Эдийн засгийн хямралын талаар дээр, доргүй ярьж байгаа энэ цаг үед Үндэсний музейн сан хөмрөгт хийж буй улсын тооллогын дүн хоёр, гурван жил дамжин гаралгүй өдийг хүрчээ.

Гэтэл ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаатарт маргаантай байгаа үзмэрүүдээ цэгцэлж, шууд дугаар олго хэмээн ашиг сонирхлын зөрчилтэй үүрэг өгч байжээ. 

Тэрбээр 2008 онд Улсын тооллогын комиссын даргаар ажиллаж байхдаа Үндэсний музейн ажилтнуудын булхайг илрүүлж эхэлжээ. Д.Сүхбаатар захирал ч музейчдийг дарамталж, маргаантай үзмэрүүдийн тоог тиглүүлж, хуурамч тайлан гаргуулан яам руу явуулж байжээ. Харин энэ тухай мэдээлэл саяхан АТГ-т хүрсэн байна. 


Үүнээс гадна тус музейн ажилтнууд тооллого хийх явцдаа өөрийн музейгээс 2387 бүртгэлгүй үзмэрийг олсон байна. Гэтэл тус музейн Сан хөмрөгийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Энхбат одоогоос хэдэн жилийн өмнө 1054 үзмэр хулгайлж зарсан хэргээр ял шийтгүүлж шоронд орсон билээ. Дээрхи үзмэрүүдийн дотор Б.Энхбатын хулгайлсан гэх үзмэрүүд ч олдсон нь олны анхаарлыг татаж эхлэв. Б.Энхбатыг алга болсон бүх үзмэрийг хулгайлсан хэмээн ял шийтгэсэн байдаг. 

Харин алдагдсан гэх үзмэрүүд нь музейдээ бүртгэлгүй хэвтэж байсан нь ийнхүү илэрчээ. Үүнээс үзэхэд музейн захиргааны хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж Сан хөмрөгийн эрхлэгч асан Б.Энхбат өөрт ахадсан ял үүрсэн бололтой. Тиймээс хууль хүчний байгууллагынхан энэхүү асуудлыг нягтлан үзэж, хэргийн үнэн мөнийг тогтоох аваас шоронд хоригдож буй Б.Энхбатын хэрэг задарч мэдэхээр болжээ.