Зууны манлай дуучин Б.Сарантуяа өнөөдөр Чин ван Ханддоржийн өргөөнөө урлаг соёлын сэтгүүлчдийн хүлээн авч, хамтдаа үдийн зоог барьжээ.

Тэрээр энэ үеэр сэтгүүлчидтэй чөлөөт ярилцлага хийж, ирэх сарын 10-нд Сөүлийн “Сэнон”-нд "Аргагүй монгол аялгуу" бие даасан тоглолтоо хийх болсон талаар мэдээлэв. Энэхүү тоглолтоо 2011 онд Монгол орны 21 аймаг 24 сум, суурин газар, 2012 онд Казакстан улс, Европын хотуудад мөн Америкийн дөрвөн хотод тоглож байжээ. Энэ тоглолтын ерөнхий зохион байгуулагч болох “Хадгаламж” банкнаас дуучин Б.Сарантуяад санал тавин тэнд байгаа монголчууддаа тоглолт хийхийг хүсчээ. Мөн тоглолтын үеэр азтай үзэгчийг нэг сая воноор урамшуулах юм байна.

Өнөөдрийн уулзалтын үеэр дуучин Б.Сарантуяа Э.Чойдогийн “Миний сайхан ээж” дууг дуулсан бөгөөд Д.Чинбат шинэчлэн найруулж, White art студид бичүүлэн дүрсжүүлсэн байна. Тэрээр битүүнд БНСУ-д байх учраас энэхүү дуугаар ээждээ болон монголын ээжүүдэд бэлэг барин золгох гэнэ.

С.Отгон