Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын гүйцэтгэл 30 хувьд хүрчээ
60 минутын өмнө

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болоод буй.
Ажлын явцын талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны(УБЗАА) тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Ц.Ариунбаяр "Ногоон нуур орчмын 85 нэгж талбарыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 77 нэгж талбарыг чөлөөлсөн. Одоо найман ААН-тэй тохиролцоонд хүрч, тохижилтын ажил эхэлнэ.
УБЗАА-наас газар шороо, суваг, шуудууны ажлыг гэрээт байгууллагаар гүйцэтгүүлж байгаа бол Хаан банк нийгмийн хариуцлагын хүрээнд 4.6 га талбай дээр тохижилтыг хийх юм.
Цэцэрлэгт хүрээлэнг 2027 оны гуравдугаар улиралд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна" гэж танилцуулав.
Албаны хүний мэдээлснээр цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын гүйцэтгэл 30 хувьд хүрчээ.
Нийт 4.58 га талбай бүхий тус цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламж, гүйлтийн болон дугуйн зам, авто зогсоол, задгай театр, 3х3 сагсан бөмбөгийн талбай, хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон тоглоом, дасгалын талбай зэрэг олон нийтэд зориулсан орчныг төлөвлөжээ.
Ногоон нуур орчмыг нийслэлийн төсвөөр хоёр жилийн хугацаанд тохижуулах бөгөөд нийт төсөвт өртөг нь 16.5 тэрбум төгрөг, үүнээс энэ онд 5.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталсан байна.






