Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын даргын 396 дугаар захирамжаар хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Н.Батсүмбэрэл, Х.Болормаа, Б.Бадамсүрэн, Ш.Бямбасүрэн, Ж.Галбадрах, Х.Ганхуяг, Х.Жангабыл, Б.Заяабал, Т.Мөнхсайхан, П.Мөнхтулга, Ц.Мөнхтуяа, П.Наранбаяр, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг, Ц.Туваан, Б.Уянга, Д.Үүрийнтуяа, Г.Хосбаяр, Л.Энхнасан, С.Эрдэнэбат, Р.Эрдэнэбүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

Энэ талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, тус Ажлын хэсэг 2026 оны 10 дугаар сарын 19-27-ны өдрүүдэд нийт таван удаа хуралдсаныг дурдаад, ингэхдээ нэгдсэн төсвийн төсөлд тооцоолол хийж, тодорхой зарчмуудыг баримтлан асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэсэн гэлээ.

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн нэгдсэн төсвийн тооцоололд "Оюу толгой" ХХК-иас нийтдээ 3.0 их наяд төгрөгийн хэмжээтэй ногдол ашгийн орлогыг төсөвт төвлөрүүлж, үүнээс Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, мөн нийгмийн өмнө тулгамдсан суурь асуудлууд болон эрчим хүч, бусад салбарын санхүүгийн хүндрэлийг үе шаттай арилгах, хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай хөрөнгийн дутагдлыг шийдвэрлэхэд зарцуулах асуудлыг төслийн үзэл баримтлалд холбогдох тооцооллыг тусгасан байсан. Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг татан авсан тул 2027 оны төсвийн жилд “Оюу толгой” ХХК-ийн ноогдол ашгаас төсөвт төвлөрүүлэхээр тооцсон 2.0 их наяд төгрөгийг тэнцвэржүүлсэн орлогоос бууруулж, Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх орлогыг 2.0 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх төсвийн төслийн үзэл баримтлалын дагуу төсөлд тусгасан "ОТ" код бүхий хөрөнгө оруулалтын төслүүдийг төслөөс хасах замаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг сайжруулах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзсэнийг Ж.Батжаргал гишүүн танилцуулгадаа онцолсон.