Г.Сарангэрэл нарын таван хүнийг хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд 13.00 цагаас шүүнэ. Шүүгдэгчдийн дунд насанд хүрээгүй иргэн байгаа тулшүүх хурал хаалттай болно.

Гэхдээ энэ хэрэг үнэн мөнөөр шийдэгдэх магадлал тун бага. Учир нь Х.Тэмүүжинд өс санасан бололтой Эрүүгийн цагдаагийн дарга нар, “хурган дарга” нартайгаа нийлээд  Г.Сарангэрэлийг  өмгөөлөгчтэй нь дарамталж, нийгэмд сөрөг мессежийг өгөх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан. Гэвч энэхүү хуйвалдааны бичлэгүүд  нь ил гарсан. Бичлэг нь нэгэнт ил гарсан болохоор  Эрүүгийн цагдаагийн дарга нарын энэ хэрэг өнөөдөр ТЕГ-т шалгагдаж байгаа бөгөөд эрүүгийн хэрэг үүссэн эсэх нь одоогоор нууц байгаа.

Харин энэ хэргийг шүүх гээд байгаа  Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхийн шүүгч н.Мөнх-Эрдэнэ мөн л хууль зөрчсөн байна. Тодруулбал Г.Сарангэрэлийг батлан даалтад гаргах хүсэлтийг өмгөөлөгч нь гаргаагүй байхад Г.Сарангэрэлийн батлан даалтад гаргасан.  Мөн энэ хэргийн шүүгдэгч нарыг хуулийн хугацаанаас илүүгээр саатуулж байгаа нь хууль зөрчиж байгааг, тэднийг саатуулахдаа буруу зүйл анги хэрэглэж байгаа юм.

Мөн өмгөөлөгч хүн шүүгчээс татгалзах нэг л үндэслэлийг гаргахад хэргийг  тухайн шүүгч шүүхгүй байх эрх зүйн зохицуулалт байдаг. Тэгтэл шүүгч н.Мөнх-Эрдэнээс татгалзах олон үндэслэлийг хоёр удаа гаргаад байхад н.Мөнх-Эрдэнэ энэ хэргийг би шүүнээ хэмээн зөрүүдэлж байгаа нь ашиг сонирхолын зөрчилтэй мэт харагдаж байгаа юм.

Энэхүү хууль зөрчсөн үйлдэл бүрийг баримтаар дэлгэж тавьсаар байхад яагаад хуулийн дагуу арга хэмжээ авахгүй байгаа нь бас сонин...  Хууль, хяналтын байгууллагынхан  Г.Сарангэрэл охиноор туг тахиж өөрсдийгөө уснаас хуурай авч гарах гээд уйлараад байна.  Нэгнээ “дардаг” ийм үйлдэл хэвшил болох вий дээ...

А.Баярмаа