Бусдыг санаатайгаар буудан хөнөөсөн гэх хэрэгт шүүгдэгчээр татагдсан А.Мэндбаярын гэм буруутай эсэхийг шүүх хурал өчигдөр Цагдан хорих 461 дүгээр ангид болсон юм.

Эл хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн аравдугаар сард Налайх дүүрэгт хэрэг үйлдэж, хохирогчийг зургаан удаа буудаж хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байсан бөгөөд "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлаас Макао руу явах гэж байгаад баригдаж байсан.

Өс хонзонгийн сэдлээр найзыгаа зургаан удаа буудаж хөнөөсөн А.Мэндбаярт холбогдох анхан шатны шүүх хурал боллоо. Хуралдаанаар А.Мэндбаярыг өс хонзонгийн сэдлээр онц хэрцгий аргаар талийгаач Э-гийн амь насанд хүрсэн гэж 25 жилийн хорих ял оноов.

Тэрбээр талийгаач намайг байнга дарамталдаг байсан. Тэр ч бүү хэл миний найз охиныг хүчиндсэн. Тиймээс би айлгах зорилгоор сумтай буу худалдан авсан боловч нэг мэдэхэд аминд нь хүрчихсэн байсан хэмээн мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг.

А.Мэндбаярт ялын хамгийн дээд хэмжээг өгсөн боловч талийгаачийн ар гэрийнхэн энэхүү ялын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдлээ.

Х.Даваа