Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж байгаа “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийн хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Импортын барааны эрсдлийг тодорхойлох шалгуур үзүүлэлт”-ийн төслийг Засгийн газрын энэ сарын 28-ны өдрийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн батлууллаа.

Ингэснээр импортын бүх бараанд хяналт шалгалт хийж, дээж авч байгаа Хилийн мэргэжлийн хяналтын одоогийн тогтолцоог шинэчлэн, эрсдэлтэй бараанд хяналт хийх, эрсдэл багатайг хяналтаас чөлөөлөх боломж бүрдэж байгаа юм. Мөн хяналтанд хамрагдах барааны нэр, төрөл тодорхой болж, гадаад худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх нөхцөл бий болж байна.    

Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийгмийн аюулгүй байдалд учруулж болох хор хохирол, сөрөг үр дагаврыг харгалзан 5744 барааг бага, дунд, их эрсдэлтэй гэж ангилна. Их болон дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн 2194 барааг Хилийн мэргэжлийн хяналтад хамруулж, бага эрсдэлтэй 3550 барааг чөлөөллөө.

Уг хяналтанд хамрагдах 2194 барааг эрсдлээр нь “Ногоон”, “Шар”, “Улаан” гэж гурав ангилна. “Ногоон” төлөвт хамаарагдах бараанд зөвхөн баримт бичгийн хяналт хийх бол “Шар” төлөвт баримт бичгийн болон биет үзлэг, “Улаан” төлөвт баримт бичгийн, биет үзлэг болон лабораторийн шинжилгээт хяналт шалгалт хийнэ. Дээрх гурван төлөвийн зөвхөн “Улаан” төлвийн бараанаас дээж авах юм байна.

Урьдчилсан байдлаар дээрх 2194 барааны эрсдлийг үнэлэхэд ойролцоогоор 35 хувь нь буюу  700 гаруй бараа нь “Улаан” төлөвт буюу эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Тодруулбал,

Их эрсдэлтэй бараанд хүн, мал, амьтныг үхэлд хүргэх, өвчлүүлэх, ургамал, байгаль орчинд нөхөн сэргээгдэхгүй хөнөөл учруулах аюултай бараа:

  • Халдварт өвчин тээгч, дамжуулагч амьд мал, амьтан, ургамал
  • Эмгэг төрүүлэгч бичил биетнээр бохирлогдсон хүнс
  • Хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй хортон шавьжаар бохирлогдсон зүйлс
  • Химийн хорт болон аюултай бодис

Дунд эрсдэлтэйд хүн, мал, амьтны эрүүл мэнд, ургамал, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх бараа :

  • Зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн үйлдвэрлэгчээс дулааны боловсруулалт хийгдсэн бүтээгдэхүүн

Бага эрсдэлтэйд хүн, мал, амьтныг үхэлд хүргэх, өвчлүүлэх, ургамал, байгаль орчинд хор хөнөөл учруулахгүй бараа:

  • Хүний эрүүл мэндэд шууд нөлөө үзүүлэхгүй /ширээ, сандал гэх мэт/
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэнд /үнэртэй ус, дарс гэх мэт/ ордог ажээ.

Засгийн газрын шийдвэрийг дагалдан гарах гурван журмыг ойрын үед батлан хэрэгжүүлнэ гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Х.Даваа