Гаражийн татварыг тэглэх өргөдөлд 100 мянган хүн гарын үсгээ зуржээ. Тус өргөдлийг санаачилсан хуульч О.Батхүүтэй ярилцлаа.

-Таны санаачилсан дулаан зогсоолын татварыг цуцлах цахим өргөдөл 100 мянган хүний дэмжлэг авлаа. Энэ босгыг давахад ямар хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна вэ?

-Зургадугаар сараас эхлээд хүмүүс надад их хандсан. Яагаад гэхээр зургадугаар сард татварын албанаас “Гаражийнхаа татварыг төл” гээд хүмүүс рүү мессэж бичиж эхэлсэн юм билээ. татвар нь 500-600 мянган төгрөг гээд дүн нь нэлээн өндөр байсан. Тэр байтугай 850 мянган төгрөгний нэхэмжлэл үүссэн мессэж ирсэн байгаа байхгүй юу. Мөн хүмүүс и-монголиа руугаа орохоор тэнд нь татварын өр гэнэт гарч ирсэн. “Юун татвар гараад ирэв ээ, яагаад ийм юм төлөх ёстой билээ” гэсэн чинь “та гаражтай юм байна, гаражнаас чинь татвар авч байгаа. Бид зах зээлийнх нь үнийн дүнгээр тооцож байгаа” гэж буй юм. Тэгэхээр үнэтэй гаражтай хэсэг нь үнийн дүнгийн хувьд өндөр, бага гаражтай хэсэг нь бага тогтоогдохоор байгаа. Тэгээд би аравдугаар сарын 5-ны өдөр үүнийг санаачлаад 20 хоногийн дотор 100 мянган хүний дэмжсэн санал авсан. Энэ бол зохион байгуулалттай үйл явдал биш. Цэвэр иргэдийн өөрсдийнх нь дуу хоолой юм. Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс ч байна, хөдөө байдаг ч хүмүүс байна. Түүнчлэн гаражгүй ч гэсэн бидний төлсөн татвар зөв зүйлдээ зарцуулагдаж байна уу, ер нь татвар өндөр байгаа юм биш үү гэдэг агуулгаар хүмүүс их дэмжсэн.

-Гаражийг татвар ногдуулах хөрөнгө гэж үзэх нь ямар үндэслэлээр шударга бус байна вэ?

-Нэгдүгээрт, манай улсын онцлог байгаа. Манайх чинь их хүйтэн улс. Өвөлдөө машинаа гадаа тавибал хөлдөнө шүү дээ. Тэгэхээр хүмүүс машинаа хөлдөөхгүйн тулд гараж авч байгаа. Энэ бол хүний зайлшгүй хэрэгцээ юм. Хоёрдугаарт, гаражтай хүмүүс гаражгүй хүмүүстээ тусалдаг. Байрны айлуудын тал нь гараждаа машинаа тавихаар гадаа сул зай гарна. Үүнд үлдсэн нь машинаа тавьдаг. Японы томоохон хотуудад машин худалдаж авахын тулд заавал гараж авахыг шаарддаг. Яагаад гэвэл гаражгүй байж машин аваад байвал гадаа, явган хүний зам дээр болон орц гарц хааж тавина гэж үздэг. Түүнчлэн хүн болгон гаражийг татвар төлсөн шударга хөдөлмөрөөрөө л авч байгаа. Түүнээс мөнгөө багтааж ядсандаа биш. Тэгэхээр ийм үндэслэлээр буруу юм аа гэж үзэж байгаа. Харин олон гаражтай хүн бол мэдээж татвар төлнө. Яагаад гэхээр тэр хүмүүс гаражаа түрээслүүлж орлого олж байгаа. Ганц гаражтай, гэр бүлийн хэрэгцээнийх бол татвар авах нь буруу гэж бодож байна. Өөр нэг зүйл гэвэл энэ жил 600 мянган төгрөгийн татвар авлаа гэж бодъё. Дараа жил энэ дүн чинь дахиж өсөх магадлалтай. Яагаад гэвэл гаражны үнэлгээнээс тооцож байгаа болохоор гаражны үнэ өсөх тусам татвар өснө гэсэн үг.

Хоёр дахь үндэслэл нь юу вэ гэвэл 0.6-2 хувь гэдэг интерваль байхгүй юу. Үүнийг тухайн дүүргийнх нь Иргэдийн хурал хэлэлцээд энэ жилийн хувьд 1 хувь байна гээд шийднэ. Дараа жил нь 2 хувь байна гээд шийдчихвэл төлөх татварын үнэ дагаад өснө л гэсэн үг. Гаражтай байсныхаа төлөө жилд 1.2 сая төгрөг төлнө гэдэг их өндөр дүн шүү дээ. Хүн болгон гаражны цэвэрлэгээ, үйлчилгээ, сөхгэж төлж байгаа. Түүгээр зогсохгүй цахилгаан, дулаан дээр нэмээд 1.2 сая гэж байгаа юм. Үүнийг нэг жил төлөөд дуусчихдаг бол бас яая гэх сэн. Жил болгон төлөх ёстой. Өөрөөр хэлбэл, 10, 20 жил төлнө. Тэгэхээр 20 жилийн дараа төлсөн татвар нь бараг гаражныхаа үнэд хүрнэ.

-Өргөдөлд гаражаа түрээслүүлж орлого олдог иргэд, олон гараж эзэмшдэг хүмүүсийг өрхийн хэрэгцээний нэг гаражтай иргэдээс хэрхэн ялгасан бэ?

-Олон гаражтай хүн ойлгомжтой. Нэг хүний нэр дээр арван ч гараж байх боломжтой. Энэ хуулийн төсөлд өрхийн хэрэглээний нэг гараж л гэж явж байгаа. Нэг гараж дээр татвар төлөхгүй, үүнээс илүү гарч байгаа бол татвараа төлөөд явна. Өөрийнхөө ганц гаражийг түрээсэлдэг байж болно. Тэр бол тухайн хүний л асуудал. Түүнээс өөр олон гараж түрээсэлбэл тэндээсээ татвараа төлөөд явна. Энэ бол мөнгө төгрөгтэй, санхүүгийн дарамтанд ороогүй хүмүүст зориулсан зүйл биш. Өөрийнхөө амьдралыг болгоод зээл аваад явдаг нийт дундаж иргэд рүү чиглэсэн өргөдөл юм.

-100 мянган хүний гарын үсэг цугларсан нь татварыг шууд цуцална гэсэн үг биш. Одоо өргөдөл ямар шат дамжлагаар явах, Засгийн газар болон УИХ ямар шийдвэр гаргах шаардлагатай вэ?

-Энэ өргөдөл шууд Ерөнхий сайдад очиж, асуудал Засгийн газрын түвшинд яригдана. Яагаад гэхээр энэ ezasag-аар авсан өргөдөл учраас тийм хуультай. Харин eparlament-аар авсан өргөдөл бол УИХ-д очиж хэлэлцдэг юм. Тэгэхээр Ерөнхий сайд руу ороод хуулийн төсөл болж УИХ руу орох ёстой. УИХ хууль боловсруулах ёстой гурван субьектийн нэг. Тэгэхээр Засгийн газраас энэ хуулийн заалтыг өөрчилье гээд УИХ руу оруулна. УИХ үзээд батлах эсэхийг шийднэ. Би хувьдаа батлагдах боломжтой гэж харж байгаа. Учир нь өнгөрсөн сонгуулиар манай бүх нам татвар бууруулна гэж амласан. Одоо амлалтаа ард иргэддээ харуулах ёстой. УИХ-ын гишүүд ч үүнийг эсэргүүцнэ гэж бодохгүй байна. Ард иргэдийн амьдрал хэцүү, татвар хураамж өндөр байна. Ийм олуулаа нийлээд өргөдөл өгч байхад үүнийг дэмжихгүй ээ гэдэг байж болохгүй асуудал.

-Гаражийн татварыг цуцалбал улсын болон нийслэлийн төсвийн орлогод ямар нөлөө үзүүлэх вэ?

-Би энэ өргөдлийг санаачлахаас өмнө нийслэл рүү очоод уулзсан. Ер нь их бага дүнтэй гэж байна лээ. "Бид авахгүй байсан ч болно оо, нэгэнт хууль гарсан учраас авахаас өөр яах вэ дээ" гэдэг санаа л байсан. Гаражийн татварын дүн нийтдээ 3-4 тэрбум төгрөг байгаа болов уу л гэж би таамаглаж байгаа. Гэхдээ төсөвт их дарамт үүсгээд хийх ёстой ажлууд нь хойшлогдох асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл, нөлөө их бага.

-Гаражийн татвар тэглэгдвэл жил бүр төлөх ёстой мөнгөн дүн алга болохоос илүүтэй цаашлаад дамаараа ямар ач холбогдолтой вэ?

-Нэгдүгээрт, иргэд олон нийт төр засгийн шийдвэр гаргалтад шууд оролцож байгаа. Манайхан чинь сонгууль болохоор л хэдэн зүйл амлаж, шахаж байгаад алга болчихдог. Ийм биш ээ. Иргэд үргэлж төр засагтайгаа холбоотой, тэндээс гарч байгаа шийдвэрт нөлөөлдөг. Амьдралд нийцэхгүй ч юм уу, буруу хууль тогтоомж байвал үүнийг засах зэргийг энэхүү олон нийтийн өргөдөл олгож байгаа. Тэгэхээр гараж гэдгээсээ их том агуулгатай зүйл. Хоёрт, иргэд өдөр шөнөгүй хөдөлмөрлөөд өмч хөрөнгөтэй болох нь тэр хүмүүс хийсэн зүйлийнхээ үр шимийг хүртэж байгаа гэсэн үг. Гэтэл ингэснийх нь төлөө шийтгэж байгаа мэт татвар авахыг буруу гэж үзэж байна. Татварын нэг зорилго зарим үйл ажиллагааг дэмждэг, заримыг нь дэмждэггүй байхгүй юу. Тухайлбал, онцгой албан татвар гэж байдаг. Жишээ нь, архи тамхи, мөрийтэй тоглоом гэх зэрэг нь дандаа 40-өөс дээш хувийн татвартай байдаг. Энэ бол буруу зүйл орж ирж байгаа учраас төр засаг нь шийтгэж байгаа юм шиг өндөр татвар авдаг байхгүй юу. Гаражтай байхыг дэмжиж байгаа бол татвараа бууруулах, бүр байхгүй болгох ёстой. Манай орон халуун дулаан уур амьсгалтай бол гараж тансаг хэрэглээ байж болно. Гэтэл өвөлдөө машин нь хөлдөх гээд буй учраас зээл тавиад өчнөөн хүү төлөөд л авч байгаа. Гараж ч гэж дээ, 3x6 хэмжээтэй зураас байгаа шүү дээ. Ийм жижигхэн талбайгаас 600-850 мянган төгрөгийн татвар авна гэдэг арай хэтэрсэн л гэж үзэж байна.

-Хэрэв энэ удаа татварыг цуцлахгүй бол дараагийн алхам юу байх вэ?

-Тэмцэх хэрэгтэй. Иргэнийхээ хувьд энэ бол их буруу татвар. Ийм буруу зүйлийг дэмжихгүй ээ, үүнийг хүчингүй болгох ёстой гэж үзэж байгаа. "100 мянган хүн гарын үсгээ зураад өгөөч ээ" гэж уриалсан хүний хувьд би эхнээс нь дуустал нь явна. Ерөнхий сайдад өргөдлөө өгсөн, одоо энэ миний асуудал биш гээд хаяхгүй. УИХ руу орсны дараа ч энэ надад хамаагүй гэж орхихгүй.

Энэ дээр очлоо, энэ гишүүн аваад гарчихлаа, энд хэлэлцэхгүй байна аа, эсвэл энэ гишүүн эсрэг санал өгч байна гэдгийг би олон нийтэд мэдээлнэ. Энэ бол миний иргэний эрхийн асуудал. УИХ-ын гишүүд энэ хуулийг батлахгүй ч байж болно. Энэ нь тэдний эрхийн асуудал. Гэхдээ ард түмнээ сонсдоггүй, иргэдээ үл тоодог, 100 мянган хүнийг юу ч биш гэж боддог хүмүүсийг дараагийн сонгуулиар сонгохгүй, санал өгөхгүй байхыг уриалах боломж бидэнд бий. Үүнийгээ ч би ил тод хэлээд явж байгаа.

 

Б. ХУЛАН

ӨДРИЙН СОНИН