн доктор Н.Одонтуултай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ гэдэг тодорхойлолтоос ярилцлагаа эхлэх үү?
-Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл, түүний дөрвөн хэлбэрийг тодорхойлж хуульчилсан. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. Гэр бүлийн хүчирхийлэл нь дөрвөн хэлбэртэй. Бие махбодын хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл, учруулж болзошгүй эс үйлдэхүйг ойлгоно.
Сэтгэл санааны хүчирхийлэл гэж тухайн хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх болон хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох зэргээр сэтгэл санааны шаналал үүсгэхийг ойлгож болно.
Эдийн засгийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тухайн хүний хуваарьт хөрөнгө, мөн дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж байгаа, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх, эдийн засгийн хараат байдалд оруулсан, мөн эд хөрөнгийн хохирол учруулдаг. Бэлгийн хүчирхийлэл гэж хүсээгүй байхад нь бэлгийн шинжтэй аливаа үйлдэл хийх албадахыг хэлнэ. Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, мөн хуваарьт болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг нь зөрчсөн бол гэмт хэрэгт тооцогддог.
- Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэхээр ихэвчлэн эхнэр, нөхөр, хүүхэд гэж ойлгоод байдаг шүү дээ?
- Зөвхөн эхнэр, нөхөр, хүүхэд гэж ойлгож болохгүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа болон тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү, мөн гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй хүн хамаарах юм.
-Гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан юу вэ?
-Хүчирхийлэгч нь эцэг, эх, ах, эгч, дүү, хамтран амьдрагч, эхнэр, нөхөр, хүүхэд гэр бүлийн гишүүдээ эрхшээлдээ байлгах, гэр бүлийн харилцаанд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хүчирхийлэл үйлддэг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хоорондын эрх мэдлийн тэнцвэргүй байдал нь суурь шалтгаан болж байна.
-Зарим хүмүүс гэр бүлийн хүчирхийлэлд байгаагаа мэдэхгүй дасан зохицох эсвэл хүлээн зөвшөөрсөн байдал ажиглагдаад байдаг. Эцэст нь энэ бүхэн хэзээ ч сайнаар төгсдөггүй тохиолдол бодит амьдралд өчнөөн бий?
- Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрүүл мэнд, амь насаа алдсан харамсалтай тохиолдол олон бий. Монгол Улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн гишүүд буюу эхнэр, нөхөр гэр бүлийн харилцаанд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ, хэн нэгэнд давуу эрх байхгүй. Гэр бүлийн хүчирхийллийн онцлог нь дахин давтагддаг, даамжирдаг, тойрог хэлбэрээр үргэлжлэн үйлдэгддэг.
Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл нь цоожтой хаалганы цаана, гэр бүлийн дотоод орчинд үйлдэгддэг шүү дээ. Түүнчлэн хүчирхийллийн эхэн үед хүчирхийлэгч хохирогчийг хяналтдаа байлгах зорилгоор шүүмжилдэг, доромжилдог, бусад байдлаар сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлдэг.
Дараагийн үед хүчирхийлэл илүү ноцтой болж хүчирхийллийн олон хэлбэрээр үйлдэгддэг. Сүүлийн шатанд хүчирхийлэл үйлдэгч нь хохирогчоос уучлал хүсдэг, гэмшдэг, дахин хүчирхийлэл үйлдэхгүй гэж амлалт өгдөг. Өөрийнхөө үйлдлийг чамд хайртай учраас ийм үйлдэл хийсэн мэтээр ойлгуулдаг. Энэ үед хохирогчид итгэл төрж, дахин хүчирхийлэл үйлдэгдэхгүй, гэр бүлийн харилцаа хэвийн үргэлжилнэ гэсэн найдвар төрдөг. Гэвч хэсэг хугацааны дараа дахин хүчирхийлэл эхэлж, даамжирч, өмнөх үедээ эргэн орж, хүчирхийлэл нь тойрог хэлбэрээр үргэлжилдэг. Энэ бүхэн эцэстээ хохирогч амиа алдах, эрүүл мэндэд нь хохирол, хүнд хор уршиг учрах нөхцөл байдалд хүргэдэг.
-Гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлага, мэдээлэл болон хэрэг хянан шийдвэрлэлт сүүлийн жилүүдэд ямар үзүүлэлттэй байна вэ?
-Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудаст гарсан мэдээллээс үзэхэд 2024 онд Цагдаагийн байгууллагын хэмжээнд нийт 44,673 гэмт хэрэг бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 123 бүртгэгдсэн байна. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэгтгэн гаргасан Монгол Улсын шүүхийн 2024 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдэн дүн мэдээтэй танилцахад, 2024 онд анхан шатны шүүхүүд нийт 17,226 эрүүгийн хэрэг хүлээн авч, 14,682 хэрэг хянан шийдвэрлэснээс 112 буюу 0,8 хувийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг эзэлж байна. Өмнөх онд улсын хэмжээнд 13,977 эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсний 99 буюу 0,7 хувийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг эзэлж байсан. Үүнээс үзэхэд 2024 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 13 буюу 13,1 хувиар өсчээ. Энэ тоог нийт үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн тоо гэж үзэж болохгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг шийдвэрлэсэн тоо юм.
-Гэр бүлийн хүчирхийллийг хянан шийдвэрлэхэд хохирогчийг хэрхэн хамгаалах вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн гомдол, мэдээлэл ирсэн цагаас эхлэн зөрчил шалган шийдвэрлэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авдаг. Тухайлбал, хамгийн түрүүнд хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээ авдаг. Очих ар гэр, аав, ээж, ах дүү байхгүй бол түр хамгаалах байранд байлгаж, мөрдөн шалгах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулдаг. Цагдаагийн байгууллага Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогчийн эрхийг хамгаалан ажиллаж байна. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч оролцож байгаа тохиолдолд шүүгдэгч болон зөрчилд холбогдогчтой нэг танхимд оруулахгүй, тусдаа өрөө, тасалгаанаас буюу зайнаас болон цахимаар оролцуулах арга хэмжээ авч байна.
-Энэ тохиолдолд хохирогчоос өгч буй мэдээлэл ч үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байна гэсэн үг үү?
-Тийм ээ. Хохирогч хүчирхийлэл даамжирсан тухайн агшинд л үйлдлийг таслан зогсоож, амь аврагдахын тулд цагдаагийн байгууллагад ханддаг. Хохирогчид гэм буруутай этгээдийг шийтгэж, хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлоо барагдуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ямар нэг сонирхол байдаггүй. Хохирогчийн аюулгүй байдлыг хангаж, аль болох биечлэн оролцуулахгүй зайнаас оролцуулах нь хэргийн талаар хохирогч ямар нэг айдасгүй, болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх боломжтой. Гэр бүлийн хүчирхийллийг шийдвэрлэхэд хайхрамжгүй, удаан, бусад хөнгөн гэмт хэрэгтэй адилтган авч үзэх нь хохирогчийн шүүхэд итгэх итгэлийг бууруулаад зогсохгүй, мэдүүлгээсээ буцахад хүргэж болно. Энэ тохиолдолд хүчирхийлэл үйлдэгч ял завших, хүчирхийлэл улам даамжирч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах магадлал нэмэгдэнэ.
-Шүүх шийдлээ, асуудал шийдэгдлээ гэж бодож болохгүй нь гэсэн үг үү?
- Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэл оногдуулсанаар хохирогчийн аюул байдал бүрэн хангагдсан гэж үзэж болохгүй. Гэмт этгээд ялаа эдлээд гараад ирнэ. Тухайлбал, бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээд суллагдах гэж байна гэж цахим орчинд маш их мэдээлэл цацагдаж байсан. Гэтэл үүнийг хохирогч хамгийн түрүүнд мэдсэн байх ёстой. Ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж буй прокурор, хорих байгууллага болон шүүхээс хохирогчид мэдээлэл өгөх, аюулгүй байдлыг нь хангаж өгсөн байх шаардлагатай. Ингэснээр дахин хохирохгүй байх боломж бүрдэнэ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хорих ял эдэлж байгаа этгээдийг хуульд заасан нөхцөл хангагдсан гэж үзвэл прокурорын санал, дүгнэлтээр хугацаанаас өмнө суллах асуудлыг шүүх хурлаар шийдвэрлэдэг.
Хуульд зааснаар хорих ял эдлэх ажиллагаанд хяналт тавьж байгаа прокурорын зүгээс ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдсэн байх шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогчийн мэдээллээр хангуулах эрх дотор хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр мэдэгдэнэ гэж заасан байдаг.
-Гэмт этгээд хуульд заасан хугацаанд ял эдэллээ. Гэхдээ тухайн этгээдийг засарсан, өөрчлөгдсөн гэдгийг урьдчилан мэдэх боломжтой юу. Ял эдлэх хугацаанд зан үйлийг засах, засарч хүмүүжих ямар сургалтад хамруулдаг вэ?
-Хорих ял эдэлж байх хугацаанд хорих байгууллагаас олон төрлийн сургалт явуулдаг, зан үйлийг засах сургалтууд зайлшгүй явагддаг. Эрүүгийн хуульд зааснаар хоригдлыг эдлээгүй үлдсэн хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахад тухайн хоригдлын гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, нийгэмд гарахад аюулгүй болсон, зан байдлаараа засарч хүмүүжсэн, ял эдлэх хугацаанд ажил хөдөлмөр хийж байсан, ноцтой зөрчил гаргаагүй зэргийг харгалзан хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоодог. Шүүх мөн тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, урьд гэмт хэрэг үйлдэж хугацааны өмнө суллагдаж байсан эсэх, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагын зорилго хангагдаж байгаа эсэхийг хянаж, холбогдох хувийн хэрэг, баримтуудтай танилцаж, шүүх хуралдаанд оролцогч нарыг оролцуулан шийдвэрлэдэг.
-Зарим нь засрахгүй давтан гэмт хэрэг үйлдэн хорих ангид орсон тохиолдол бас байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч засраагүй, алдаагаа дахин давтсан тохиолдол хэр байдаг вэ?
-Миний хувьд 2016 оноос хойш Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажилласан. Манай дүүрэгт 5 хорих анги үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, Эмэгтэйчүүдийн нээлттэй, хаалттай хорих, Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага буюу хорих ял шийтгэгдсэн өсвөр насны хүний хорих ялыг эдлүүлж байгаа байгууллага, мөн нээлттэй, хаалттай хорих байгууллагуудад хорих ял эдэлж буй хоригдлын хорих ялаас хугацааны өмнө суллах тухай хорих ангийн санал, прокурорын дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэж ирсэн. Сүүлийн 8 жилийн хугацаанд дээрх хорих ангиас хугацааны өмнө суллагдсан хоригдол дахин гэмт хэрэг үйлдэн ял эдэлсэн тохиолдол маш бага буюу 1-2 тохиолдол гарч байсан. Хугацааны өмнө суллаж хяналт тогтоох асуудлыг шийдвэрлэхэд хуульд зааснаар харгалзан үздэг хэд хэдэн нөхцөл байдал бий, хорих ялын зохих хувийг эдэлсэн эсэх, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн эсэх, ял эдлэх хугацаандаа нийгэмшүүлэх, зан үйлийг засах ямар сургалтад хамрагдсан, ял эдлэх хугацаандаа ямар ажил хийж шагналын хоногоор урамшуулагдсан, сахилгын зөрчил гаргаж байсан эсэхийг харгалзан үздэг.
-Гэр бүлийн хүчирхийллийн хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг шүү дээ?
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн хохирогчоор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр, нөхрийг ихэвчлэн тогтоож, хүүхдийг орхигдуулдаг тохиолдол байсан. Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөн хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгөхөд сэтгэл зүйн хувьд айдастай, тогтворгүй болдог. Эцэг, эхийн хувьд хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэй. Гэтэл гэр бүлийн орчинд хайртай хүмүүстэйгээ амьдрах явцад зөрчил, гэмт хэргийн хохирогч болдог. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд заасан “Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчлийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар үйлдэн шүүхээр шийтгэсэн тохиолдол их байдаг. Ялангуяа хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн үйлдэл түгээмэл гардаг.
-Олон нийтэд хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Эхнэр, нөхөр гэр бүлийн харилцаанд тэгш эрх, үүрэгтэй бөгөөд гэр бүлийн харилцаанд гарч буй асуудлыг хоорондоо ярилцаж, нэг нэгнийгээ сайн сонсож, хамтдаа шийдвэрлэж, аливаа зүйлд хүлээцтэй, эерэгээр хандаж байх нь гэр бүлийн харилцааг бат бэх байлгах, зөрчил үүсгэхгүй байх боломжтой. Ихэнх тохиолдолд залуу гэр бүлүүд гэр бүлийн харилцаанд гарсан жижиг маргааныг хэрүүл маргаан болгон улмаар Цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл өгч, шүүхээс шийтгэл оногдуулсанаар дахин эвлэрэхгүйгээр гэр бүл салах, хүүхдүүд өнчрөх, улмаар нэгэндээ өширхөн хэн нэгнийхээ эрүүл мэндэд халдах тохиолдол гарч байна.
Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн гэж үзвэл хохирогчоос гадна үзсэн, харсан, сонссон хэн бүхэн Цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөх үүрэгтэй бөгөөд мэдээлэл өгснөөр хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалах чухал ач холбогдолтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 5 цагийн өмнө
XALYYXAN DYRTAI SEKSDNE80955877TSAGN
Зочин · 5 цагийн өмнө
DYYDLGR80955877SERELN VANAGLMAAR
Зочин · 5 цагийн өмнө
SEKSYGR XUCHINDUULI80955877BOOW XXOOD