Ар Монгол ердөө л 100 хүрэхгүй жилийн түүхтэй
2014/08/03
Түүх ярих гэдэг хуучлахыг нэрлэнэ. Тэгвэл энэ удаа Ар Монголын тухай хуучилцгаая. Бүх Монгол, бүтэн Монгол, бүрэн Монгол гэж хуучлахгүй зүгээр л Ар Монгол яаж өнөөдөрт ирээд одоо өнөөдөртэй хэрхэн харьцаж буй тухай нэг үгээр хэлэхэд нэн шинэ түүх ярьж хуучилцгаая.
Ар Монгол өөрийн 100 жилийн түүхэндээ юу бүтээв? Ар Монгол Богд хаанаас хойш л Хиагтын гэрээний ачаар үлдсэндээ. Бусад Монгол өөрсдийн хувь заяандаа орхигдсон. Хойд хөрш урд хөрштэй ярилцан тохиролцож энэ алгын чинээ газар дээр хэдэн малтайгаа 500 мянга хүрэхгүй Монгол нэр зүүсэн баруун зүүн хойд урдаас ирсэн ардуудыг нийлүүлсэн. Лам хуврага ноёд хаад бүгд л хамтран нийлж нэгэн нийгэм байгуулах соёлын хувьсгал эхэлсэн. Хот гэсэн хүн төрлөхтөний хамтарч нэгдэж амьдралаа зохион бүтээдэг хамгийн хэцүү энэ насандаа үзэж яваагүй тэр их бэрхшээлтэй Монгол нэртэй хүмүүс тулгарсан. Гэр бүл, байшин сав унтдаг ор хоол хийдэг гал тогоо, халуун ус бохирын хоолой.
Дээшээ тэнгэр харж доошоо газар шүтэж амьдрах Монгол хүнд малын бэлчээр л чухал. Мал тарган бол хүн хоолтой. Хоол чухал. Хороо чухал. Хот чухал. Хот айл гэсэн ойлголт явсаар хот Улаанбаатар болцгоосон. Ар Монголыг хүн шиг болгох Орос болон Хятадын үйл хэрэг тийм ч шүд авахтай адил амархан байсангүй. Тэдний элчүүд болох Өвөр Монгол, Халимаг Монгол, Буриад Монгол гээд олон Монголууд соёлын хувьсгалд оролцсон.
Өнгөрсөн 100 жилээс өмнөх Монгол хүнтэй хамаатай түүх бол Ар Монголд тийм ч их хамаатай биш. Яагаад гэвэл Ар Монгол бусад Монголоос хэтэрхий хөндийрч өөрийн онгой замаар хөгжсөн. Сав л хийвэл дундад зууны түүх ярих гэдэг Ар Монголчууд ёстой инээдэмтэй хүмүүсдээ. Тулгат төрийн 800 жил гэж ярих бол Ар Монголчуудын түүх биш. Ар Монгол бол 100 жил баян хангалуун цатгалан явж ирсэн бас түүхийн хажуугаар бичиг үсэгтэй болж чадсан. Нийтээрээ шүү дээ. Угтаа бол ноёд хаадын авгай хүүхэд л бичиг үсэгтэй байлаа.
Мэдлэг боловсролтой золгосон тэр түүхээс л жинхэнэ түүх эхэлсэн. Түүх хүн бүтээдэг болохоос түүх хаана нэг газараас өгөгдөхгүй. Монгол хүн ямар түүх бүтээв? Монгол түүх он дараалсан үйл явдалын жагсаалт биш харин өсөж өндийж ухаан цэгцэрч боловсролтой зөрчилдөж мэдлэгтэй тулалдсан тийм л зориг хатуужилын тухай түүх байх ёстой. Энэ бол жинхэнэ түүх.
Бээжин хотоос хөөгдөж гарсан Тогоонтөмөртэй хамт явсан Азийн ард түмэн хэдийгээр Монгол гэсэн нэр зүүдэг ч тэд ихэнхдээ л төв Азийнхан байлаа. Монгол нэртэй ардууд Бээжингээс амь гарч чадсан бол урагшаа хойшоо баруун тийш зугатаасан. Ингээд зугатаасан Монгол нэртэй хүмүүсийн нүүдэл олон зуун жил үргэлжилсэн.
Чингис хааны үед шашин хоорондын дайнд ашиглуулсан. Ойрх Дорнод цаашлаад Европын шашины дайнуудад ашиглагдсан Азийн ард түмнүүд хүчтэй болцгоосон хэдий ч Хятад гэсэн том улстөрийн бодлогод уусан орж 200 гаруй жил Тогоонтөмөр зугатаан гартал наадаж наадамдаж эрэгтэй эмэгтэйгүй хөөрөг барьж хамараа тамхиар утаж өнөөдөр хүртэл найтаасаар л явцгаана даа.
100 гаруй жилийн түүх л ярих боломжтой Ар Монгол бусад Монголчуудтай хамтарч л 800 жилийн түүх ярихаас биш бүгдийг өөртөө авч бүхнийг минийх биднийх гэвэл хүүхэд зангаа дахиад л харуулна шүү. Орос, Хятад хоёр ямар Монголыг ямар болгосноо даанч мэднэ. Ар Монгол 100 жилийн өмнө хэн байж байгаад өнөөдөр хэн болов?
Түүх гэдэг судлах ёстой болохоос үнэн бэлэн түүх гэж хаа ч байхгүй. Харин хүний түүх бол худлаа биш батлах баталгаа нотлох нотолгойтой. Хүний түүх нэг үгээр хэлэхэд Монгол хүний түүх тийм ч ээдрээтэй тийм ч замбараагүй биш. Яагаад гэвэл шашин гэж зүйлтэй олигтой танилцаагүй тул шашины дайн болоогүй. Түүнээс гадна Монгол хүн маш хойно бичиг үсэгтэй болсон тул дэлхийн мэдлэг боловсролын гадна үлдсэн. Тиймээс маш цомхон түүхтэй.
800 жилийн өмнө Монголуудаар удирдуулсан Азийн ард түмэн Арабын орнуудад очиход тэнд хэдийний математик хөгжчихсөн шатар тоглоод сууж байсан. Морьтой Монголчууд шатар гэдэгтэй танилцсан. Монголууд Европын наад хэсэгт очиход тэнд хэдийний их дээд сургуулиуд байгуулагдчихсан байлаа. Харин тэр мэдлэг боловсрол гэдэгтэй Монголууд танилцаж чадаагүй.
Сүүлд 20-р зууны эхээр Ар Монгол Орос орноор дамжиж Европын мэдлэг боловсролтой өнгөцхөн танилцсан. Энэ үед Хятад оронд Манжын хаан дагаж очсон Монголууд харин бичиг үсэгтэй болж жоохон ч гэсэн хүн төрөлхтөний мэдлэгтэй бас танилцаж урд хойд хоёр хөршийнхөө хэмжээнд очих боломж гарсан. 100 жилийн өмнөх Ар Монгол ингэж Орос, Хятад хоёроос суралцаж гайгүй зүг чигтэй болсон тул Сүн Ят Сэн болон Лениний хувьсгалын дараа Ар Монгол үүсэх боломж гарч ирсэн. Заяа таарсандаа.
Ар Монгол өнөөдөр эргэн харж түүх гэж юуг хэлдэг мөн хэрхэн түүх үүсдэг тухай насанд хүрсэн хүний шинжээр харах цаг болжээ. Ерөнхийдөө Ар Монголын эхэн үед Оросоос ирсэн Буриад ардууд, өмнөөс ирсэн Өвөр Монгол ардууд болон алс холоос ирсан Халимгууд социализмд ороход тус болсон болохоос Ар Монгол биеэ даагаад энэ их мэдлэг боловсрол шаардсан социализмд орох чадваргүй байлаа. Өнөөдөр мэдлэг боловсролоос зугатаадагийн шалтгаан энэ дээ. 1 жилийн өмнө нэг яамны сайд мэдлэг боловсролгүй явсаар байгаад сайд болчихлоо гэж бахархаж билээ. 100 жилийн өмнө очсоныгоо ингэж л сайрхадаг феодал Монгол.
Түүх өнгөрсөн. Түүхийг хүн л бичнэ. Харин үлгэр домог бол маш ээдрээтэй зүйл дээ. Ар Монгол бичсэн түүхүүдтэй гэхдээ хэн бичиж орхив гэдгийг асуух хэрэгтэй. Ар Монголын 100 жилээс өмнөх Монгол хаягтай үлгэр домогуудыг түүх гэж нэрлэх боломжгүй. Үлгэр домог бол бас л захиалгаар хийгдэнэ. Гэхдээ түүхтэй адил бичигдээгүй тул яриа хэлбэрээр үлдэнэ. Цээжилсэн яриа хүнээс хүн лүү дамжихдаа өмнөх бүтэцээ алдана. Нэгэнт тархиар орж гарсан тул мартагдана, өөрчлөгдөнө, баяжуулагдана эсвэл хасагдана, ихэнхдээ гээгдэнэ. Тэр бүгдийг сонсоод цаасан буулгана. Сонсохдоо бас гээнэ эсвэл баяжуулна. Ийм социализмын үеийн түүхэн роман бичигчид бүр ч түүж бичнэ. Түүнийхээ төлөө тэд магтагдаж цол шагнал хэргэм зэрэг хүртэж эцэстээ хөшөөгөө босгуулна.
Монгол хүн яг түүхийн тухай ярихаараа Чингисийн үеийг л ярьж Чингис л болох дуртай. Гэтэл өнөөдөр 21-р зуунд Чингисээс хэд дахин илүү Чингис хэрэгтэй болчихоод байна шүү дээ.
Муу нуухаар сайн илчил гэж үг бий. Нуугаад байвал муунууд ихсээд хэзээ ч сайжрал явагдахгүй. Ерөөсөө хөгжил гэдэг бол өмнөхөөсөө буюу ээж аав эмээ өвөөгөөсөө хэд дахин давж гарахыг хэлнэ.
Нэгэнт Ар Монгол 100 хан жилийн түүхтэй тул түүнээс өмнөх түүхийг Азийн ард түмний түүхтэй хамтруулан түүх гэж хүлээн зөвшөөрч түүхийн сурах бичгүүдэд бичиж их дээд сургуулиудын түүхийн төөрөгдөлд орсон ном нэртэй байлдаантай зохиол бичдэг багш профессоруудын тархийг цэвэрлэх хэрэгтэй болжээ. Нүүдэл суудал гээд мөн ч айхтар байлдаантай ном бий дээ.
Өнөөдөр социализмын муу сурлагатанууд муугаа нууж бүгд л дипломтой болцгоож докторын цол тэдэнд юу ч биш болжээ. Үүлэн чөлөөний нар шиг мэдлэг боловсролд шамдаж явсан социализмын Монгол хүн тархины хоосролд орж түүнийгээ бясалгал хийж дүүргэхийг оролдоно. Гэтэл бясалгал хийх тархийг хөгжүүлэхгүй бүр л сулруулж оюуны доод түвшинд аваачиж яг энд хүүрнэж буй түүхийг хэрхэн завхруулдагтай адил тархийг бас завхруулна. Завхарсан тархинаас завхарсан түүхийн номууд шидэгдэн гарч ирнэ. Түүнийгээ цааш оюутан нэртэй охин хөвгүүд рүү шиднэ.
Монгол хүн түүхээ ч өөрийгөө ч нуугаад л. Өөрийгөө нуугаад л. Өрөөлийг бас нуугаад л. Монгол хүн үндэстэн болж чадаагүй гэдэгээ нуугаад л. Монгол хүн мэдлэг боловсролын түүхгүй гэдгээ нуугаад л. Монгол хүн үндэсний соёл босгож чадалгүй дуу дуулж наргиж цэнгэж концерт тоглохыгоо урлаг гэж нэрлэж нуугаад л.
Ажил хөдөлмөр хийж бүтээж өөрийгөө дайчилж чаддаггүй хулчгар найрдаг булхиатай гэдгээ нуугаад л. Монгол хүн юу ч сурч чадаагүйгээ нуугаад л. Монгол хүн нууж л нэг хийх гэснээ хийнэ. Хийснээ тооцоолж эрсдэлийг уридчилан бодох оюуны чадваргүй тул дахин дахин хийсэн алдаагаа давтана.
Монгол хүн хүүхдээрээ гэдгээ нууна. Монгол хүн насанд хүрч чадаагүй гэдгээ нуунаа.
Монгол хүн нуухын тулд хөдөлмөрийн баатар, улсын баатар, одон, шагнал цол гэх мэт хэлбэрдэж гадаад төрөхөөрөө дотоод хоосноо нууна. Дотроо их л асуудалтай. Доторгүй. Зөвхөн гадарт л засал хийнэ. Аав ээжүүд бас л гадарууд. Авгай нөхөр бас л гадарууд. Хэрвээ дотор луу орвол асуудал үүснэ. Асуудал үүсэх тул өнгөрсөнийг зохионо. Өнөөдөрөөс зугтаана. Маргаашийг ирэхгүй мэт л түүхдэнэ. 100 жил 800 жил 1000 жил 2000 жил хамаагүй. Гэтэл хамаатай 100 жилээ нууна. Монголоо гэж…
Доктор С.Молор-Эрдэнэ