Эзэнгүй лифт иргэдийг хохироосоор байна
өчигдѳр
СӨХ лифт хариуцдаг боловч засварладаггүй
М.Ундармаа одоогоос хоёр жилийн өмнө БЗД-ийн 14 хорооны Мандахнаран хотхонд хоёр өрөө орон сууц 200 сая төгрөгөөр худалдаж авчээ. Гэвч ашиглалтад ороод хоёрхон жил болж байгаа тус байрны лифт нь өдөр бүр гацаж, савладаг байна.
Энэ талаар “Байр худалдаж авсан цагаас л лифт нь асуудалтай байсан. СӨХ-д энэ тухай хэлэхээр барьсан компани засварлах ёстой гэдэг. Оршин суугчид тухайн компани руу холбогдохоор “зассан” гэдэг боловч гацсан, савласан хэвээр байдаг.
Манайх сургуулийн насны хоёр хүүхэдтэй. Хоёр хүүхэд маань лифтэнд гацсанаас болоод айдастай болж байнга 14 давхар луу алхдаг болсон. СӨХ болон барилгын компанийн дунд иргэд хохирч байна” гэсэн юм. Тус байр хоёр орц, 180 өрхтэй. Тэгэхээр энд 720 хүний амь нас, эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа юм. Нийслэлд өдөрт хэдэн арваараа орон сууц ашиглалтад орж буй. Гэвч үнэ болон байршил хамаарахгүй лифтний асуудал иргэдэд тулгарч байна.
Гэр орондоо тав тухтай амьдрах хамгийн эхний шаардлага бол осол авааргүйгээр лифтээр зорчих. Гэвч орон сууцны лифтний стандарт, аюулгүй байдлыг нь хянадаг, шалгадаг хүнгүй учраас аюулгүй зорчих, цаашлаад амь нас эрсдэх нөхцөл үүсээд удлаа.
Монгол Улсад 12.000 орчим лифт бий. Түүний 11.000 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Тэгвэл нийслэлд өргөх байгууламжийн тусгай зөвшөөрөл бүхий 140 гаруй байгууллага байдаг ч 40-50 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Энэ тусгай зөвшөөрлийг “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-аас олгодог байна. Гэхдээ дээрх байгууллагуудтай хариуцлага тооцох эрх зүйн нөхцөл байдаггүй. Харин төрийн өмчийн хөрөнгө оруулалтаар баригдсан барилгын лифтний аюулгүй байдал, стандартыг хангуулдаг газар бол “Улаанбаатар лифт” НӨҮГ юм. Тус компани өнгөрсөн хугацаанд чанарын шаардлага хангахгүй 150 гаруй лифтийг засварлажээ. Гэвч насжилт нь дууссан лифтнүүд жил ирэх тусам нэмэгдэж буй.
Энэ талаар “Улаанбаатар Лифт” НӨҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэ “Манай байгууллагын хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилгад захиалагчийн хяналт тавьж ажилладаг. Харин хувийн хэвшлийн барилгуудад хяналт тавих боломжгүй. Учир нь хувийн хэвшлийн барилгын лифтийг барилгатай нь хамт комисс хүлээж авдаг. Лифтийг хүлээж авах комисс гэж бий. Нийслэлийн хэмжээнд лифтний хяналтыг хариуцдаг 2-3 байцаагч байдаг.
Лифт нь 20-25 жилийн насжилттай байдаг. Гэхдээ жил бүр энэ тоо нэмэгддэг. Манай байгууллагын хувьд 2021-2024 онд ашиглалтын шаардлага хангахгүй 170 лифтнээс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн сангаас 146 лифтийг шинэчилсэн.
2025 онд 53 лифт шинэчлэхээр төлөвлөсөн. Шинэчилсэн лифтнүүдэд асуудал үүсээгүй. Мөн бид гэрээ байгуулсан СӨХ-үүдийнхээ лифтний аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Эвдэрсэн болон эрсдэл үүссэн лифттэй барилга, СӨХ-үүдэд удаа дараа шаардлага тавьдаг ч хэрэгжүүлж байгаа нь цөөн байна” гэсэн юм. Барилга хот байгуулалтын сайдын 53 дугаар тушаалаар баталсан “Лифт төхөөрөмжлөх аюулгүй ажиллагааны дүрэм” гэж бий. Энд лифтний үйлчилгээ, магадлал бүх зүйлийг ашиглагч нь бүрэн хариуцна гэж заасан байдаг. Тэгэхээр өнөөгийн нөхцөл байдалд лифтийг хариуцах хүн нь СӨХ юм. Гэвч СӨХ лифтний засвар үйлчилгээг хийдэггүй.
Энэ талаар “Golden park” хотхоны оршин суугч Г.Аззаяа “Манайх сар бүр лифтний төлбөрт 6-7 мянган төгрөг төлдөг. Гэвч сүүлийн нэг сар манай лифт ажиллаагүй ч би мөнгөө төлсөөр байна. Тэгэхээр лифтний төлбөрийг СӨХ-ийн төлбөрөөс тусад нь салгах нь зүйтэй. Манай хотхоны СӨХ-ийн дарга өөр газар амьдардаг. Тэр хүнд бид лифттэй байх эсэх нь бараг хамаагүй байна шүү дээ” гэсэн юм. Тэгвэл СӨХ-ийн хийх ёстой ажлыг яагаад нийслэлийн төсвөөр засварлаад байна вэ. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16.6-д “Орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө шаардагдах бол барилгын хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн улсын болон орон нутгийн төсвөөс нэг удаа санхүүжүүлж болно” гэж заасан байдаг. Үүнийг үндэслэн нийслэлээс хуучны барилгуудад засвар үйлчилгээ хийдэг юм байна. Тиймээс Сайдын салбарын сайдын тушаалаар баталсан дүрэм, СӨХ-ны эрх зүйн байдлын тухай хууль нь зөрчилдөж байгаа учраас лифт хариуцах эзэнгүй дунд нь хаягдаж байна.
Ниргэсэн хойно нь хашхирах биш ниргэхээс нь өмнө сэрэмжилье
Орон сууцны лифтний стандарт мөрдөхгүй, аюулгүй байдлыг хангахгүй, хяналт муу байгаагаас оршин суугчид сэтгэл санаа, эрүүл мэнд, амь насаараа хохирсон жишээ олон байна.
Кэйс 1 2022.01.27
Баянгол дүүргийн 18 дугаар хороо хороонд байрлах “Хаан суудал” 86-р байранд аав, ээжтэйгээ дэлгүүр орчхоод гэр лүүгээ орж явсан бяцхан хүү хаалга нь эвдэрсэн лифтийг тулж харамсалтайгаар долоон давхраас унаж амь насаа алдсан. Аав, ээж, дүүтэйгээ аз жаргалтайхан инээж наадаж байсан жаахан хүүгийн аюулгүй байдал гэрийнх нь үүдэнд алдагдсан нь даанч харамсалтай. Тус байрны тухайд нэг байранд хоёр өөр үйлдвэрийн лифт угсарсан байсан. Нэг нь хятад, нөгөө нь солонгос. Энд мөн л чанарын шаардлага хангасан эсэх асуудал үүссэн. Олон улсын стандартаар авч үзвэл ISO9001 буюу 25 жил ашиглах боломжтой лифт хүлээн авах ёстой. Гэтэл Монголд 15-20 жилийн насжилттай лифт оруулж ирдэг. Энэ нь чанар болоод аюулгүй байдал шууд хангагдахгүй байгааг илтгэж байна.
Кэйс-2 2022.02.16
Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд шинээр баригдаж буй барилгын цахилгаан шатны хонгилд хүн унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан гипсэн хавтангийн бригадын ажилтан, 52 настай эрэгтэй цахилгаан шат хийхээр бэлдсэн 4.2 метр гүн нүхэнд унаж осолдсон.
Кэйс-3 2020.08.23
Залуус хороололд цахилгаан шат унасны улмаас дөрвөн хүний хоёр нь биедээ хүнд гэмтэл авсан байдаг. Тус байрны 48Б байрны зургаадугаар давхраас B1 давхар луу цахилгаан шат унасан бөгөөд 48, 53 настай хоёр иргэн эрүүл мэндээрээ хохирсон.
Кэйс-4 2021.03.11
Онцгой байдлын албан хаагчид Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, “Залуус” хороололд цахилгаан шатанд гацсан эмэгтэйчүүдийг эсэн мэнд гаргаж байв. Тус хорооллын 48/В байрны дөрөвдүгээр давхарт 35, 37 настай Я, Б нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ийнхүү гацсан байсныг амь насыг нь аварсан. Гэхдээ өмнө нь тус хороололд энэ мэтчилэн гацсан, унасан тохиолдол цөөнгүй.
Кэйс-5 2018.11.28
Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд цахилгаан шат гацаж гурван хүн түгжигдэж байв. Орон сууцны дөрөвдүгээр давхарт 48, 35 настай хоёр эмэгтэй, 10 настай хүү гацсан байсныг албан хаагчид эсэн мэнд гаргаж аварч байв.
Энэ мэтчилэн лифтнээс үүдэлтэй хүний эрүүл мэнд, амь настай холбоотой дуудлага мэдээлэл цөөнгүй бүртгэгддэг болохыг Нийслэлийн онцгой байдлын газрын мэдээллээс харж болно.
Түүнчлэн зарим орон сууцны лифт бүх хүнд хүртээмжгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй хүмүүсийн тэрэг нь багтахгүй тохиолдол олон байдаг талаар хэлж байлаа. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад ч стандартын бус лифтнээс үүдэлтэй хүндрэл учирсаар байна.
Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламжийн эмч, анагаах ухааны магистр Б.Тамир ярихдаа “Би Нийслэлийн түргэн тусламжийн төвд нэг жил, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт долоон жил ажиллаж байна.
Энэ хугацаанд олон айлд дуудлагаар очиж өвчтэй хүмүүст тусламж үзүүлсэн. Хүнд өвчтөн тээвэрлэх боломжтой, ачааны лифттэй байр нэг ч байгаагүй. “True L” хотхоны лифт том боловч өвчтөн тээвэрлэдэг орны толгойг өндөрсгөж байж багтсан. Орон сууцнуудын лифт стандарт бус байдгаас болж хүнд өвчтөн тээвэрлэх явц хүндрэлтэй байдаг. Зөөвөрлөх ор маань эмнэлгийн хаалгаар багтдаг, түргэний машин руу эвхэгдэж ордог. Тэр ор маань лифтэнд багтдаггүй. Тиймээс хүнээ тээвэрлэхийн тулд өвчтөн тээвэрлэх дамнуурга ашигладаг. Хоёр метр урттай энэ дамнуургаар өвчтөнөө зөөвөрлөхөд шатаар буух, шатан дээр эргэлт хийхэд хэцүү байдаг. Өвчтөнөө унагачих шахам л арайхийн авч буудаг даа. Уг нь стандартын лифттэй бол цаг алдахгүй өвчтөнөө хурдан шуурхай тээвэрлэж, эмнэлэгт яаралтай хүргэх юм” гэж байлаа.
Н.Чимэдрэгзэн: Бүх лифтэнд жил бүр бүгдийг нь очиж шалгах боломжгүй
Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилга, Өргөх байгууламжийн техникийн хяналтын Улсын байцаагч Н.Чимэдрэгзэнээс лифтний стандарт хяналт шалгалтын талаар тодрууллаа.
-Монгол Улсад лифтний стандарт мөрдөгдөж байна уу?
-Хууль эрх зүй талаасаа маш нарийн зохицуулалттай байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль зэрэг хуулиудаар зохицуулагддаг. Лифтний угсралт болон ашиглалттай холбоотой Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм гэж байдаг. Орон сууцны барилгад лифтийг төлөвлөхөд Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт-БНбД 31-01-22 дүрмийг мөрддөг. Тус дүрмээр тухайн барилгын давхраас хамааран тоо болон даац, багтаамж, хурдыг заасан байдаг. Жишээлбэл 16 давхар барилгад 400кг болон 630кг-аас дээш даацтай, нэг м/с-с дээш хурдтай хоёр ширхэг лифт төлөвлөх ёстой гэж ойлгож болно.
-Барилгыг улсын комисс хүлээн авсны дараа лифт нь эвдрэх буюу гацах, савлах, унах тохиолдол гарч байна. Үүнд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комисст лифтний хяналтын чиглэлээр оролцдоггүй. Комисс ажиллахаас өмнө анх угсрагдсан лифтэнд техникийн бүрэн магадлал хийж түүгээр илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах шаардлага хүргүүлдэг. Дутагдлууд бүрэн арилсны дараа лифтийг хэвийн ажиллагаанд оруулж ажиллуулахыг зөвшөөрдөг. Барилгын тухай хуулиар зүгшрүүлэлт, тохируулгын хугацаанд илэрч буй доголдлуудыг барилгын захиалагч, гүйцэтгэгч, лифтний угсралтыг гүйцэтгэгч мэргэжлийн байгууллагууд засварлаж хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй.
-Орон сууцуудын лифтэнд хэрхэн хяналт тавьж ажиллаж байна?
-Анх лифт угсрагдахад тус лифтэнд техникийн бүрэн магадлал хийдэг ба Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар иргэн болон лифтний эзэмшигч сууц өмчлөгчдийн холбоо, хороо, дүүргүүдээс ирсэн гомдол, хүсэлтийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгддэг. Ашиглалтын хугацаа дууссан лифтнүүдэд хяналт шалгалт хийж, Улсын байцаагчийн дүгнэлт гаргадаг. Техникийн шаардлага хангахгүй болсон лифтнүүдийг актлах арга хэмжээг авдаг. Лифт эзэмшигч /СӨХ/ нь тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулж сар бүр засвар техник үйлчилгээг хийлгэж байх үүрэгтэй. Мэргэжлийн байгууллагууд болон Дүүрэг, хороодтой хамтран нэгдсэн байдлаар осол гэмтлээс урьдчилан сэргийлэх байдлаар лифт эзэмшигч нарт зөвлөмж, мэдэгдэл хүргүүлдэг. Бүх лифтэнд жил бүр бүгдийг нь очиж шалгах боломжгүй.
-Нийслэлийн хэмжээнд улсын хэдэн байцаагч байдаг вэ?
-Нийслэлийн хэмжээнд дөрвөн байцаагч болон хоёр шинжээч хяналт шалгалтын ажлыг хийдэг. Шинээр угсрагдсан лифтэнд техникийн бүрэн магадлал хийдэг. Лифт эзэмшигч /СӨХ/ нь тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар жилд нэгээс доошгүй удаа лифтэндээ техникийн магадлал хийлгэж илэрсэн дутагдлуудыг тухай бүрд нь арилгаж техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байх ёстой байдаг.
Мэргэжлийн байгууллагуудыг хариуцлагатай болгоё
Байр бүр лифт хариуцсан мэргэжлийн лифтчинтэй байх ёстой. Жилдээ нэг удаа хөндлөнгийн байгууллагаар магадлал хийлгэж, сар бүр техник үйлчилгээний засвар хийлгэх ёстой. Гэвч хувийн буюу нийтийн орон сууцны лифт хариуцсан компаниуд нь өөрөө өөртөө магадалгаа хийдэг байна.
Өөрөөр хэлбэл, өөрийнхөө угсарсан лифтийг өөрөө үнэлчихдэг гэсэн үг. Тэгвэл энэ нөхцөлд ашиглагч буюу оршин суугчид, СӨХ лифтэнд хяналт шалгалт тогтмол хийж байхыг шаардах бүрэн эрхтэй.
Засвар үйлчилгээг цаг тухай бүрд нь хийгээд байх юм бол лифт тийм ч хурдан эвдэрдэг зүйл биш юм. Тодруулбал, лифт нь 20-25 жилийн насжилттай байдаг. Тэгвэл засвар хийсэн компани өөртөө дүн тавьж өөрөө магадалгаа хийдэг тогтолцоог халах шаардлагатай. Ингэхийн тулд хөндлөнгийн байгууллагаар магадалгаа хийлгэх нь зүйтэй. Бусад улс оронд зөвхөн лифт хариуцдаг улсын байгууллага байдаг. Харин манай улсад бүх лифтийг хянаж, аюулгүй байдлыг нь хангадаг байгууллага байхгүй. Тиймээс цаашид хууль, эрх зүйн тал дээр анхаарч, Барилгын тухай хууль болон СӨХ-ийн тухай хуульд лифтний ашиглагч талын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатайг дээрх баримтууд харуулж байна. Мөн нөгөө талдаа хяналт, шалгалтыг сайжруулснаар тусгай зөвшөөрөл бүхий 180 байгууллага хариуцлагатай болж, энэ асуудал цэгцэрнэ.
БНХАУ-д яг ижил хоёр барилгын худалдах үнэ нь өөр байдаг. Нэг нь 100 сая төгрөгөөр үнэлэгдэж байхад нөгөөх нь 130 сая төгрөг байх жишээтэй. Учир нь лифт нь даатгалтай барилга илүү үнэтэй борлуулагддаг. Уг даатгалын мөнгөөр лифт, дээвэр, фасат засварладаг байна.
Харин Солонгост Лифтний сан гэж байдаг аж. Тус санд лифтний мөнгийг СӨХ-өөс нь салгаж байршуулж зөвхөн лифт засварт зарцуулдаг аж. Энэ мэт бусад улсын сайн туршлагыг судалж, хэрэгжүүлэх, Барилгын тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль зэрэг хуулийг шинэчлэх шаардлагатай болжээ.
“Зууны мэдээ” сонин Баримт нэн тэргүүнд сүлжээний гишүүн. Энэ нийтлэлд орсон баримтуудыг “Зууны мэдээ” сонин нягталж шалгасан болно.
Б.БАЯРЖАВХЛАН, Х.МӨНХЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хариуцлага · 20 цагийн өмнө
Жил бүр үзлэг хийх боломжгүй гэх юм, боломжтой болгох гэж л энэ ажилыг хариуцдаг байгууллага байга бх, санаачлага сэтгэл дутаад , мэргэшлийн байж чадахгүй бна
Хариуцлага · 20 цагийн өмнө
Лифт стандарт заагаад 2 лифтны ядаж нэг нь багтаамжтай байхыг анхнаасаа шаардаж байх нь зөв шүү дээ, ямар ч орон сууц 00 өрөө , халуун хүйтэн ус байдаг биз дэ түүнтэй л адил,
Зочин · өчигдѳр
SHAAX SERELTEI ERD80955877SHAALTSI
Зочин · өчигдѳр
XALYYTSSAN SEKSDMEER TSAGAAR80955877XUCHINDUULI
Зочин · өчигдѳр
ANUSDAAD BOOB XXOOD TAALAMJTAI BOOW GOE DOLOOJ80955877