Москва, РИА Новости мэдээллийн агентлаг. 2014 оны 7 сарын 29.

Японы засгийн газрын Фукушима-1 АЦС-ын ойролцоох цацрагт хордсон газар нутгийг худалдан авч цөмийн хаягдлын агуулах байгуулах гэсэн төлөвлөгөө бүтэлгүйтлээ хэмээн "Japan Today" сонин өнгөрсөн Мягмар гариг мэдээлжээ.
 
Тус цахим сонинд бичсэнээс үзвэл орон нутгийн оршин суугчид засгийн газрын төлөвлөгөөг зөвшөөрөөгүй тул газраа зарахаас татгалзсан байна. Тэдний дунд Фукушима-1 АЦС-аас 20 км-ийн тойрог дотор оршдог, цацраг идэвхит бодисонд хэт ихээр бохирдсоны улмаас хүн амьдрах боломжгүй хэвээр байгаа газрын эзэмшигчид ч байсан аж.

Иймд Японы байгаль Орчны Яамнаас тус газрыг 30 жилийн хугацаатайгаар түрээсэлж авахаар төлөвлөж байгаа гэнэ.

Байгаль Орчны сайд Нобутеру Ишихара болон Бүтээн Байгуулалтын сайд Такуми Немото нар Фукушима мужийн захирагч Юхей Сато болон цөмийн хаягдлыг түр хугацаагаар хадгалах байршлаар сонгосон Окума ба Футаба суурингуудын захирагч нартай уулзахдаа шинэ саналаа танилцуулжээ.

Ишихара сайд өнгөрсөн сард засгийн газраас хангалттай мөнгө өгвөл оршин суугчид газраа дуртайя зарна гэж хэлснийхээ төлөө ширүүн шүүмжлэлд өртсөн юм. Энэ явдлын дараагаар Байгаль Орчны сайд олон нийтээс уучлалт гуйсан боловч түүний санал болгож буй газраа түрээслэх саналыг хүлээн авахад Фукушимагийн оршин суугчдад тодорхоуй хугацаа шаардагдах нь тодорхой.

2011 оны 3 сарын 11-нд Фукушимагийн АЦС хүчтэй газар хөдлөлт ба цунамид өртсөний улмаас тус АЦС-ын гурван реактор дотор байсан цөмийн түлш хэсэгчлэн хайлж, цацраг идэвхит бодис агаар мандал, газрын хөрс болон далайн усанд алдагдан нэвчсэн юм.  

Фукушимагийн гамшиг бол Чернобылийн АЦС-ын ослоос хойш тохиолдсон манай гаригийн хамгийн их хор уршиг дагуулсан цөмийн осол билээ.  

Фукушима мужийн амьтан ургамал цацраг идэвхит цезийд хордсоныг эрдэмтэд судалж  илрүүлсэн юм.  

 

Эх сурвалж: http://en.ria.ru