“Зуун чухал сэдэв” нэвтрүүлэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнол, манай орны мөнхийн хөрш болсон хоёр улстай харилцах харилцаанд сэв суулгахуйц агуулгатай, гүтгэлэг, заналхийллийн шинжтэй байгаа хэмээн үзэж Монгол Улсын Засгийн газраас мэдэгдэл гаргаж байлаа.

Энэ нэвтрүүлгийг хийсэн “Hero” студийн захирал Б.Баатарыг  шалгаж байгаа зэрэг мэдээлэл  ч цацагдаж байв. Харин Б.Баатар саяхан ярилцлага өгчээ. Тэрээр "Энэ нэвтрүүлгийг би мундагтаа биш, цаг хугацааны хувьд бид хийж таарсан. Улс орны чинь хилийг долоон газраар сэтэлж мухар төмөр зам тавьж, баялгийг нь зөөх гэж байгаа тухай сонсоод хэн дуугүй суух вэ? Төрийн ганцхан буруу алхам эх орон, ард түмний өнөөдөр, маргааш, ирээдүйн амьдралд ямар халгаатай болохыг бид нүдээр үзэх тавилантай байж. Н.Алтанхуяг гэдэг хувь хүн яахын ч аргагүй атгаг санаатайдаа биш юм аа. 25 жил анзаарахгүй орхиж, нүдээ анин тэвчиж ирсэн улс төрийн тогтолцооны гажуудал өнөөдөр биднийг энд хүргэчихлээ. Түмэн олны залбирч шүтдэг төр нь ч яасан эмзэг болчихсон юм. Цаг гучин минутын эфирийн нэвтрүүлэг хийхэд л ганхаад, саваад л, сандраад л, мэдэгдэл гаргаад л, шүүхэд өгнө, 5-6 жилийн ялтай гэж дарамтлаад. Улс төр нь өөрөө бүхэлдээ бизнес болчихсон. Хэдхэн гэр бүлийн эрх ашиг хөндөгдөөд л ирэхээр төр бүхэлдээ гуйвдаг, дайвдаг. Нарийн, бүдүүн цариг үнэндээ тэр л хүрээний асуудал. Хамаг нүүрсээ урагш нь зөөгөөд байгаа хэрнээ хэдхэн хүний халаас түнтийхээс олны амьдралд наалдаж, нялзаж байгаа юм юу ч байхгүй.

Оюунлаг дундаж давхарга олонх бол бид тодорхой хэмжээний дархлаатай гэж сэтгэл тайван байх сан. Монголчууд 1-2 жилийн цалингаасаа илүүчилж хуримтлуулаад орох орон гэрээ, унах машинаа бэлдчих хэмжээний дундаж амьдралтай байсан бол би ийм нэвтрүүлэг хийж хүний уур хүргэхгүй, уран бүтээлээ хийгээд явж болох л байсан. Даанч харамсалтай нь бид дэндүү ядуу, тэр хэрээрээ дархлаа султай байна. Тиймээс бид бодит байдлын тухай хэлж ярьж, сануулж байх үүрэгтэй, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө. Миний хүү “Ааваа та яагаад ийм юм болоод байгааг мэдсээр, харсаар байж тэр үед энэ тухай яриагүй юм бэ” гэсэн асуухад би хэлэх үггүй нүүрээ улалзуулаад суумааргүй байна. Тэрний оронд “Өвөө нь үнэний төлөө дуугарч, хэдэн жилийн ял авч байлаа” гэвэл нүүр бардам биз дээ. Болно биз дээ, мэдэж л байгаа байлгүй, арай ч үгүй байлгүй дээ гээд цаг хугацаа алдаад сууж боломгүй байгаа юм" гэжээ.