Нэг охиныг автобусандаа амжуулахын тулд хоёр ч удаа тусалсан жолооч
1 цагийн өмнө

Завгүй амьдралын дунд бусдад чин сэтгэлээсээ туслах нь хэчнээн үнэ цэнтэй болохыг харуулсан нэгэн сайхан үйл явдал олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ.
Аравдугаар сарын 19-нд нэгэн охин Офицероос өөр автобусанд дамжин суух гэж яваад сүүлийн автобусандаа амжиж чадалгүй хоцорсон байна. Энэ үед тухайн чиглэлийн автобусны жолооч охиныг сандарч явааг анзаарч, дараагийн буудал хүртэл хүргэж өгчээ.
Гэвч охин дамжин суух автобусандаа дахин амжиж чадалгүй хоцрох шахсан тул жолооч ах түүнд дахин тусалж, дараагийн буудал хүртэл хүргэн өгсөн байна. Ингэснээр охин зорьсон автобусандаа сууж чаджээ.
Охин энэхүү явдлын талаар цахим сүлжээнд бичиж, өөрт нь тусалсан жолоочид талархсанаа илэрхийлсэн бөгөөд автобусных нь зургийг ч нийтэлсэн байна.
Түүний бичлэгийн дор олон зуун хүн сэтгэгдэл үлдээж, жолоочийн сайхан сэтгэл, хүнлэг үйлдлийг магтан сайшаажээ. Мөн охины өмнөөс талархал илэрхийлж, сайн сайхныг ерөөсөн хүмүүс олон байв.
Үнэндээ бидний хэн нэгний хувьд өчүүхэн мэт санагдах тусламж өөр нэгний хувьд маш том дэмжлэг болдог. Яарч сандарсан үед нь гараа сунгаж, асуудлыг нь ойлгон туслах тэрхүү энгийн үйлдэл бусдын өдөрт баяр баясал, итгэл найдвар нэмдэг ажээ.
Хүмүүсийн бухимдал, үл ойлголцол нэмэгдсэн мэт санагдах энэ цаг үед нэгэн автобусны жолоочийн гаргасан сэтгэл олон хүнд хүн чанар, энэрэл гэдэг ямар үнэ цэнтэйг дахин санууллаа.
Сайн үйлс заавал том байх албагүй. Заримдаа хэдхэн минут зарцуулсан тусламж, танихгүй хүнд үзүүлсэн өчүүхэн анхаарал олон хүний сэтгэлийг дулаацуулж чаддаг.
Тэр жолооч өөрийнхөө хийсэн үйлдлээр хэчнээн олон хүнд баяр баясал, талархлын мэдрэмж төрүүлснээ мэдээгүй ч байж мэднэ. Харин түүний сайхан сэтгэл нэг охины талархлаар дамжин олон мянган хүнд хүрчээ.
Танихгүй нэгэнд тусалсан тэр жолоочид баярлалаа. Сайхан сэтгэл бүхэн түгэн дэлгэрч, бусдад урам зориг, итгэл найдвар бэлэглэж байг.
Д.Оюунтуяа







Зочин · 60 минутын өмнө
Ямар мундаг сэтгэлтэй жолооч вэ баярлалаа. Ажилд нь амжилт хүсье