Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн холбооноос анх “Хүүхдийг эхийн сүүгээр хооллох” дэлхийн 7 хоногийн аянг “Хүүхдэд ээлтэй эмнэлгийг дэмжье” уриан дор тэмдэглэж эхэлснээс хойш 20 гаруй жил өнгөрч, жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалт тогтсон билээ.

Манай улс 1992 оноос “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтуудыг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өөрийн оронд нэвтрүүлсээр ирсэн юм.

Хүүхэд эрүүл энх, эсэн мэнд амьдрахын гол үндэс нь хүүхдийн хоол тэжээлийн юм. Монгол Улсын засгийн газраас 2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” жил болгон зарласан нь нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг сайжруулахад чухал алхам боллоо.

Нярай хүүхдийг зөв хооллох нь тэдний хоол тэжээлийн байдал, өсөлт хөгжил улмаар амьдрах чадварыг сайжруулна. Нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн хамгийн чухал хэсэг нь хүүхдийг төрөнгүүт 1 цагийн дотор ангир уургийг амлуулах, төрсний дараа эхний 6 сар эхийн сүүгээр дагнан хооллох гэдгийг олон улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа юм.

Учир нь 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхэд нь хооллоогүй хүүхдээс амьдрах чадвар нь 14 дахин илүү байдаг байна. Хүүхдийг төрөнгүүт эхний 1 цагийн дотор ангир уургаар амлуулах нь нялхасын эндэгдлийг 45% бууруулах боломжтой.

Үүний зэрэгцээ 6-23 сар хүртлээ үргэлжлүүлэн эхийн сүүгээр хооллосон хүүхэд суулгалт өвчнөөр нас барах эрсдэл 2,8 дахин бага байдаг бол эхийн сүүгээр хооллоогүй хүүхдийн нас барах магадлал нь 6-11 сартайд 56% , 12-23 сартайд 23%-иар тус тус өсдөг байна. 

Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор эх, үрийн нандин холбоо үүсч, эрүүл мэндийг хамгаалан дэмжихэд ихээхэн чухал ач холбогдолтой. Эхийн сүү нь хүүхдийн биед шаардлагатай уураг, тос, нүүрс ус, эрдэс бодис, аминдэмүүдийг хамгийн зохистой харьцаагаар агуулж тэдний өсөлт, хөгжилт, хөдөлгөөн, хоол боловсруулахад зарцуулагдах илчлэгийг нөхөж байдаг. Үүнээс гадна өөр ямар ч сүүний найрлагад байхгүй халдварт өвчин эсэргүүцэгч нян, бактери, мөөгөнцрийг устгах эсрэг биетүүдийг агуулснаараа өвчнөөс сэргийлдэг. Эхийн сүү нь дандаа шинэхэн, халуун хүйтэн нь тохирсон, орчны халуунд шингэрч, хүйтэнд илчлэг чанар нь нэмэгддэг учраас гүйлгэх, өтгөн хатах, харшил өгөх зэрэг гаж нөлөөгүй. 

Эхийн сүүгээр хооллох нь зөвхөн хүүхдэд төдийгүй эхэд сайн нөлөө үзүүлдэг гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Тодруулбал,

 - Эхийн дархлаа сайжирна. 

 - Умай сайн агшина. 

 - Жирэмслэлт хоорондын зай уртасна. 

 - Хөхний хавдар болон бусад эмэгтэйчүүдийн өвчлөл багасна. 

Дэлхий даяар жил бүрийн 8 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд "Хүүхдийг эхийн сүүгээр хооллох"-ыг дэмжих долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ оны “Эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг “Эхийн сүүгээр хооллох нь амьдрал тэтгэх алтан боломж” гэсэн сэдэв, уриалгын дор тэмдэглэх болсныг Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн холбооноос дуулгалаа.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоногийн сэдэв нь Мянганы Хөгжлийн Зорилтуудыг дүгнэх хүртэл буюу мөн түүнээс хойшхи хугацаанд эхийн сүүгээр хооллох дадлыг дэмжих, сурталчлах, хамгаалах ач холбогдлыг онцлон уриалахад чиглэгдэнэ. 

  -Эхийн сүүгээр хооллолт ба Мянганы хөгжлийн зорилгууд: 

Монголын үндэсний Мянганы хөгжлийн зорилгуудад туссан эрүүл мэндтэй холбоотой олон шалгуур үзүүлэлтүүд 2015 он гэхэд хэрэгжих бүрэн боломжтой гэсэн статистик байдаг. Хүүхдийн хоол тэжээлийн дутал, хүүхдийн өвчлөл, эндэгдэл жил дараалан буурч байна. Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийн бууралтыг улам эрчимжүүлэх, цаашдын тогтвортой хөгжлийг хангахад эхийн сүүгээр хооллохыг дэмжих нь их чухал юм. 

 МХЗ 1. Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор ядуурал, өлсгөлөнг бууруулах боломжтой: 

 Хүүхдийн эхийн сүүгээр хооллосноор өрхийн төсөвт хэмнэлт авчирна, өөрөөр хэлбэл ядуурлыг бууруулахад нэмэртэй юм. Эхийн сүүгээр хооллох нь эхийн сүү орлуулагч худалдан авах зардлаас хамаагүй хямд өртөгтэй юм. 

  МХЗ 2. Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор хүүхдийн сурах, хөгжих боломжийг хангана: 

 Хөхөө хангалттай хөхөж, хоол тэжээлийн дуталд өртөөгүй хүүхдүүд нь сурах, хөгжих чадвар өндөр байдаг ба сургууль завсардалтад хэзээ ч өртдөггүй юм. 

  МХЗ 3. Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор ялгавартай байдлыг арилгана: 

 Эхийн сүүгээр хооллох нь эмэгтэйчүүдэд заяасан онцгой эрх бөгөөд түүнийг нийгмээрээ дэмжиж, тухайлбал эхчүүдийг хамгаалах хууль тогтоомж зэрэг хөшүүргээр дэмжих нь зүйтэй. 

  МХЗ 4. Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор өвчлөл, эндэгдлийг бууруулах боломжтой: 

 Эхийн сүүгээр хооллож буй хүүхэдтэй харьцуулахад эхийн сүү орлуулагч хэрэглэж буй хүүхдэд нь амьдралынхаа эхний 6 сарын дотор эндэх эрсдэл 2 дахин, ходоодны үрэвсэлд өртөх эрсдэл 5 дахин их, арьсны харшил, чихрийн шижинд өртөх эрсдэл 2 дахин, тунгалагийн хавдарт өртөх эрсдэл 8 дахин их байдгийг судлан тогтоожээ. 

  МХЗ 5. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь эхийн эрүүл мэндийг сайжруулна: 

 Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор төрсний дараах цус багадалт, хөхний хорт хавдар, өндгөвч ба умайн хорт хавдар, ясны сийрэгжилт өвчнийг бууруулах ач холбогдолтой. Эхийн сүүгээр хооллох нь төрөлт хоорондын зайг уртасгах, ойрхон жирэмслэх эрсдлийг багасгана. 

  МХЗ 6. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь ХДХВ/ДОХ, сүрьеэгээс сэргийлнэ: 

 Эхийн сүүгээр хооллохыг вирусын эсрэг эмчилгээтэй хослуулснаар эхээс урагт ХДХВ халдвар дамжих эрсдлийг бууруулдаг байна. 

  МХЗ 7. Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор байгаль орчны тогтвортой байдлыг хангана: 

 Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор сүүний үйлдвэрлэл, эм үйлдвэрлэлийн хог хаягдал, хуванцар ба хөнгөн цагааны хаягдлыг багасгах, мөн мод, хатуу түлшний ашиглалтыг бууруулах давуу талтай. 

  МХЗ 8. Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор Хөгжлийн төлөө дэлхийн нийтийн түншлэлийг хөгжүүлнэ: 

 “Нялхас, бага насны хүүхдийн хооллолтын дэлхийн стратеги” нь салбар дундын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих бөгөөд эхийн сүүгээр хооллох болон зохистой нэмэгдэл хоолны хөтөлбөрүүдэд тулгуурлан хөгжлийн төлөө түншлэлийг хөгжүүлэх боломжтой. 

Х.Даваа