-Бээжин дэх манай Элчин сайдын яамныхан хятад иргэдэд 1000-1500 юаниар виз гаргаж өгдөг гэх-

 Хятад болон өвөр монгол иргэд хүссэн үедээ Монгол Улсын хилээр нэвтрэх эрхтэй болжээ. Ямар ч урилга заллага гээд байлгүйгээр холбогдох хүмүүст нэхсэн мөнгийг нь өгчихвөл хүссэн хугацаагаараа виз даруулчихдаг болсон гэнэ.

Энэхүү наймааны үнэ ханш 1000-1500 юань /нэг хүн/ байдаг бөгөөд хамгийн сонирхолтой нь дээрх наймааг гардан гүйцэтгэгчид нь харь улсад эх орноо төлөөлөн суух бүрэн эрхтэй, дипломат эрх ямбатай нөхөд байгаа юм. Энэ тухай урд хөршид сурдаг танил маань тун ч эмзэглэнгүй. Тодруулбал, тэрбээр сүүлийн хэдэн жилээс газар аваад буй энэ наймааны талаар өөрийн харсан, сонссоноо өгүүлж “Элчин сайдын яам нь ийм замбараагүй байхад эх орон минь өнөөдөр биш гэхэд маргааш хятад иргэдээр дүүрсэн байх вий” хэмээн эмзэглэсэн юм.

 

 

      Түүний өгүүлснээр Бээжин хотод байдаг манай Элчин сайдын яамны гадна маш олон өвөр монгол иргэн байдаг аж. Өнгөн талаас нь харвал мань хүмүүс эх нутгаа буюу Элчин сайдын яамаа бараадсан монголчуудыг гадуур гарахад нь газарчилж орчуулга хийж өгөнгөө хэд гурван юань олж амьжиргаагаа залгуулдаг мэт харагдавч үүний цаана Монгол Улсыг худалдсан визний наймааны маш том сүлжээ байдаг гэдгийг өгүүлж байна. Товчхондоо бол Бээжинд байдаг манай улсын Элчин сайдын яамны гадна хэлмэрч хийнэ гээд байгаа өвөр монголчууд манай Элчин сайдын яаманд ажилладаг дипломат ажилтнуудтай холбоотой бөгөөд Монгол Улс руу нэвтрэх виз даруулахаар ирсэн хятад болон өвөр монгол иргэдээс мөнгө авч Элчин сайдын яаманд ажилладаг танилдаа өгснөөр визийг нь ямар ч асуудалгүйгээр, хүссэн хугацаагаар нь даруулж өгдөг ажээ. Ингэхдээ дээр өгүүлсэнчлэн нэг удаагийн, богино хугацаатай зорчих визийг хамгийн багадаа 1000- 1500 юаниар үнэлдэг бол урт хугацааных нь 5000-аас дээш юанийн ханштай гэж байна. Эндээс өдөрт хамгийн багадаа 30 хүнд виз гаргаж өгдөг гээд тооцвол уг наймаа ямар ашигтай нь харагдаж байгаа юм. Бид энэ тухай Гадаад харилцааны яаманд ажилладаг танилаасаа мөн тодруулсан. Тэгэхэд “Наадах чинь одоо яаман дээр бөөн асуудал дэгдээж байгаа. Сонин болгож хэлэхэд манай сайдын танил нь “Би хятад иргэдийн виз гаргуулмаар байна” гэж түүнд хандсан юм билээ. Сайд ч “Одоо тийм юм байхаа больсон, байхгүй” гээд халгаагаагүй гэсэн. Гэтэл хэд хоногийн дараа нөгөө хүн нь сайд руу яриад “Хятадууд оруулж ирэх визний асуудлаа болгочихсон шүү. Танайхан гаргаад өгчихдөг юм байна шүү дээ” гээд сайдыг нүүр хийх газаргүй болгосон гэсэн. Энэ тухай манай яамныхан бүгд ярьцгааж байгаа. Одоо наад асуудлыг чинь эрчимтэй ярьж урд хөршийн зарим хотод Консулаар ажиллаж байсан зарим хүнийг эгүүлэн татсан” хэмээсэн юм. Түүнчлэн бид энэ асуудалтай холбогдуулан хэд хэдэн хүнээс тодруулга авахыг хүссэн ч удахгүй бүх зуйл тодорхой болохоор мэдээлэл

 

       Энэ асуудалтай холбоотойгоор бидэнд ирсэн өөр нэг мэдээлэл нь Бээжин дэх Элчин сайдын яаманд очоод хоер жил болоогүй атлаа хагартлаа баяжсан хэд хэдэн эрхэм тэнд ажилладаг гэх яриа. Тэдгээр хүмүус нь хэн бэ гэдгийг тэнд ажилладаг ч энд байгаа яамны зарим  нөхөд шууд нэрлэх аж. Тэдний зарим нь үнэтэй машин, унадаг дугуйгаар гангарч Бээжингийн төвд хэдэн сая юаниар үнэлэгдэх байр авах нь холгүй хөлжсөн  аж. Тодруулбал, Элчин сайдын яаманд ажилладаг ажилтны нэг сарын цалин дунджаар 9000-   10000 юань атал 7000-10000   юаниар үнэлэгдэх дугуй, хэдэн     саяар үнэлэгдэх машин унан гангардагаж. Мэдээж ганцсарын     цалингаараа тийм үнэтэй бас  тансаг хэрэглээний эд авч унана гэж байхгүй. Амьдрах өртөг,  ар гэрээ тэжээнэ гээд тооцвол явдаг цалин нь илүү ч үгүй дутуу ч үгүй яг таарна. Тиймээс визний наймаагаар хөлжсөн нөхөд л иймэрхүү байддаар бэл бэнчингээ гайхуулах болсон хэмээж байсан.

 

       Энд бяцхан тооцоо хийхэд Бээжин дэх манай Элчин сайдын яамнаас өдөрт хамгийн багадаа 30 хятад иргэний виз гаргаж өгдөг гэж бодьё. Эдний нэг хоёроос хэтрэхгүй нь албаны ажлаар виз авч байгаа үлдэх нь бүнд буруу гарынхныг дарайчилдаг гэвэл эрхэм дипломатчдын халаас руу ямар хэмжээний мөнгө ордог нь тодорхой харагдаж буй юм.

 

       Энэ асуудалтай холбоотой өөр нэг ноцтой баримт дэлгэхэд Бээжин дэх манай Элчин сайдын яамны санхүүгийн албаныхан хэдэн сарын өмнө тун ч бухимдалтай явсан аж. Учир нь визний дардас буюу үнэт цаас Монголоос тоо ширхгээрээ очдог бөгөөд өдөрт хэдэн хүнд виз гаргав гэдгээсээ шалтгаалж визний асуудал хариуцсан ажилтан нь тооцоо хийдэг юм байна. Гэтэл Бээжин дэх Элчин сайдын яаманд урьд нь визний асуудал хариудаж байсан зарим нөхөд энэхүү тооцоогоо санхүүгийн албандаа гаргаж өгөлгүй нутаг буцжээ. Иймээс энэ асуудалд нарийн хяналт тавьж ажиллах, газар аваад байгаа визний наймааг зогсоох шаардлагатай гэдгийг энэ салбарынхан ярьж байсан. Яагаад гэвэл манай Элчин сайдын яамныханд мөнгө өгч шагийн виз гаргуулсан хятадууд нутаг буцах сонирхолгүй байдаг бөгөөд Монголд удаан хугацаагаар амьдарч, монгол охидтой гэр бүл болж, үлдэх сонирхол их байдаг. Өнөөдөр Монгол Улсын хилээр орж ирж буй хятад иргэдийг бүрэн хянадаг төрийн байгууллага манайд байхгүй бөгөөд үүний нотолгоо нь Улаанбаатарт босч буй барилгууд, хөдөө тавьж буй зам дээр хятадууд ажиллаж байгаагаас харж болно гэдгийг өгүүлцгээж байгаа юм. Мөн хятад иргэдэд шагийн виз гаргаж өгдөг гэх энэ наймаа ганц Бээжин дэх манай Элчин сайдын яаманд ч бус Хөххот, Эрээнд хүртэл газар авсан гэдгийг энэ салбарт ажилладаг хүмүүс хэлж, Гадаад харилцааны яамныхан яг энэ асууддаар Эрээнд сууж байсан Консулыг эргүүлэн татсан хэмээж байв.