Ард түмнээ сэтгэл хангалуун жаргалтай амьдруулж чадахгүй байж, ядахнаа өнөөдрийн хоолоо яанаа гэсэн сэтгэлгээнээс салгачих ухаан сийлж ядуурлаас гаргачих арга зам , гарц олохын оронд амьдралын дээсэн дөрөөг нь улам сулруулах бодлого баримталж гажиг хууль боловсруулж суудаг сонин хүн байна даа та, хотын даргаа.

Ямар улсад замын татвар гэж ийм их мөнгө төлдөгийг мэдмээр байна. Нэг хүнд ноогдох жилийн орлогоор дэлхийд нэгд тооцогдох болсон Швейцар улсад “хурдны зам” ашигласны төлбөр гэж жилдээ ганц л удаа 40 франк төлөөд  л зөвшөөрлийн маркаа авч унааныхаа шилэнд наагаад л болчихдог. Энэ замаар давхидаггүй өндөр настай хөгшчүүл нь (80-90 настай тэрэг барьсан настайчууд элбэг) энэ төлбөрийг төлөх шаардлагагүй байдаг. Тийм байтал хурдны замгүй манай улсад, тэр тусмаа авдаг цалин, олсон мөнгө нь хоол унд, байр сав, ус цахилгаандаа арайхийж хүрдэг ард түмнээсээ хот дотор зорчсоны мөнгө сар бүрээр тооцож (буруу мэдээлэл биш бол 50000төгрөг гэсэн байх) татвар төлүүлэх хууль баталж байна гэдэг бол туйлын буруу бодлого гэдгийг хэлмээр байна. Текникийн үзлэгт орсны төлбөр дээр нь өчнөөн мянган тонн шатахуун худалдан авч хувь нэмрээ оруулж байгаа машинтай иргэдээ ингэж дарамданд оруулж болох уу. Бид улсаа удирдаж чадахаа болилоо гэдгээ хүлээн зөвшөөрч “зайлаад” өгөх ухамсар суувал суухаар л боллоо төрийн томчуудаа. Хэдхэн гэр бүл, эрх дархтай хүнд л төрийн бодлого үйлчилдэг болсныг ерөнхий сайдаасаа авхуулаад үлгэр жишээчээр харуулж байна. Хууль зөрчсөн өчнөөн тохиолдол үйлдэж байхад, тохирсон шийтгэл оноох чадваргүй болсон хууль хяналтын байгууллагууд гайхшрал төрүүлж байна. АТГ нь шударга ажлаа хийж байгаа царай гаргаад л, ТТГ нь тэр байгууллагаа “намнах” гээд ч байх шиг.

Улсынхаа  амин чухал судас нь  болсон газрууд атлаа хэн нэг албан тушаалтны  эрх ашигт нийцүүлж ажлаа хийж байгааг ажиглаад халагламаар болжээ. За энэ талаар хэлэх үгээ үлдээж эрхэм хотын даргыг эргээд ”ноолоё”. Таны санаачилсан хуулийг нийт Улаанбаатарчууд таалахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх эсэх нь өөрийн тань оюун ухаан тань мэдэх хэрэг. Дашрамд хэлэхэд  энд төлдөг жилийн хураамж болох 40 франк бол жирийн ажилчны 1 цаг хагасын хөдөлмөрийн үнэ цэнэ гэдгийг дуулгая, харин монгол хүний хувьд 50 000 төг нь хэд хоногийн ажлийн хөлс вэ гэдгийг хүн бүр мэдэх учир таны сэтгэсэн “мөлжлөг” хэнд хэрэгтэй вэ гэдгийг та өөрөө хариулна биз.

http://www.autobahnen.ch/index.php?lg=001&page=014

                      Өгөөмөр.С                                                     Швейцарь улс